Онцлох нийтлэл
2015.01.29 11:01

Нийт 12 өрөөтэй, саруулхан байшингаа 36 м.кв умгар орон сууцаар солих тэнэг байх уу?

-ГАЗРАА 500 САЯ ТӨГРӨГӨӨС ХЯМД ҮНЭЭР ӨГӨХГҮЙ-

Сүхбаатар дүүргийн XI хорооны нутагт 2800 айлын "Хангай" хотхоны бүтээн байгуулалтыг хийхээр газар чөлөөлж байгаа. Тэнд газраа чөлөөлөхгүй гэсэн айл цөөнгүй байгаа аж. Хамгийн өндөр шаардлага тавьж байгаа айл нь 500 сая төгрөг нэхсэн гэнэ. Тэднийх барилгачдын IV гудамжинд амьдардаг. Ха­шаа нь зам дагуу. Газ­рынх нь хэмжээ том биш ч хоёр давхар, мансардтай тохилог бай­шинтай юм. Гэрийн эзэн Ж.Түмэннасантай ярилцлаа.

-Танайхыг газраа чөлөөлөхгүй байна гэж сонслоо. Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн гүйцэтгэгчидтэй хэл амаа олохгүй л байна уу?

-Худлаа ярьж байгаа юм. Тэд нэг л удаа ирсэн. Өнгөрсөн жил ирэхэд нь "Та нар авч чадвал тохирно" гээд явуулсан. "Бэрэн" констракшн газар чөлөөлж, борлуулалт хийж байгаа гэж сонссон. Миний ойлгосноор тэд газар чөлөөлөх нэрийдлээр дундаас нь мөнгө босгоод, цаанаа худлаа үнэн яриад явдаг байх.

-Таныг газраа хагас тэрбум төгрөгөөр үнэлж байгаа. Тийм мөнгөөр худалдаж авах боломж байхгүйгээс газар чөлөөлөх ажил гацаж байгаа гэх юм.

-Манай байшин доороо гарааш, зоорьтой. Хоёр давхар байшин 10 өрөөтэй. Мансард нь хоёр том заалтай. 12 саруулхан өрөөтэй байшингаа хоёр өрөө умгар орон сууцаар сольдог тэнэг гэж байх уу. Би энэ хөрөнгөө хамгийн багадаа 500 сая төгрөгөөр үнэлж байгаа. Үүнийгээ хаана ч хэлнэ. Иргэн хувьдаа өмчтэй байхыг хүлээн зөвшөөрсөн ардчилсан нийгэмд амьдарч байгаа биз дээ. Зайсанд орон сууц, хаусны м.кв талбайн хамгийн бага үнэ нь 2.5 сая төгрөг байгаа. Энд барьж байгаа "Хангай" хотхоны нэг метр.кв талбайн үнэ 1.8 сая төгрөг гэнэ лээ. Байшингийнхаа талбайн хэмжээгээр үнэлсэн ч 500 сая төгрөг болно. Би санаанаасаа зүгээр нэг их тоо зохиогоод хэлчихсэн юм биш. Бодитоор үнэлсэн. Ингэлээ гээд адлаад байх шаардлага байхгүй л болов уу. Харин зах зээлээс хямд үнээр өгөх гэж байгаа шүү. Нийслэлийн зах Баянхошуу, Зүүн салаанд манайх шиг байшинтай хашаа 200-300 сая төгрөгийн үнэтэй зарагдаж байгаа.

-Таны хэлсэн үнээр авъя гэвэл газраа чөлөөлөх үү?

-"Бэрэн" констракшнаас гадна хоёр ч компани санал тавьж нэг, нэг удаа уулзсан. Үнэ тохирвол би газраа өгнө. Бүтээн байгуулалтыг эсэргүүцээд хойш суугаад байгаа юм биш. Хүний хөрөнгийг бодитоор үнэлээсэй л гэж байгаа юм.

-Танай газрын хэмжээ хэд билээ?

-490 метр.кв. Өнгөрсөн жил би хашаа, байшингаа 450 сая төгрөгөөс яриад 400 сая төгрөгт өгнө гэж хэлж байсан. "Бэрэн"-гийн залуучууд толгойгоо бариад л тийм юм байхгүй гээд явсан. Тэгээд л таг. Одоо бол 500 сая төгрөгөөс хямдруулахгүй.

-Төсөл хэрэгжүүлэгчид танай газрыг ямар үнээр авъя гээд байгаа юм бол?

