ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.10.26 05:10

Нийгмийн даатгалын байгууллага болон байцаагчийн дүрмийг шинэчиллээ

"Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм", "Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм", "Нийгмийн даатгалын байцаагчийн мэргэшлийн зэргийг тогтоох, зэргийн нэмэгдэл олгох журам" зэргийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шинэчлэн баталлаа. Нийгмийн даатгалын тухай хуулийн 261 зүйлийн 3-д "Нийгмийн даатгалын байцаагч мэргэшлийн зэрэгтэй байна. Мэргэшлийн зэргийг тогтоох, зэргийн нэмэгдэл олгох журмыг Засгийн газар тогтооно" гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор нийгмийн даатгалын байцаагчид мэргэшлийн зэргийг тогтоох, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журмыг баталлаа.

Нийгмийн даатгалын байцаагч нь итгэмжит зөвлөх, зөвлөх, тэргүүлэх гэсэн мэргэшлийн зэрэгтэй байх бөгөөд нийгмийн даатгалын салбарт 10-аас дээш жил үр бүтээлтэй ажиллаж байгаа, дадлага туршлагатай, ёс зүйтэй, мэдлэг чадвартай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн улсын байцаагчид мэргэшлийн зэрэг олгоно. Өнөөдөр нийгмийн даатгалын салбарт 1500 орчим ажилтан ажиллаж байгаагийн 585 нь нийгмийн даатгалын улсын байцаагч. Тэдний 50 орчим хувь нь нийгмийн даатгалын байгууллагад 10-аас дээш жил ажиллаж байна. Уг дүрэм, журам батлагдсанаар нийгмийн даатгалын байцаагчийн эрх, үүрэг тодорхой болж, сангийн орлогын бүрдүүлэлтэд ахиц, өөрчлөлт гарна гэж үзэж буй аж.

Онцлох нийтлэлүүд