ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2015.02.11 11:02

Нийслэлийн албан тушаалтнуудын 90 хувь нь хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргажээ

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулийн дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолоор өөрчлөгдөн батлагдсан Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах зарим албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны өдрөөс өмнө Хөрөнгө, орлогын мэдүүлгээ зохих шатны албан тушаалтанд гаргах ёстой. Өнөөдрийн байдлаар /02.11/ хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах шаардлагатай нийслэлийн дүүргүүд, нутгийн захиргааны байгууллагын 1390 орчим албан тушаалтнаас 90 хувь нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаад байна.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолоор хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтнуудын жагсаалтад өөрчлөлт орж, улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх туслах, бие төлөөлөгч, хэвлэлийн ажилтан, төрийн захиргааны албаны “ТЗ-1”-“ТЗ-5”-д хамаарах албан тушаалтан зэрэг нь хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргахгүй болсон. Үүний дагуу өмнө нь нийслэлийн дүүргүүд, нутгийн захиргааны байгууллагын 1400 гаруй албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргахгүй болж хасагдсан юм. Хуулийн хугацаа 2015 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр дуусах бөгөөд хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаагүй бол хүндэтгэн үзэх шалтгаангүй тохиолдолд ажлаас огцруулах арга хэмжээ авах хуулийн заалттай.

Онцлох нийтлэлүүд