ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2014.06.08 12:06

Нас чацуу хүүхдүүдтэй нэг албаныхан

Нэг ангийнхныг нэг салбарт, тэр дундаа нэг анги болгон дахин нэгтгэж чадсан  газар бол Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги юм. Онцгой байдлын хурандаа Д.Чинзориг захирагчтай тус ангид оюутны ширээнд тохой нийлүүлэн сурч байсан онжавууд олон бий. Монгол Улсын хэмжээнд эрэн хайх аврах үйл ажиллагаа гүйцэтгэдэг тус анги 200 гаруй аврагчтай. Тэдний ихэнх нь Батлан хамгаалахын болон Хууль сахиулах их сургуулийг төгсөөд ийшээ хуваарилагдсан байна. Зарим нь ч хүсэл сонирхлоороо аврагч болохоор уг ангийг зорин ирцгээж амьдралын гараагаа эхлүүлжээ. Аврах ангид ирсэн шинэхэн төгсөгчид шууд гамшгийн үйл ажилла­гаанд ханцуй шамлан орол­цоно гэвэл эндүүрэл. Тэд хамгийн түрүүнд сэт­гэл зүйн бэлтгэлтэй болох ёстой. Цаашлаад гамшгийн үед самбаатай ажиллах ур чадварыг эзэм­шихийн тулд сургалтад хам­рагддаг. Ингэж байж үер ус, газар хөдлөлт, галын аюул, нуранги гээд гамшгийн нөхцөлд ажиллах чадвартай жинхэнэ аврагчид болдог юм байна. Сургалтад хамрагдагсдад 2004 оноос хойш номын дуу зааж буй багш бол хурандаа Ц.Баттулга. Түүний хувьд “алтан шавь нар маань” гэж бахархдаг 20 гаруй шижигнэсэн залуу бий. Орон нутгийн болоод олон улсын хэмжээний аврах үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон амжилтын эздийг “Нэг ангийнхан булан”-даа онцолж байна.  

 “Багшдаа нэг шавхуурдуулсан байхад долоо хоног нам шүү дээ”

Онцгой байдлын алба хаагчдын дунд зохион байгуулагддаг “Аврагч” тэмцээн 2006 оноос хойш тасалдаад байсан. Тэгвэл энэ уралдаан өчигдөр Тахилт дахь хээрийн сургуульд бол­сон юм. Тэнд орон нутгаас ирсэн алба хаагчид олон тө­рөлд өрсөлдөв. Энэ тэм­цээнийг Аврах тусгай анги удирдан зохион байгуулж, шүүгчээр оролцож байлаа. Урьд жилүүдэд зохиогдож байсан энэ тэмцээнд тус анги тэргүүлдэг байсан нь Ц.Батсүх багшийн дасгалжуулалттай шууд холбоотой гэж шавь нар нь ярилаа. Мөн тэд 2005, 2006 онуудад ОХУ-д зохион байгуулагдсан олон аврагчдын тэмцээнээс хоёр удаа алтан медальтай иржээ. “Аливаа тэмцээн уралдааны өмнө багш биднийг алтан медаль авах ёстой гэсэн шаардлага тавьж, маш их шахдаг байлаа.

Үүнээс нь халширч, багшаас зугтаах тохиолдол олон. Баригдчих юм бол багш хөөнө, өмнөхөөсөө ч илүү шавдуулж бэлтгэл улам сайн болдог сон” гэж аврагч Н.Хуягбаатар дурсан ярилаа. “Бэлтгэлээ таслах юм уу, залхуурвал багшдаа нэг шавхуурдуулахад долоо хоногтоо ёстой нэг номондоо орох шиг болно шүү дээ. Турникэн дээр дүүжлэгдээд ахиж чадахгүй бол халгайгаар ороолгох үе ч гарна. Уяачид мориныхоо шилэн хүзүүн дээрээс нь бариад хэрхэн яаж хурдлахыг мэддэг шиг манай багш бидний судсыг атгаж үзээд л андахгүй” гэж аврагч Ж.Баяртогтох нэмж хэлсэн юм. Тэдний ярьсанд Ц.Баттулга багш бяцхан “залруулга” хийв.  Тэрбээр “Одооны хүүхдүүдийг шавхуурдвал уйлаад сүйд болно байх. Харин манай энэ хэд гарын ая сайн даана. Эмэгтэй хүүхдүүдэд үг хэлэхээр дор нь хүлээж авдаг. Харин харчууд бол тоохгүй шүү. Эднийг бэлтгэлээс зугтаж гүйвэл одоо би гүйцэхгүй л дээ. Машинтай хөөвөл юу юм гэхээс” гэж хошигнолоо. Ц.Баттулга багшийн 20 гаруй шавь Цэргийн гавьяаны улаан тугийн одонтой ажээ.

