ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.06.25 11:06

Нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Парк шинэчлэлт хийх тухай” А/514 дугаар захирамж гаргалаа. Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн тавдугаар сарын 09-ний өдрийн 06 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтэд зориулан угсраа автобус 40 хүртэл, их багтаамжийн автобус 120 хүртэл, дунд багтаамжийн автобус 40 хүртэл ширхэгийг урьдчилгаа төлбөр төлөх нөхцөлтэйгээр худалдан авахаар боллоо. Энэ худалдан авалтад зарцуулах хөрөнгийг “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан”-гаас гаргана.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний автобус худалдан авахад шаардлагатай техникийн нөхцөл, бичиг баримт боловсруулахыг нийслэлийн Тээврийн газар, “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөнөөс тодорхой хэмжээний урьдчилгаа төлбөр төлж, үлдэгдэл төлбөрийг автобус авсан аж ахуйн нэгж, байгууллагуудаар эргэн төлөгдөх нөхцөлтэй худалдан авах ажиллагааг зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгалаа. 

Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас гаргасан урьдчилгаа төлбөрийг эргэн төлүүлэх талаар автобус авсан аж ахуйн нэгжүүдтэй гурвалсан гэрээ байгуулан ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Тээврийн газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Онцлох нийтлэлүүд