ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.05.08 08:05

Наран мандах зүгт эх орны хил тайван байна

Эх орны өргөн уудам нутгийг торгон хилийн зурвас эмжиж, эргэх дөрвөн цагт тангараг өргөсөн хилчид нүд цавчилгүй манана. Энэ удаа бид мандах наран зүгийн хязгаар нутгийг зорилоо. Хатаж гандсан өнжүүл борог хагдарч хөл дороос хавар цагийн яргуй өндөлзөнө. Нар тэнгэрийн хаяа тийш мэхийх үеэр Дорноговь аймгийн нутагт байрлах Улаан-Уулын отрядын Харагчингийн заставт дөрөө мулталлаа. Зах нь харагдахгүй их талын хэсэгхэн газар хөндлөн гулд тогтсон толгод байх бөгөөд толгодын ар бэлд Харагчингийн заставын амьдрал бужигнана. Хятадын Шилийн гол аймагтай хил залгаа эл заставын хажуухан талд харуулын өндөр байр сүндэрлэх нь сүртэй. Буутай цэргүүд харуулын манаанд ээлжлэн гарч хол ойр хөдөлж сортойх хулгана зурмыг хүртэл андахгүй дурандаж цагийн байдлыг застав руу илтгэх аж. Говийн нутагт хаа нэг хуй дэгдэж, хуруун чинээ гүрвэлээс өөр үзэгдэх юмгүй. Харин хилийн торноос цаана гурван километрийн орчимд Хятад улсын хилийн манаа харагдана. Хилчдийн ярьж буйгаар ойрын хэдэн жил элдэв зөрчил гараагүй гэсэн. Хааяа тэнэж яваад төөрсөн урд хөршийн “бадарчин”-гууд хил давах тохиолдол гардаг байна. Энэ заставт гэрээт цэргүүд алба хаадаг юм байна.

Гэрээтийн орон тоо бий болсноос  хойш цэргийн алба хаах сонирхолтой залуус ихэсчээ. Гэрээт цэргүүд хоёр жилийн алба хаагаад сард 600 орчим мянган төгрөгийн цалин авч байна. Хот суурин газраас хол учраас мөнгө үрээд байх шалтгаан ч байхгүй. Гэр бүлээ орхиод ирсэн нэг нь сардаа цалингаасаа 100 гаруй мянган төгрөгөө бэлэн аваад дансаар тэдэндээ явуулдаг байна. Хоол хүнс, дүрэмт хувцас гээд бүгдийг л улсаас бэлдээд өгчихнө. Амьдрах байр нь хүртэл тансаг зэрэглэлийн буудлаас дутахааргүй юм билээ. Ингэхээр тэд хоёр жилийн дараа 10 гаруй сая төгрөгтэй гэртээ харина гэсэн үг шүү дээ.

Мөнгийг нь бодоод гэрээт цэргийн алба хаахаар ирж байсан зарим цэргүүд цэргийн амьдралын утга учрыг ойлгоод ирэхээрээ застав, отряддаа торгон хилээ манахаар үлддэг гэнэ. Ийм олон хүн хилийн цэргийн ангид алба хааж байна. Говийн нутгаар хөндлөн гулд давхисаар Цагаан-Овоогийн заставт хүрэв. Харагдаж үзэгдэх уул толгод ч үгүй энэ эзгүй газар хилчид өөрсдийн вант улсаа байгуулж эхнэр хүүхэдтэйгээ амьдарч байгааг харахад хотын хүүхнүүд ч гурав хонохгүй уйлаад Улаан­баатар гүйх байхдаа гэсэн бодол хөвөрнө. Цагаан-Овоо­гийн застав хад асга гээд хараг­дах юмгүй мөртлөө чулуун хороогоор хашаа хороо босго­жээ.

Сүхбаатар аймгийн Онгон сумын Онгоны отрядын салбар ангид ирсэн нь энэ. Бусад заставыг бодвол их малтай аж. Бод, бог гээд нийтдээ мянга орчим малтай. Таван хошуу мал бүгд бий. Гэхдээ ганцхан тэмээтэй. Ганц тэмээ нь ус зөөх үүрэгтэй гэсэн. Зуны цагт заставын хүүхнүүд үнээгээ сааж, сүү саалиа боловсруулж  хүнсэндээ хэрэглэнэ. Заставын малыг Пүрэвням, Одхүү хоёр малладаг байна. Энэ хоёрт цаг нөхцөөхөд тусладаг ганц найз нь хөгжим. Флашаараа сүүлийн үеийн дуу хуулуулж авчраад сонс­чихно. Өдөрт хоёр хоол хийж иднэ. Дандаа цуйван, хааяа шөлтэй хоол хийж иддэг тухайгаа хөөрөлдөв. Ер нь хилийнхнийг мал хуй өсгөж, жимс жимсгэнэ түүж, хүнсний ногоо тарьдаг арчаатай айлын нэгэн тод жишээ гэмээр. 

