ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.12.09 11:12

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ:Санхүүгийн философи

“Голомт” банкны гүйцэтгэх захирал, эдийн засагч Ө.Ганзориг “Санхүүгийн философи” номоо “Орчуулгынх биш, ямар нэг номноос эш татсан үг, өгүүлбэр оруулаагүй” гэж тодотгосон юм. Мөнгө, банк, даатгал, хүү, хөрөнгийн зах, хөөс & понзи, дижитал мөнгө, шок эмчилгээ гэсэн бүлгүүдтэй энэ ном эдийн засгийн суурь ойлголтгүй хүн ч түвэггүй ойлгохоор энгийн бичиглэлтэй. Номын эхэнд “Хүн төрөлхтний түүхийн нэг чухал хэсэг нь Ил хааны Монгол Улс болон Египетийн хооронд олон арван жил үргэлжилсэн дайн байлаа. Хэрэв монголчууд Египетийг эзэлсэн бол Монголын эзэнт гүрэн Африк хүртэл тэлж, исламын шашинтнууд бүхэлдээ монголчуудын өмнө өвдөг сөхрөх байсан юм. Ил хааны монголчуудад учирсан хамгийн том саад нь эдийн засгийн хямрал байв” гэсэн хэсэг бий. Зохиогч хүн төрөлхтний түүхэн дэх их гүрний ялагдал мөхлүүд цэрэг дайчдынх нь хүч суларснаас биш эдийн засгийн шалтгаанаар, инфляцийн хөөрөгдлөөс болж сүйрдэг гэсэн санааг гаргасан нь хэний ч анхаарлыг татахаар сонирхолтой, бодитой гаргалгаа юм. Удирдагчдынх нь буруу бодлогоос болж инфляцид идэгдэж улсаараа сүйрч буй сүүлийн үеийн жишээ гэхэд л газрын тосны их нөөцөөрөө толгой цохидог, цагтаа цалгиж явсан Венесуэл байна.

Цахим мөнгөний тухай цэгцтэй мэдлэгтэй болж амжаагүй хүмүүст “Санхүүгийн философи” номны “Дижитал мөнгө” гэсэн бүлгийг сонирхож уншихыг зөвлөе. Зохиогч “Крипто мөнгийг ойлгохын тулд мессэжийг нууцлах технологи буюу cryptology-ийг ойлгох хэрэгтэй. Эрт дээр үеэс хаад ноёд хоорондоо илгээх захидлаа шифрлэж нууцалдаг, ингэснээр захиаг замаас нь олзолсон дайсан тайлж унших боломжгүй байжээ. Үүнтэй адил интернэтээр явагдаж буй бүх мессэж буюу банкны гүйлгээ, и-мэйл, файл шилжүүлэг зэрэг нь бүгд өндөр нууцлалтай байдаг. Энэ утгаараа крипто мөнгө нь үнэн хэрэгтээ программчлалын аргаар, зохиомлоор үүсгэсэн математик нууцлалтай мессэж. Ингэж нууцалснаар юуны өмнө мөнгөний эзнийг олох боломжийг үгүй хийхээс гадна, мөнгийг хакеруудад алдах эрсдэлийг хааж өгдөг” гэж тайлбарлажээ. Өнгөрсөн зууны наяад оноос электрон мөнгийг ярьж эхэлсэн, 2008 он хүртэл крипто мөнгө гаргах хэд хэдэн оролдлого хийгдсэн ч бүтэлгүйтсэн, 2009 онд блокчейн дээр суурилсан анхны биткойныг эргэлтэд оруулсан, крипто мөнгөнөөс хамгийн анхных болох биткойн нь илүү эрэлттэй байдаг, биткойныг дэлхий даяар 100 гаруй мянган худалдааны байгууллага хүлээж авдаг, таван сая хүн биткойн эзэмшдэг гэх мэт сонирхолтой мэдээллүүдээр дүүрэн энэ бүлэгт крипто мөнгөний ирээдүйн тухай таамаг ч бий. Монголын банкир цахим мөнгөний ирээдүйг хэрхэн харж тайлбарласан нь бас энэ зах зээлийг сонирхогчдод яалт ч үгүй хэрэгтэй мэдээлэл.

За тэгээд зээлийн хүү буурдаггүй шалтгаан, өндөр хүүг бууруулах гарц гаргалгаанууд, зах зээлд шилжих эхэн үед гар сунгасан донруудын Монгол төрийн бодлогод үзүүлсэн нөлөөлөл гэх мэт олны анхаарал татсан асуудлуудаар зохиогч өөрийн дүгнэлт, тайлбараа санхүүч, банкир хүний үүднээс хийсэн нь хэний ч сонирхлыг татах байх. Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал “Санхүүгийн философи” номыг “Сурагч, оюутан, эмч, бизнесмэн, багш нарт бүгдэд нь ойлгогдохоор бичсэн маш сайн ном байна. Энэ номыг бодлого тодорхойлогч, хууль зохиогчид заавал уншиж, санхүү эдийн засгийн ухааны нарийн уялдаа холбоог ойлгож авах хэрэгтэй” хэмээн дүгнэсэн бол эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун "Ямар ч сурах бичгээс илүүтэйгээр дэлхийн санхүүгийн зах зээл, түүний үүсэл хөгжил, өнөө ба ирээдүйг тодорхойлсон эдийн засаг, санхүүгийн асар их мэдээллийг агуулсан шинэлэг бүтээл болжээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.


Онцлох нийтлэлүүд