ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2017.09.16 11:09

Намрын өнгө

Image result for Намрын  өнгө

Урсгал усны чимээ сонсох нь хүнд маш их тайвшралыг өгч, мэдрэлийн ядаргааг дарахад тусалдаг. Тийм ч болохоор голын эрэг, нуурын хөвөөнд амарч, алжаалаа тайлахыг хичээдэг.

Харин намрын цагаар ой хөвчөөр аялах, байгалийн өнгийг гэрэл зургийн аппаратандаа буулгах, ой мод, тал хээрийн тансаг байдлыг харах нь хүний нүдний ядаргааг тайлах шидтэй бөгөөд нүдний чангарсан булчингуудыг суллаж, даралт бууруулдаг юм байна. Гэрэл зурагчдын хувьд намрын цагт тусгайлан маршрут гаргаж байгалийн зураг авдаг нь учиртай. Өнгөний хамгийн сайхан зохицол, уусалт, зохимж, найрсалтыг намар л харуулдаг.
Иймээс намрыг зураачид ч тэсэн ядан хүлээж будаг, бийрээ бэлддэг.
Та ч гэсэн намрын энэ налгар өдрүүдэд агаар салхинд гарахдаа намрын өнгийг удаан гэгч нь анзаарч, ширтэх нь нэгэн төрлийн эмчилгээ болно. Намрыг ерөнхийд нь алтан шаргал хэмээдэг ч 600 гаруй төрлийн өнгийг ялгаруулдаг аж. Бусад улирлаас харахгүй өнгийг харж болно гэсэн үг. Хараа муутай, нүдний бага зэргийн асуудалтай хүмүүс намар цагт агаарт гарахдаа тодорхой хугацаагаар нүдний шил, линзээ аваад тэр сайхан өнгийг мэдрэх гэж хичээвэл тустай юм.
Намрын өнгө өдөр өдрөөрөө өөрчлөгдөж, өөр өөр өнгөд хувирдаг учир боломжтой бол тодорхой давтамжтайгаар агаарт гарах нь тохиромжтой.

Д.ГАНСАРУУЛ

Онцлох нийтлэлүүд