Анх залуучууд цэрэгт ирээд мал төллөх үеэр хурга ишигнийхээ эхийг танихгүй будилна. Хэд хоноод 200 гаруй хурга, ишгийг дорхноо нүдэлдэг талаар заставын дар­га Мөнхбаатар ярьж байсан. Малын хашааны өмнөхөн хөшөө босгосон хоёр булш харагдсан. 1980-аад оны үед тус заставт алба хааж байсан ахлах ахлагч, байлдагчийн хамт цасан шуурганаар төөрч амиа алджээ. Эрлийн баг олох үед тэрээр байлдагчдаа өмсч явсан хамаг хувцасаа тайлж өгөөд өөрөө осгосон байжээ. Тайван цагт эх орныхоо төлөө мөнх бусыг үзсэн цөөнгүй хилчин байдаг гэсэн. Тиймээс Хил хамгаалах ерөнхий газар болон салбар ангиуд тэдний эр зориг алдар нэрийг мөнхжүүлэх ажил өрнүүлж байгаа. Тайван цаг гэснээс дайны үед нуувчинд отолт хийж байсан газартай хаяа дэрлээд малчид нутагладаг юм билээ. Малчид малаа маллаад зогсохгүй эх орныхоо хилийг манана. Нэг ёсондоо хилийн цэргийн туслах хүчин гэсэн давхар алба эрхэлдэг гэсэн үг. Шуурганд хил тулаад мал хуй ороод ирвэл хилчдийнхээ хамт хоргоож, эзэнд нь буцааж өгөхөөс эхлээд хилчдээс дутахааргүй сонор соргог малчид байсан. Малчин С.Энхбат “Манайх үе удмаараа туслах хүчин явсан. Хилчидтэй мөр зэрэгцээд эх орныхоо хилийг манаж байгаа гэж бодохоор үнэхээр сэтгэл огшдог юм” гэв. Мэдээж хилийн дээстэй ойрхон нутагладаг болохоор санаа зовних үе байх ч хилчдийнхээ ур чадварт тэр хавийн айлууд ихэд итгэж найддаг нь илт. Арга ч үгүй биз. Эх орныхоо хилийг хэр баргийн өвсөнд бүдрэхээргүй аавын хүү хаах нь ойлгомжтой.  Баянтөхөм, Бударын застав гээд үнэхээр ч даргын тушаал, эх орондоо өргөсөн тангараг гээчийг жинхэнэ утгаар нь мэдэрсэн эрчүүд л хилийн ангид үүрэг гүйцэтгэж байна. Бударын чулуун дундах заставт Баясгалан гээд цэрэг алба хаадаг байж. Тэрээр нэг өдөр хоёр цэргийн хамт харуулд гарч байсан гэнэ. Гэтэл Хятадын иргэн хил давж баригджээ. Тухайн үед баригдсан этгээд өөрийгөө мэргэшсэн тагнуулч болохоо хэлсэн бөгөөд “Би танай гурван цэрэг битгий хэл арван хүн байсан ч өлхөн дийлнэ. Гэхдээ танай тэр бор цэргийн харцыг бараагүй, баригдчихсан. Тэр нүдээ нэг ч цавчаагүй, зоригтой эр” гэжээ. Ингэж онц ноцтой тагнуулыг барьсан удаатай. Баясгалан гэх цэргийг алдаршуулсан хад хүртэл байдаг аж. Ер нь Бударын  застав хааш хаашаа гурав, дөрвөн километр үргэлжлэх том хад цохиотой. Гэхдээ энэ байгалийн онцлог бүхий газар урд хөршийн нутагт үргэлжлэн тогтсон. Манайд зөвхөн энэ өвөрмөц тогтоцтой газрын 30 хувь нь үлджээ. Бударын застав Онгоны отрядтайгаа ойрхон байршдаг юм билээ. Хил дагасан заставынхан хоорондоо дотоод холбоогоор мэдээлэл солил­цохоос биш гар утсаар хүссэн үедээ аав, ээж, найз нөхөд, эхнэр хүүхэд рүүгээ ярина гэж байхгүй. Зайлш­гүй хэрэг гарвал дор хаяж 60-70 км давхиж байж сумын төв орж ярьдаг гэсэн. Хол болохоор сардаа л нэг удаа сум орж утсаар ярьдаг тухайгаа хилчид ярьсан. Үнэндээ хот газар шиг машин зам дээр түгжирч нэг нэгнийгээ харааж, зүхэж бухимдахгүй, толгой амраахгүй утас байнга хангинаж стресстэхгүй ёстой л амар амгалан хөдөөд байна. Ялангуяа хилчид удам дагаж хүслээрээ энэ хол газар ирсэн гэх. Түүнчлэн үр хүүхдээ хилчин болгоно гэсэн битүүхэн хүсэлтэй.

Хэдий санаа зовох зүйлгүй, сэтгэл амар амьдарч байгаа ч гэсэн жил бүрийн өдийд хилчдийн сэтгэлд жаахан гуниг сэвэлзээд эхэлдэг гэнэ. Учир нь нэг жилийн хугацаат цэргүүд халагдах дөхөөд тэр. Гэвч дахиад л шинэ цэргүүд ирнэ.

