ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.08.15 04:08

Нийслэлийн авто тээврийн товчоодод 24 цагийн хяналт шалгалт хийж байна

Нийслэлийн засаг дарга Улаанбаатар хотод байгалийн голомтот тарваган тахал болон хүн, мал, амьтны гоц халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор ирэх аравдугаар сарын 30-ны өдөр хүртэл авто тээврийн шалган бүртгэх товчоодыг түшиглэн 24 цагаар үзлэг тандалт хийж, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллах тухай захирамж гаргасан.

Тус захирамжтай холбогдуулан нийслэлийн 8 авто тээврийн товчоодод НМХГ, НЦГ, НОБГ, НЗЦГ-ын албан хаагчид батлагдсан хуваарийн дагуу 3 ээлжээр 24 цагийн туршид хамтарсан хяналт шалгалт, тандалтын ажлыг хийж гүйцэтгэх юм.

Мөн нийслэлийн томоохон зах худалдааны төвүүд зэрэг тарвага, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн худалдаалах боломжтой цэгүүдэд хөдөлгөөнт эргүүлүүд тогтмол ажиллана.

Өнгөрсөн долоо, наймдугаар сард Эмээлтийн авто тээврийн шалган бүртгэх товчоогоор Баянхонгор, Булган, Архангай, Ховд, Завхан, Хөвсгөл аймгаас нийслэлд оруулж ирэхээр завдсан 23 ширхэг тарваганы нойтон тулам илрүүлж, Зоонозын Өвчин судлалын үндэсний төвд хүргүүлж устгалд оруулсан байна.

Хууль бусаар тарвага агнаж, тээвэрлэсэн иргэдэд зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль шийтгэврийн арга хэмжээ авч, долоон иргэнд холбогдох хэргийг орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлжээ.

Мөн сургууль, цэцэрлэг эхлэхтэй холбогдуулан байгалийн голомтот мал амьтнаас хүнд халдварладаг өвчин орон нутгаас нийслэлд зөөвөрлөгдөн орж ирэх магадлал өндөрсдөг тул орон нутгийн автобусыг Улаанбаатар хот руу хөдлөхөөс өмнө шалгаж зөрчлийг газар дээр нь арилгах арга хэмжээ авч ажиллах талаар авто тээврийн үндэсний төвд албан бичиг хүргүүллээ.

Онцлох нийтлэлүүд