Нийгэм
2014.11.05 12:11

Нийслэлд 113 орон сууцны төсөл хэрэгжиж байна

Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа орон сууцны 113 төсөлд судалгаа хийхэд барилгын явц дунджаар 60-95 хувийн гүйцэтгэлтэй байна. Судалгаанд хамрагдсан 113 төслийн 39 нь бүрэн ашиглалтад орсон, 32 нь 80-95 хувийн гүйцэтгэлтэй, 29 нь 60-75 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ. Мөн барилгын явц өндөр байх тусам борлуулалт сайн байгааг үл хөдлөх хөрөнгийн агентлагууд онцоллоо. Гэхдээ зарим төслүүд олон сарыг борлуулалтдаа зарцуулсан боловч худалдан авалт хангалтгүй байгаа нь тухайн төслийн байршил, маркетингтай холбоотой гэж үзэж байна. Ерөнхийдөө борлуулалтад барилгын явц 19 хувь, байршил 13 хувь, үнэ төлбөрийн нөхцөл есөн хувь, маркетинг есөн хувийн эерэг нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ. Монгол Улсад улирлын онцлогоос хамаарч орон сууцны борлуулалт жилийн дөрвөн улиралд харилцан адилгүй байна.

Сүүлийн зургаан жилийн хандлагаар эдийн засаг хэвийн тохиолдолд 4-6 дугаар сар, 9-12 дугаар сард орон сууцны борлуулалт нэмэгдэж байжээ. Харин жил бүрийн хоёр болон долдугаар сард буурах хандлагатай байгаа аж. Цаашид Улаанбаатар хотод орон сууцны зорилтот төсөл хэрэгжүүлж, нийлүүлэлтийг нэмэгдэхээр байна. Энэ хүрээнд "Нийслэлийн орон сууцны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг орон сууцны санхүүжилтийн хувилбарыг боловсруулж 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор танилцуулах үүрэг авчээ.


Онцлох нийтлэлүүд