ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.05.30 03:05

Ногоон уутыг эсэргүүцэгчид жагслаа

Нийслэлээс нийтдээ 5.7 тэрбум төгрөгөөр хогны уут үйлдвэрлэж, айл бүрт тараадаг болсон. Хогны уут өөрөө хог болдог. Тиймээс энэ  мөнгөөр хүүхдийн цэцэрлэг, сургууль, эмнэлэг барих хэрэгтэй гэж “Ардын аян” ТББ-ынхан уриа лоозон барин өнөөдөр хотын захиргааны гадаа жагслаа. Тус ТББ-аас “Цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас нийслэлд 100 мянган хүүхэд гэртээ цоожлуулан үлдэж байна. Нийслэлийн хэмжээнд хамгийн тулгамдсан ямар асуудал байна вэ гэсэн санал асуулгад иргэд сүүлийн гурван жил дараалан хүүхдийн цэцэрлэг, хүүхдийн эмнэлэг, сургууль гэсэн хариултыг тэргүүн эгнээнд өгсөн. Тэгвэл хогны уут хийж буй 5,7 тэрбум төгрөгөөр 120 хүүхдийн 5 цэцэрлэг, 600 хүүхдийн 2 сургууль, 200 ортой 4 эмнэлэг барих боломжтой байсан. Гэтэл ийм их хөрөнгө хогны уут нэрээр хог болон үлдлээ. Гялгар уут нь 60 жил амьдрах чадвартай хог юм” гэлээ. Ийнхүү тэд хүүхдийн 5 цэцэрлэг, 4 эмнэлэг, 2 сургууль салхинд хийслээ гэсэн агуулгатай арга хэмжээг хүүхдийн баярын өмнөхөн зохион байгууллаа. Энэ санаагаа олонд ойлгомжтой байдлаар хүргэхийн тулд хогны уутыг тэнгэрт нисгэв. Үүнийгээ хогны уут нь дээрх тоо бүхий хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, сургуулийг аваад ниссэн гэж тайлбарлалаа. 

Онцлох нийтлэлүүд