ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.05.09 08:05

Наран мандах зүгт эх орны хил тайван байна (цуврал)

Жагсаалын талбайд хал цэргүүд бэлтгэл хийж байв. Халагдах өдрийнхөө жагсаалд жигдэрч байгаа нь энэ. Цэргүүд Штабын дарга В.Хундгаагийн ту­шаа­лаар отрядын хашаа­наас гүй­сээр гарч бял­даржуулалтын тал­байг зорилоо. Харин жагсаалын талбайд ганц цэрэг үлдэв. Буу манаж үлдсэн нь тэр. Газар тавьсан буунуудын голоор алхсанаа хашаан дотор хүн явж байгааг шалгасан бололтой гэнэт зогсч ийш тийшээ харав. Хашаанд хүн үзэгдсэнгүй. Өнөөх цэрэг хажууханд нь байрлуулсан жагсаалын заавар самбар руу харж, өөртэйгээ ярьж алхаж гарав. Хоёр алхаад март­чихсан уу, алдсан уу нөгөө самбарынхаа өмнө очиж харж байгаад дахин үргэлжлүүлэх юм. Бусад нөхдөө эзгүй хойгуур нууцхан бэлтгэл хийж байгаа нь тэр.

Удсан ч үгүй  тэнгэр хангай муудаж шороогоор шуурч гарав. Өнөөх цэрэг ч даргын тушаалаар буугаа хурааж ангийн байр руу гүйж харагдав. Отрядын хашааны эргэн тойрон дахь сумын төвийн айлууд шороон шуургатай зэрэгцэн хэцэн дээр тохсон угаасан хувцсаа оруулж байв. Онгон сумын захиргаа хилийн цэргийнхэнтэй энэ жилээс хамтарч ажиллах болжээ. Салхи шуурга, зуд турхан гээд зайлшгүй тохиолдолд хүн хүч, техник гээд хэнд юу хэрэгтэй байна түүгээрээ хамтран ажилладаг тухай Сумын Засаг даргын орлогч Үнэнбор ярив.

Гадаа шороогоор шуурч шөнөдөө цас орж магадгүй гээд Ламтын заставын харуулын байрыг зорихоор боллоо. Шөнийн 01 цагийн орчимд салхины урсгал ширүүсч, цас хаялж эхлэв. Харуулын байр хилийн 999 дүгээр баганын дэргэд байдаг юм байна. Замдаа ламтын заставаар дайрч хилчид мэдээлэл солилцоод шөнөдөө харуулын байр хүрч хонов. Нөхцөл байдалтай нь танилцахаар хотоос хаа нэг дарга нар нь л очихоос өөр хүний бараа харагдахгүй энэ газар хоёр давхар дүнзэн байшин сүндэрлэжээ. Нэг давхарт харуулын цэргүүд зурагт үзэж, хоол ундаа хийж иддэг байна. Гал тогооны шүүгээнд талх, будаа, гурил гэсэн бичигтэй савнууд байх бөгөөд аяга, тавга нь дандаа төмөр аж. Харин хоёр давхарт цэргүүдийн унтаж амрах өрөө байна. Дандаа эрчүүд амьдардаг гэхэд их цэвэрхэн, цай хоол идчихээд тэр дор нь ээлжээр угаачихдаг гэнэ. Ингээд өглөө хилийн 999 дүгээр багана дээр очихоор болов. Шөнөжин салхи балбаж хонолоо. Өглөө 09 цаг хүртэл нар гарахыг хүлээсэн боловч тэнгэр бүрхсэн үүлний цаанаас гарч ирсэнгүй. Өнөөдөр тэнгэр бүүдгэр өнжих бололтой. Харуулын байрнаас 800 орчим метр яваад өндөр толгод дээр байрлах 999 дүгээр баганад туллаа. Хилчид азын тоотой гэж 999 баганыг ихэд хүндэтгэдэг юм байна. Бүгд л малгайгаа авч, ёсолно. Оростой хиллэсэн заагт хоёр орны хилийн багана тус тусдаа байдаг бол урд хөрш, монгол хоёрын дунд нэг л багана босгожээ. Ердөө арав алхаад Хятадын хилийн тор харагдана. Тороо дагаад хилийн зурвас татчихаж. Өвөр Монголын Шилийн гол аймгийн Үзэмчин хошуутай хиллэдэг гэнэ. Айлуудын бараа харагдах бөгөөд 20 гаруй үхэр идээшилж үзэгдэв. Хятадын тал хилээ шалгахдаа тор дагаад машинаар хилчдээ буулгачихдаг гэнэ. Хооронд нь таван км зайтай буулгадаг аж. Төд удалгүй буцаж ирээд хилчдээ аваад явдаг гэсэн. Бодвол хилээ шалгаж байгаа юм байлгүй гэж харуулын цэрэг ярьсан. Энэ толгодоос Шилийн Богд, Алтан Овооны бараа харагдах бөгөөд эргэн тойронд нь галт уулын тогоо хэлбэр бүхий тогтоцтой хайрханууд их харагдсан. Харин Шилийн Богд орчмоос Эрдэнэцагаан сумын газар нутаг эхэлдэг юм байна. Эрдэнэцагаан сумын нутагт хоорондоо 30-60 км-ийн зайтай Жаргалант, Шовдол булаг, Холбоо Залаа, Бичигтийн гээд  застав олон байна. Харин отряд нь сумын төвд байрладаг аж. Ер нь хилийн цэргийн амьдрах орчин нөхцөл жилээс жилд сайжирч байгаа нь илт. Застав болгонд алба хаагч нарын амьдрах байрнаас гадна соёлын төв, зочид буудлын байртай. Жаргалантын заставын дарга хот руу мэргэжил дээшлүүлэхээр сургалтад явжээ. Эзгүй үед нь штабын дарга Тэмүүжин ангиа удирдаж байгаа юм байна. Заставын хүүхнүүдийн ахлах нь Ж.Баярмаа. Энэ заставд харин ганцхан хүүхэд харагдсан. Уг заставын хүүхнүүд хэд хоногийн өмнөөс үнээ сааж тараг бүрээд эхэлжээ. Шовдол булгийн заставт хүрэх үед нар дулаан элчээрээ ээн хөдөөгийн амар амгалан ноёлов.