Усан дор гацуур мод засч, оргилуун дарс буудуулан 

шинэ жилээ тэмдэглэсэн нь

Арав гаруй жил нэг ангид “сурч”, өнгөрсөн он жилүүдийн ихэнх өдрүүдийг хамтдаа үдсэн Аврах тусгай ангийнхны ур чадварууд бусад орны аврагчдыг хэдэнтээ алмайруулсан түүхтэй аж. Өмнөд Судан улсад энхийг сахиулах үйл ажиллагаанд нэг ширээний хоёр болох Д.Батчулуун, Ж.Баяртогтох нар 2012-2013 онд оролцсон юм. Тэд тус улсад энхийг сахиулах үйлсэд манайхаас оролцсон анхны аврагчид. Эднээс гадна нийтдээ 27 аврагч Суданд үүрэг гүйцэтгэжээ. Тэд Нил мөрөнд завьтай эргүүл хийдэг байж. Тэр үедээ НҮБ-аас өндөр үнэлгээ авсан гэнэ.

Японд цунами нүүрлэхэд арав гаруй залуус очиж эрэн хайх аврах үйл ажиллагаа гүйцэтгэсэн дээ. Арлын орон руу явсан аврагчид мөн л тэд. “Байгалийн гамшиг арлын оронд тохиолдоход манайхаас 13 аврагч тус улсыг зорьсон юм. Манай хэвлэлүүд энэ тухай маш их мэдээлж, бид сэтгэл зүйн бэлтгэлээ бүрэн хангаад очлоо. Гэтэл Токио хотод нам жим байх нь тэр. Цунами нүүрлэсэн дүүрэгт хандивын аян өрнөж байв. Гайхаад асуутал ард түмнээ тайван байлгах гэж сонин, телевизээр ямар нэгэн мэдээлэл цацаагүй гэсэн. Ингээд бид нурангинаас том том хавтгайнуудыг гараараа өргөөд зөөж гарсан. Гэтэл гадны аврагчид гайхаад жигтэйхэн. Тэд тусгай багаж ашиглан зөөж байсан юм. “Монголчууд ийм ажилсаг хэрэг үү” гэцгээгээд. Бид хариуд нь “Ажилсагдаа ч биш л дээ гараар өргөж дийлэх зүйлээ багаж ашиглан цаг алдах хэрэггүй” гэж  тайлбарласан”  гэж Н.Хуягбаатар өгүүлсэн юм. Монголд анх удаа 50 метрийн гүнээс дүүрэн шатахуун ачсан машин гаргаж ирсэн хүмүүс бол мөн л эдний ангийнхан. Тэд 2012 оны өвөл усны гүнээс дүүрэн шатахуун ачсан машин гаргажээ. 

2011 оны хоёрдугаар сард “Петровис”-ын “Урал” маркийн хоёр машин Хөвсгөл нууран дээгүүр явж байгаад цөмөрч орсон талаарх мэдээлэл тухайн үед хэвлэл мэдээллээр цацагдаж байв. Мөсөн дээгүүрх замаа буруу тооцоолж явснаас болж хоёр машины нэг нь цөмрөн усны гүн рүү орсон юм. Харин нөгөөх нь мөсөнд хавчуулагдчихсан байжээ. Аврах тусгай ангиас Ж.Баяртогтох, Д.Батчулуун нарын долоон хүнтэй бүрэлдэхүүн тийшээ очжээ. Аврагчид цаг агаарын маш хүйтэн нөхцөлд усны гүнд 25-30 метрийн гүнд үүрэг гүйцэтгэх чадвартай багажаар хоёр дахин илүү гүнд орж, шатахуунтай машиныг амжилттай татан гаргажээ.  “Усны гүнд ороход өвлийн нөхцөл учраас дээрээ мөстэй, дороо азотын хордолтод орох аюултай байдаг. Маш өндөр даралттай ус руу ороход эрсдэл өндөр. Усан доорх 50 метрийн гүний даралтыг хэмжвэл жижиг машины дугуйг зад буудахаар. Тухайн үед зуултуур нь хөлдөж, үүрэг гүйцэтгэхэд хүнд байсан. Дээшээ гарахдаа минут гаран амьсгаагүй байж, арайхийн цооногоо олж гарч ирсэнээ санадаг юм” гэж Ж.Баяртогтох дурсан ярилаа. 

