ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2016.01.30 01:01

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Иван Ильичийн үхэл”-ээр амьдралаа сонжихуй

Оросын алдарт зохиолч Л.Н.Толстойн “Иван Ильичийн үхэл” туужийг унших явцдаа Иван Ильичийн амьдралтай өөрийнхийгөө жишиж зэрэгцүүлж, сэтгэл хөдөлж, баясаж, бачимдан уурсаж, 95 дугаар хуудасны хэсэг дээр мөн түүн шиг уйлж ч үзлээ.

Тэгээд дараа нь Иван Ильич шиг амьдралын аахар шаахар бүхэнд хууртаж, жинхэнээсээ амьдрахгүй байгаа юм биш биз гэсэн бодол төрснийг нуух юун. Эл жижигхэн туужийн 110-аадхан хуудсанд хүний амьдралын үнэн дүр төрх, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, хандлага зэргийг ямар ч нэмэр хачиргүй өгүүлжээ.

XVIII зууны сүүлийн хагаст зохиогдсон эл тууж зуун дамжин өдгөө хүний ухаан сэрэхүй, мэдрэмж мэдрэхүйд цоо шинээрээ хүрч байна. Сонгодог зохиол мөнхийн бүтээл байдаг аж.

Зохиол, Иван Ильичийн үхсэнийг ажлын хамт олон буюу шүүхийн зөвлөлийнхөн нь сониноос мэдэж буйгаар эхэлнэ. Тэд дор бүрнээ түүний албан тушаалд сэмхэн санаархацгаах аж. Хэзээ нэг цагт хүмүүс бүгдээрээ үхнэ гэдгийг мэддэг мөртлөө хамгийн эхлээд Иван Ильич үхсэнд л сэтгэл ханацгаана. Ийм хувиа хичээх үзлийг эл зохиолд үзүүлж, “Иван Ильичийн үхэл” туужийг бичсэнээрээ үхэлтэй нүүр тулж үзэх боломжийг Лев Толстой хүн төрөлхтөнд олгожээ. Энэхүү зохиол эртний бүтээл. Тиймээс уншиж мэдэрсэн хүн ч олон, уншиж мэдээгүй нь хүн төрөлхтний ирээдүй үе гэж бодохоор түүнээс ч олон биз ээ.

Харин, алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковский уг туужийг уншсан тухайгаа 1886 оны долоодугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэлдээ бичиж үлдээсэн байдаг юм байна.

Юу гэвэл “Би “Иван Ильичийн үхэл” туужийг уншлаа. Хэзээ нэг цагт, хаа нэг газарт байсан уран бүтээлч зохиолчдоос хамгийн агуу нь Л.Н.Толстой мөнөөс мөн гэдэгт би одоо хэзээ хэзээнээс итгэл төгс боллоо. Хүн төрөлхтөнд Европын өгсөн агуу болгоныг гаргаж тавих тэр цагт орос хүн толгой гудайлган ичихгүй байхад ганц энэ зохиолч л хангалттай” хэмээжээ.

Эл зохиолоос бид гэр бүлдээ хүн хэрхэн хандах тухай ойлгож болно. Түүнээс наана гэр бүл зохиохоосоо ч өмнө хайр дурлалын асуудалдаа хүн ямар шийдвэр гаргах ёстойг ухаарах болов уу. Иван Ильичийн амьдрал болоод л байсан хэрнээ огт болохгүй байж. Тэр хэзээ ч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаагүй хэрнээ уг чанараараа буруу байж. Тэр хэзээ ч хүүхдээ зодож занчиж байгаагүй ч гэлээ тэднийхээ төлөө юу ч хийдэггүй байж. Мөнгө сайн олдог байсан ч гэлээ мөн чанартаа тэр өрхийн тэргүүн биш байж. Харин түүний эхнэр, дүр эсгэсэн нэгний өмнөөс, дүр эсгэгч, баг зүүсэн нэгний өөдөөс баг зүүсэн нэгэн байжээ.

Эцэст нь хэлэхэд энэ зохиолыг хүн хоёр, гурван цагийн дотор уншчихна. Тэгээд 20, 30 жилийн дараахь өөрийгөө төсөөлөөрэй.

Г.ЛХАГВАДОРЖ

Онцлох нийтлэлүүд