Тус заставаас хөдлөөд хоёр, гуравхан км давхиад уулын хяр дээгүүр гурван буга даваад орж байхыг харав. Гэтэл Эрдэнэцагааны отрядын орлогч Б.Батсайхан, Соёлын төвийн дарга Эрдэнэцогт нар “Манай нутаг олон ан амьтан бий. Бичигтийн заставын урд хөндийд үүнээс олон буга харах болно” гэв. Ингэж явсаар “Холбоо Залаа”-гийн заставд хүрлээ. Заставынхан хээрийн сургуулилт хийж байгаатай таарав. Онц ноцтой байдал зарласан үед хэрхэн ажиллах сургалт гэнэ. Заставын даргын тушаалаар цэргүүд машиндаа үсэрч суух, үсэрч буух зэрэг бэлтгэл хийв. Мөн нохойтой эрэл хайгуулын сургалт  хийлээ. Ямар ч үед бэлэн байх ёстой учраас хэрэгтэй гэсэн бүх зүйлийг аранзандаа хийжээ. Тушаал авсан үед цэргийн хүн яаж ажиллах ёстойг байнга цэргүүдэд бэлтгэлээр үзүүлдэг гэнэ. Харин хүүхнүүд арын ажлыг дааж үлдэх бөгөөд холбоо, жижүүр гээд ямар үүрэг гүйцэтгэх ёстойгоо сайн мэдэх юм. Ямартай ч сургуулилт дуусч хоол ундаа бэлдэхээр болов. Ахлах тогооч гурван литр сүүнд нэг кг элсэн чихэр хийгээд зөөлөн галаар буцалгаж хэрхэн молоко хийхийг зааж өгөв. Ингээд харуулын цэргүүд Бичигтийн заставт хүрэх зам заагаад ээлжийн манаандаа үлдэв. Шинэ цэргүүд анх манаанд гараад “хурдан цаг болоосой , хоёр цаг юу хийнэ” гэж боддог байж. Дараа нь туршлага суугаад ирэхээрээ нэг мэдэхэд цаг нь өнгөрчихсөн байдаг гэнэ. Зарим цэргүүд заставын байрыг яг арван удаа тойроход манаа солигдож таардаг гэж хөөрөлдсөн. Тус заставын бараа алсарч Бичигтийн заставын хариуцдаг нутаг руу орж ирлээ. Бараг хилийн тор давах шахаад унтарсан бололтой түймэрт автсан тал угтав. Хэдхэн хоногийн өмнө Шовдол булгийн заставын ойрхон байрлах Баянцогтын нүүрсний уурхайгаас гал алдаж түймэр дэгджээ. Аймаг, сум, хил, онцгойгийн албан хаагчид, орон нутгийн иргэд бүгд л уг түймрийг унтраахаар хоёр хоног ажиллажээ. Хэдий галыг зогсоосон боловч Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрийн нэлээдгүй хувь нь түймэрт автсан гэх яриа байна. Гуу жалга, уулын ар өвөр бэл гээд хар үнсэн товрого болсон харагдана. Хилийн ойрхон хаваржиж байсан малчид бүгд нүүжээ. Шатсан газрын хөрс битгий хэл харлаж хатсан бутанд хүрэхэд л гар хар нүүрсэнд хүрсэн юм шиг болж байв.  Ингэж шатсан газраас амьтай бүхэн үргээ байлгүй гэж бодогдоно. Гэтэл тэр хавьдаа арай хад асгатай гэмээр уулын бэлээр таван буга ороогоод гараад ирлээ. Удсан ч үгүй 50 орчим буга гарч ирэв. Эвэр нь унасан болохоор холоос буга, согоо нь ялгагдахгүй юм. Ямартай ч тав зургаан янзага үзэгдсэн. Сүргийн манлайд явсан буга уулын хяраар гэлдэрсээр оройд хүрэн ийш тийш сортолзоно.  Хилчдийн ярьсанаар бол энд 100 гаруй буга байдаг гэнэ. Урьд цагт Егүзэр хутагт хоёр буга авчирч тэжээж нутагшуулсан нь өдгөө ийн зэрлэгшжээ. Хилчид манаанд явж, хилээ эргэхдээ бугын сүргээ дурандаж тоог нь гаргадаг гэнэ. Энэ нутагт бугаас гадна гөрөөс, зээр нутагладаг байна. Бугын сүрэг нар жаргахыг харж байгаа аятай хэсэг зогсч байгаад уулын хяр даваад цааш цувран одов. 

Үргэлжлэл бий

Д.Даваасүрэн

Онцлох нийтлэлүүд