Тэд өнгөрсөн өвөл Өгий нуурт усан доор сургуулилт хийжээ. Хэдийгээр шинэ он гарчихсан байсан ч гэсэн усан дор тэд баяраа тэмдэглэсэн байна. Усны гүнд гацуур мод засч, оргилуун дарс буудуулсан гэхээр та итгэж байна уу. Тэгвэл манай аврагчид үүнийг төвөггүй хийхээр чадвар эзэмшсэн мундаг залуус аж. Тэд гацуур модны оройг тусгай багажаар мөсөнд бэхлэн тогтоожээ. Дараагаар нь оргилуун дарсаа усанд буудуулж, сүлд модоо тойрон шинэ жилийн баяр тэмдэглэжээ. Сүүлийн жилүүдэд манай аврагчдын ур чадвар өсөн дээшилж байгаагийн нэг жишээ энэ юм. 

“Эмэгтэй аврагчдаа хайрлахыг мэдэхгүй”

Ингэж хэлэхээр хэтэрхий хатуу мэт сонсогдож байгаа байх. Гэхдээ аврагчдын хувьд эр, эм, нас, хүйсийн ялгаа байхгүй болохоор эрчүүд нь энэ тухай ингэж л ярьж байна лээ. 

Эмэгтэй аврагчид аливаа осол, аваар, гамшгийн үед эрчүүдтэйгээ адил ачааллыг тэнцүү үүрдэг юм байна. Аврах тусгай ангийн хувьд 20 гаруй эмэгтэй аврагчтай. Бусад үед эрчүүдтэйгээ эн зэрэгцэхүйц ана мана байдаг мөрдөстэй бүсгүйчүүд маань “Мартын 8”-наар ёстой нэг хатан хаан шиг байдаг гэнэ. 

Эмэгтэй аврагчдын хувьд тэр бүр нурангин доороос хүний цогцос зөөж, усны гүн рүү шумбаад байдаггүй.Голдуу холбоочин, зааварлагч, эмчээр ажилладаг байна. Шаардлагатай тохиолдолд эрчүүдтэйгээ ижил үүрэг гүйцэтгэж байсан тохиолдол цөөнгүй гэсэн.

“Их түймрийн хүүхдүүд”

Баяр ёслол, амьдралын торгон агшин, тэмдэглэлт өдрүүдээс олонтаа хоцорч байсан хүмүүс бол яах аргагүй онцгойгийнхон. Гамшиг осол хэлж ирдэггүй болохоор хэзээ ч хэнд ч юу ч тохиолдож болно. Тэр болгонд байнгын бэлэн байх ёстой хүмүүс бол аврагчид. Тэд зөвхөн ажилдаа хамаг анхаарлаа хандуулна. Ар гэрээ авч явах үүрэг хань ижлүүдэд нь оногддог аж.

Хаана түймэр гарна тэнд л аврагчид бөөн бөөнөөрөө очдог шүү дээ. Тиймээс аврагчдын хүүхдүүд голдуу нэг онд бүр нэг сард төрцгөөсөн байдаг гэсэн. Үүрэг гүйцэтгэхэд явж, ирэх хугацаа нь адилхан болохоор  эхнэрүүд нь голдуу ижил хугацаанд амарждаг гэж “нэг ангийнхан” ам уралдуулцгаав. Хүүхдүүдээ бүр “Их түймрийн хүүхдүүд”, “Хүдэрийн түймрийн хүүхдүүд” гээд нэрлэчихсэн. Он оноороо насны ялгаатай дэрсхэн жаалууд аврагчдын гэрт өсөж торницгоож байгаа гэнэ. 

