Нийгэм
2016.04.04 02:04

“Номин холдинг”-ийнхон олныг үймүүлж, бухимдууллаа

"Номин холдинг"-оос зарласан "Тэрбумтан" сугалааны тохирол тааруулах өдөрлөг өчигдөр болж, энэ нь хэрэглэгчдийг ихээхэн бухимдууллаа. “Номин”-гийнхон хоёр дахь удаагаа ийм болчимгүй үйлдэл гаргаж байгаад иргэд тун их харамсаж, тэдний цахим хуудас иргэдийн бухимдсан сэтгэгдлээр дүүрчээ. Өмнө нь “Хар баасан гариг” нэрийн дор мөн л сонголтгүй бараанууд дээрээ иргэдийг дугаарлуулж, эмх замбараагүй байдал үүсгэж байсан юм.

Өнгөрөгч амралтын өдрөөр “Номин холдинг”-оос зарласан “Тэрбумтан” сугалааны тохирол тааруулах өдөрлөгөөр “Номин юнайтед”-ын гадна 1000 гаруй хүн цуглаж, өглөөнөөс орой хүртэл хонжвор таарсан эсэхийг хүлээн зогссоор байв. Тэр дунд нялх хүүхэдтэй ээжүүд, өндөр настнууд ч цөөнгүй харагдаж байсан. Хурсан олон “Телевизээр шууд дамжуулчихгүй дээ” гэх үгийг ч хэлж байсан юм. Үнэхээр түм түжигнэсэн тэр олны үймээн дунд хармааны хулгайчид ч шургалчихсан, дээрээс нь хүмүүсийн хөл дундуур зөрөх ч зайгүй тун чиг хэцүүхэн байсан. Худалдан авсан бараанд нь сугалаа дагалдуулаад өгөхөөр хэн ч ёндоогоо үзье гэж бодох нь дамжиггүй биз. Гэвч өөрийн биеэр ирж сугалааны хонжвор тааруулах үйл явцад байх шаардлагатай гэдэг шалгуурын дор олон зуун хүн ийн нэг дор бужигнахад хүрчээ.

Хэрэглэгчийг хүндэтгэсэн соёл гаргаж, хэрэглэгчдийнхээ эрх ашигт нийцсэн, худалдан авагчаа бодсон үйл ажиллагаа зохион байгуулахгүй бол ийм хоцрогдсон арга барил хол явахгүй нь харагдаж буй биз ээ.



Онцлох нийтлэлүүд