Гэхдээ цэргүүд халагдах өдрөө хоног тоолон хүлээдэг үе өн­гөрсөн талаар Онгоны отрядын захирагч С.Энхсүх ярьсан. Энэ жил халагдах цэр­гээс нэ­лээд хэд нь отряддаа үлдэхээр өргөдлөө өгчээ. Учир нь цэргийн ангийн талаар төсөөлөлгүй явсан залуус хэдий нэг жил алба хаагаад буцаж байгаа ч эх орон, эр хүн гэж чухам юуг хэлээд байгаа тухай бага ч гэсэн ойлголттой болдог байна. Ангийн захи­рагч шинэ цэргүүдийг цэргийн тангараг өргөснийх нь дараа халхын сайн эр Торой бан­дийн домогт Шилийн богд уулнаа гаргаж эрийн тангараг өргүүлдэг гэнэ. Мөн Алтан овоо зэрэг байгалийн түүх дурсгалт, үзэсгэлэнт газрууд­тай танилцуулдаг нь цэргүүдэд ихэд нөлөөлдөг талаар отрядынхан ярьж байна лээ. Үүний тод жишээ бол ахлах түрүүч Б.Мөнх-Эрдэнэ. Тэрээр хилийн цэргийн ангидаа үлдэх өргөдөл өгчээ.

Түүнтэй цөөн хором ярилцсан юм.

-Нутаг хаана вэ?

- Дорноговь аймгийн Айраг сумаас ирсэн.

-Цэргийн алба хаах ямар байна?

-Маш гоё. Манай зарим найзууд цэргийн алба хааж ирээд намайг цэрэгт яв гэж ятгасан. Би цэргийн анги, тэр дундаа хилийн анги ямар байдаг талаар ойлголтгүй ирсэн. Цэрэгт татагдсан анхны өглөө 6.00 цаг гээд босох тушаал сонсоход нойроо дийлэхгүй ийм хэцүү юм уу гэж бодож байлаа. Одоо бол хэдэн ч цагийн манаанд гарсан нойрмоглохгүй шүү.

-Цэргийн ангид ирээд юу сурав?

-Ороо ёотон хурааж сурсан. Өнцөг булан бүр нь дөрвөлжин яг л ёотон шиг харагдахаар гэсэн үг. Бараг 14 хонож байж сурсан. Бас турник дээр бүтэн сонс эргэж сурсан.

-Анх цэрэгт ирэхдээ хэд суниадаг байсан бэ?

-20.

-Одоо хэд суниаж байна?

-Доод тал нь 60 суниадаг болсон.

-Өөрийг тань их авьяастай гэх юм билээ?

-Би хотод Хөгжим бүжгийн коллежийг төгссөн. Лимбэ, төгөлдөр хуур тоглодог. Одоо отрядад ямар нэгэн арга хэмжээ болвол хөгжим тоглоно. Бас цэрэгт ирээд Задгай цагаан, Хүмүүн төрөлхтөн зэрэг арван бүжиг сурсан.

-Яагаад цэргийн албанд үлдэхээр шийдэв?

-Цэрэгт явна гэдэг маш сайхан санагдсан. Тэр тусмаа эх орныхоо хилийн манаанд зогсоно гэдэг бахадмаар юм билээ. Миний үеийн залуус эх орон, миний Монголын газар шороо гэж ирээд л ярьдаг. Ядаж нэг жил алба хаагаад харуулын манаанд зогсоод үзвэл жинхэнэ эх орон гэж юу байдгийг мэдрэх болно. Наад зах нь хувь хүний зохион байгуулалттай, алхаа гишгээ хүртэл чанга болдог юм байна. Тэгээд ч хотод очоод хийх ажилгүй байснаас төрд зүтгээд, цэргийн хүн болох нь  дээр гэж бодсон гэв. 

Б.Мөнх-Эрдэнэ шиг бо­дол­той залуу олон байсан. Түүнчлэн өвөө, аав гээд удам дамжсан хилчид ч байна. Отрядын Сэтгэлзүй, соёл, сурталчилгааны албаны ахлах ажилтан Б.Баярмагнай Ховд аймгийнх бөгөөд өвөө Лхамжав, аав Бямбажав нар нь хилчин байсан гэнэ. Тэрээр дөнгөж 20 гарч яваа ч барилдана, дуулна, шүлэг уншина, бөх цоллоно, тайлбарлана гээд элдэвтэй нэгэн. Хүнгэнэсэн сайхан хоолойтой. Цагдаагийн ерөнхий газрын нэрэмжит наадмын бөхийг гурван жил дараалан тайлбарлажээ. Тэрээр мөрөөд­лөө дагаад урлагийн салбарт хүч сорих байсан ч удмынхаа хувь заяа, сэтгэл зүрхнийхээ дуудлагаар хилийн хязгаарт иржээ.

 Үргэлжлэл бий

 Д.ДАВААСҮРЭН

Онцлох нийтлэлүүд