Шинэхэн төгсөгчдийг сургасан нь

Онцгой байдлын алба бол эрсдэл өндөртэй болохоор хэр баргийн хүн ийшээ зүглэхгүй. Ёстой л олон аавын шигшмэл хөвгүүд зориглон ирдэг газар. Сургуулиа төгсөөд ирж байгаа шинэхэн боловсон хүчний хувьд ах нарынхаа цогцос зөөж, гаргаж байгааг хараад хэдэн өдөр, шөнө зүүдэлж, хар дардаг гэсэн. Унтаж байгаад цочиж сэрэх нь энгийн үзэгдэл гэж тэд ярив. За тэгээд ах нарынхаа хатуухан тоглоомонд хааяа өртчихдөг гэж байгаа. Хэдэн жилийн дараа туршлага суугаад ирэхээр өөрсдөө дүү нараараа тохуурхах хөгжилтэй явдлууд ч олон аж. Задлан шинжилгээний өмнө баахан юм ярьж, хоолноос “гаргах” нь энүүхэнд. Үүнийгээ энгийнээр сэтгэл зүйн бэлтгэл хангах дасгал гэж нэрлэдэг бололтой. Амьдрал дээр тэрнээс илүү олон гамшигтай нүүр тулах болохоор сэтгэлийн хаттай, бэлтгэлтэй байх нь юу юунаас чухал аж. Ц.Баттулга багшийн шавь нар Сэлэнгэ аймгийн Хүдэрт гарсан түймрийг унтраахаар явахдаа 100 км газрыг гурав хоног туулж, хоёр өдөр хоолгүй гүрийж байсан тохиолдол ч бий гэнэ. Нэг удаа Булган аймгийн нутаг дэвсгэрт гарсан түймрийг унтраачихаад буух гэтэл ширүүн бороо орж, бүгд шалба норж, бээрцгээжээ. Гал асаах гээд хэнд ч шүдэнз байсангүй. Гэтэл нэг аврагч нь ихэд нандигнан боосон ганцхан ширхэг шүдэнзний мод  гаргаж иржээ. Юмыг яаж мэдэхэв гээд шүдэнзний толгойг лааны тосонд дүрээд далд хийсэн байж. Тэр ганцхан ширхэг шүдэнз залуусыг аварчээ. Бусад аврагчид нь айлын малын саравчнаас зомгол ховхлон авчирч галтай залгасан гэнэ лээ. Энэ мэт өөрсдөө аврах ажиллагаанд яваад эрсдэлд орох магадлал өндөр байдаг аж. Өндрөөс буухдаа хөл, гараа шалбалах, түймэр унтраах гэж байтал салхи гэнэт эргэх мэт аюулыг аврагчид байнга сөрнө.

Дээрээс нь эрэн хайх ажиллагаа явуулж байхад ар гэрийнхэн нь нэрмээс болох нь юу ч биш. Усанд осолдсон хүний цогцсыг хайж байхад нь ар гэрийнхэн нь лам, бөө нар авчираад “Энд л байна” гэж эрлийн ажиллагаанд саад болно. Уг нь аврагчид усны урсгал, тогтоол зэрэг бүх зүйлийг судлаад эрэн хайх ажиллагаа явуулах дүрэмтэй улс.

Монгол Улсын иргэний хамгаалалтын газар, Монгол Улсын нөөцийн газар, Гал түймэртэй тэмцэх газар нэгдээд Онцгой байдлын ерөнхий газар байгуулагдаад арван жил болж байна. Харин Аврах тусгай анги бол 78 жилийн түүхэн замналтай. 

Нэг үеэ бодвол манай онцгойгийнхны хувцас хэрэгсэл, багаж хэрэгсэл сайжирчээ. 2013-2014 онд гамшгийн нөхцөлд хэрэглэдэг багаж хэрэгслээр 70-80 хувь хангагдсан байна. Монголд анх удаа агаараас буюу нисдэг тэргээр барилга байгууламжаас аврах үйл ажиллагааны сургалтыг Дархан-Уул аймагт  амжилттай зохион байгуулсан тухай өчигдөр болсон “Аврагч-2014” тэмцээний үеэр ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж онцолж байсан юм. Энэ мэт сургалт хичээлүүдийг тогтмол явуулж, 2014 оноос онцгой байдлын албаны стандарт журмыг батлан мөрдөж байгаа аж.

М.МӨНХЦЭЦЭГ


Онцлох нийтлэлүүд