ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2014.12.02 03:12

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас хэмжилт хийлээ

"Өдрийн сонин"-ы байрны хойно барьж буй "Астра интернэйшнл" компанийн үйлчилгээ, орон сууцны зориулалттай "Астра бьюлдинг" барилгыг манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Барилгын тухай хууль болон бусад холбогдох хуулийн дагуу баригдаж байгаа эсэхийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас шалгалаа. Тодруулбал, өнгөрөгч баасан гаригт тус газрын геодезийн инженер С.Пүрэв-Очироор ахлуулсан ажлын хэсэг ирж, барилга хоорондын зайг хэмжлээ. Тус ажлын хэсгийн албан дүн буюу барилга хоорондын зай нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тогтоосон 8.4 метр байгааг хянан нягталж байгаа юм. Уг ажлын хэсгийнхний хэмжилтийн дүн өнөөдөр гарах бөгөөд хариуг дүүргийн ерөнхий архитекторчид өгнө. Улмаар дүүргийн архитекторч дээрх хоёр байгууллагын хүчин төгөлдөр хэмжилтийн дүнд дүгнэлт хийж, "Астра бьюлдинг" барилгыг буулгах ажлыг албан ёсоор эхлүүлэх учиртай билээ.

Үйл явдлыг эргэн сануулахад, өнгөрөгч наймдугаар сараас эхлэн Сүхбаатар дүүргийн VIII хороо буюу "Өдрийн сонин"- байрны хойд талд "Астра интернэйшнл" компани арван гурван давхар өндөр барилга барьж эхэлсэн. Энэ нь "Өдрийн сонин"-ы сэтгүүлчдийн нар харах эрх чөлөөг зөрчөөд зогсохгүй, бидний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах гэсэн Үндсэн хуульд заасан эрхийг зөрчөөд байгаа юм.

Тиймээс манай сонины зүгээс "Астра интернэйшнл" компанийн уг барилга хуулийн дагуу баригдаж байгаа эсэхийг шалгуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандсан. Үүний дагуу Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт албан бичиг хүргүүлсэн билээ. Уг албан бичигт "Иргэн С.Зундуй болон "Астра интернэйшнл" ХХК-ийн захиалгаар Сүхбаатар дүүргийн VIII хороо "Өдрийн сонин"-ы байрны хойд талд байрлах "Тэлмэн констракшн" ХХК-ийн гүйцэтгэж байгаа 64 айлын нэг блок орон сууцны барилгын угсралтын зураг төсөл нь зөрчилтэй" байгааг шалгалтаар тогтоосон тухайгаа бичиж ирүүлсэн юм. Улмаар зураг төслийн зөрчлийг арваннэгдүгээр сарын 31-ний дотор арилгуулах үүргийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт мөн өгсөн юм. Тиймээс уг бичгийн дагуу давтан хэмжилт хийсэн нь энэ билээ.

Дашрамд хэлэхэд, дээрх албан бичигт зураг төсөл нь зөрчилтэй байгааг мэргэжлийн байгууллага албан ёсоор шалгаснаа хэлсэн. Зөрчил арилгана гэдэг зургаа дахин зурах, улмаар дахин шинээр барилга барина гэсэн үг билээ. Мэргэжлийн хяналтын газраас шалгасан нь дараагийн шалгалтаар ч мөн нэгэн адил гарах нь тодорхой тул "Астра бьюлдинг"-ийн барилгыг нураах асуудал тун удахгүй яригдах нь.

Т.ГЭРЭЛ

Онцлох нийтлэлүүд