ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2014.09.02 01:09

НАТО-гийн 7 орон Оросын эсрэг шуурхай ажиллах хүчин байгуулна

НАТО-д багтдаг долоон орон “Украины хэрэгт Орос хөндлөнгөөс оролцож байгаагийн” хариуд батлан хамгаалах хүчээ зузаатгах төлөвлөгөөний хүрээнд түргэн тусгаж, шуурхай ажиллах хүчин байгуулна.

“Financial Times” сонинд бичсэнийг иш татан Ройтерс агентлаг ингэж мэдээлсэн байна. Тус сонинд дурдсанаар, шинэ бүтэц нь наанадаж 10 мянган цэрэгтэй байх ажээ.

Энэ хүчин нь шуурхай ажиллаж, тогтмол сургуулилт хийх зорилгоор явуулын хамтарсан ангиуд байгуулах зорилготой юм. Британийн удирдлагад ажиллах бөгөөд агаарын цэргийн болон тэнгисийн цэргийн анги салбар, түүнчлэн хуурай замын цэрэгтэй байна гэж сонинд бичжээ.

Төсөлд Дани, Латви, Эстон, Литва, Норвеги, Нидерланд зэрэг улсууд оролцоно. Үүнээс гадна, Канад улс оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон есдүгээр сарын 4-5-нд НАТО-гийн дээд хэмжээний уулзалт болох Уэльст ийм хүчин байгуулах тухай зарлах төлөвтэй байна. Энэ уулзалтаар тус эвслийн зүүн хил хязгаарыг бэхжүүлэх урт хугацааны төлөвлөгөө хэрэгжүүлэхээр төр, засгийн тэргүүн нар тохиролцох бодолтой байгаа ажээ. Оросын дипломатчдыг энэ арга хэмжээнд уриагүй байна.

Украинд болж буй хэрэг явдалтай холбогдуулан Зүүн Европт шинэ цэргийн баазууд байгуулахаар төлөвлөж байгаа тухай НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен лхагва гаригт мэдэгдсэн юм.

Эвслийн тэргүүн энэ алхамыг Балти орчмын нутгийг Оросын ерөнхийлөгч Владимир Путинээс хамгаалах оролдлого хэмээн тодорхойлжээ. Үүнээс гадна, НАТО Оросын аюулыг сөрөн зогсоход нь зэвсэгт хүчнээ шинэчлэхэд Украинд туслахаар амласан байна.

Онцлох нийтлэлүүд