-Нийтийн орон сууцны хоёр өрөө байраар солих юм гэнэ. 12 өрөө байранд амьдарч байсан айл 38 м.кв талбайтай умгар хоёр өрөө байранд амьдарч чадах уу. Тийм солио хийх тэнэг гэж байх уу. 36 м.кв хоёр өрөө байр бол тохилог сууцны ариун цэврийн өрөөнөөс жижигхэн шүү дээ. Цагаан сар болохоор ах дүү нараа гадаа зогсоож байгаад тав, таваар нь оруулахгүй бол багтахгүй юм билээ. Төсөл хэрэгжүүлж байгаа гэх "Бэрэн" констракшны залуучууд хүний өмчийг үнэлж мэддэггүй юм байна. Амьдрах орчноо бүрдүүлэхийн тулд яаж хөдөлмөрлөснийг тэд мэдэхгүй л дээ. Төр төлөөлж байгаа нөхдүүд тийм л дээрэнгүй байдаг.

-Танайх эндээ хэдэн жил амьдарч байгаа вэ. Байшингаа бариад удаж байгаа юу?

-20 гаруй жил амьдарч байна. Энд шинэ зам тавигдаагүй байхад би хоёр давхар байшингаа барьж байлаа. Тэр үед мөнгөний ханш чанга байсан. Зээл авч байгаад 55 сая төгрөгөөр бариулж байсан. 40-60 жилийн баталгаатай. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл бидэнтэй уулзалт хийхдээ "Та нар газраа м.кв-ыг нь нэг сая төгрөгөөр өгөхөд багадна шүү" гээд газраа үнэ цэнэтэй байлгахыг зөвлөж байсан нь саяхан. Надад ч миний үр хүүхдэд ч ийм "А" бүсэд байрлал сайтай газар олдохгүй. Гадаадын орнуудад газар хамгийн үнэтэй хөрөнгө байдаг. Хэдэн үеэрээ тэр газрынхаа л үр шимээр амьдардаг биз дээ. Бид ч гэсэн тэгэхийг хүсч байна. Орон сууц бол нийтийн л юм шүү дээ. Иргэд яагаад хувьдаа байшинтай байж болохгүй гэж.

-Дэд бүтцийг нь шийдээд өгвөл энэ байшиндаа амьдармаар байна гэж үү?

-Тэгэлгүй яах вэ. Долоон жилийн өмнө Ерөнхий сайд асан Сү.Батболд нар энэ хорооллыг барихаар болсон гээд л зураг хөрөг даруулаад сүйд болсон. Одоо ч ажил болоогүй байна. Өмнөх сонгуулиар шал өөр асуудал яригдаад эхэлсэн. Дэд бүтцийг нь шийдээд, амины орон сууцандаа тохилог амьдруулах талаар яриад л сурталчлаад байсан биз дээ. Хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүн Л.Гантөмөр бидэнтэй уулзалт хийхэд би "Манай байшинг яах юм бол" гэж асуухад "Асуудалгүй шүү дээ. Танай байшинг буулгана, түрнэ гэсэн асуудал байхгүй. Дэд бүтцийг чинь үнэгүй холбоод өгчихнө" гэсэн. Гэтэл одоо хороолол ч боссон юм байхгүй, хогийн цэг болж байгаа биз дээ. Нөгөө дэд бүтэц ч сураггүй. Төрийн амласан ажил бүтдэггүйг харуулж байгаа хэрэг. Ийм байхад хэнд итгэж гэр орноо хаяад хаашаа нүүх юм бэ. Газраа өгсөн хөрш минь дөрвөн жил хууртлаа. Байрандаа орж чадаагүй байхад эхнэр нь нас барсан. Байдал ийм л байна. Тэгсэн атлаа олон түмэнд "Эднийх л шавар хаагаад бүтээн байгуулалт зогсоогоод байгаа юм" гэж худлаа ярихыг яана. Төр хэлсэндээ, хийсэндээ байдаг бол аль хэдийнэ бүх юм ном дүрэмдээ орчих байсан.

-Танайх эндээ бас үйлдвэрлэл эрхэлдэг гэсэн үү?

-Зоорийн давхартаа тавилга үйлдвэрлэдэг. Хүүхдүүд минь тавилгын наймаа хийдэг юм. Умгар орон сууцанд орчихвол ажлаа хаана хийх билээ. Дээр нь мансардны хоёр өрөөгөө түрээслүүлдэг. Байшингийнхаа дэргэдэх амбаарт бас айл суулгана. Сардаа 1.2 сая төгрөг олчихдог юм. Тэр мөнгөнөөсөө салчихвал яаж амьдрах билээ. Амьдрал ойлгохгүй, төрийн нэр барьсан хэдэн нөхдүүд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр том яриад биднийг л хотын хөгжилд саад болоод байна гэх юм. Би ч гэсэн хэдэн төгрөг өгөөд үнэнийг яривал ярина шүү дээ. Гэхдээ урагшилдаггүй, хэлсэн нь ажил болдоггүй, худалч нөхдүүдтэй зарга хийж цаг алдах шаардлага алга.

Ц.ӨРНӨХ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Онцлох нийтлэлүүд