ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2016.03.19 02:03

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Иргэншлээс оргох тасалбар”

Уншчихаар ном олж чадалгүй удсан юм уу, эсвэл гадаадын сонгодгуудыг шимтдэг хүмүүст “Иргэншлээс оргох тасалбар”-ыг санал болгоё. Олон нийтэд биш харин жинхэнэ уншигчдад зориулан хэвлэсэн “Иргэншлээс оргох тасалбар” абсурд жүжиг, урбан өгүүллэгийн түүврийг “Ном ярьж өгье” буланд онцолж байна. Монголын зохиолчдын эвлэлийн болон утга зохиолын “Шинэ үнэр” бүлгэмийн гишүүн, яруу найрагч Ө.Үлэмжтөгсийн 2014 онд хэвлүүлсэн уг номыг бүхэлд нь өөр мэдрэмж төрүүлэм гэж хэлбэл арай бүдүүн тойм хэлсэн болно. Нийтлэг, нийтэд таашаагддаг дүр зураг, өнгө будаггүй уг номыг мэдрэх нь уншигчаас зайлшгүй өндөр мэдрэмж, боловсрол “нэхнэ”. Утга зохиол дахь шинэ үеийн залуусын дунд сэтгэлгээний хувьд задарсан, бичлэгийн өөрийн гэсэн дэгтэй Ө.Үлэмжтөгсийн уг номоос “Зуун хувь төгс эхнэр”-ийг товч сийрүүлье л.

...Амь нэгтэй, амралтын өдрөөрөө чөлөөт цагаа хамт өнгөрүүлдэг хөршүүдтэй хотхоныхон ая тухтай, амар амгалан сууж, тавлаг байдлаа алдагдуулахгүйг хичээдэг. Эхнэрүүд нь шинэ жороор амтат зоог бэлтгэнгээ дэл сул яриа дэлгэдэг бол эрчүүл нь ширээ тойрч суун хол ойрын бизнесийн санаа уралдуулцгаана. Ийм нэг хотхон. Гэтэл эдний хотхонд учир битүүлэг нэгэн эр амьдарна. Их нууцтай хүнийг хүн бүр л нүдээ онийлгон гайхаж харангаа дэргэдэхээ ёворч түүний тухай уран зөгнөлөө ярьж гарцгаадаг билээ.

Энгийн нэгэн өдөр хуримын сүржиндүү цуваа хотхонд орж ирэв. Өнөөх эр гоёмсог чимэглэсэн тэрэгнээс буулаа. Тэр өнөөдөр хуримаа хийжээ. Бүгд л гайхаж, заримынх нь ам ангайж хоцров. Хэнтэй ч нийлдэггүй, бүрэг, хаалттай түүнийг ингээд заяаны ханиа дагуулаад хүрээд ирнэ гэж хэн ч төсөөлөөгүй байж. Хотхоны оршин суугчдын хувьд хуримын цуваа, сүйт хархүү огтхон ч сонин биш. Зожиг эрийн эхнэр болсон бүсгүй нь хэн юм бол гэж дотроо төсөөлцгөөнө. Баян юм чинь залуухан бүсгүй л уургалсан байж таараа, эсвэл хөгшин, нэг бол гадаад бүсгүй ч байж мэднэ гэцгээнэ. Ингээд хотхоныхон анхааралтай ажиж, амьсгал даран зогсч сүйт залуу машинаас шинэхэн гэргийгээ урин буулгаж ирэх торгон агшныг хүлээв. Машинаас ямар бүсгүй бууж ирэх бол?

Тэсвэр муутайхан хүн “Хурдан гаргаж ирээсэй, эхнэрийг нь харахсан, энэ эв дүйгүй амьтныг ямар эмэгтэй тоодог байна аа” гэж түмэн асуултаар өөрийгөө булж салганахаар.

Нууцлаг эр машинаас эхнэрээ тэвэрч буулгалаа. Эхнэрийг нь хараад хотхоныхон, хөршүүд нь нүдэндээ ч итгэсэнгүй. Зожиг эр хиймэл хүүхэнтэй гэрлэчихжээ. Хийлдэг хүүхэн шүү, очиж очиж.

Энэ өдрөөс эхлээд хотхоныхон хаа тааралдсан газартаа ярьдаг зүйл нь хиймэл эхнэртэй эр. Түүнийг элдвээр хараан зүхэн гаж мэтээр ярьж охид, бүсгүйчүүлээ хол байлгацгаая ч гэнэ. Хүнээс хол, өөрийнхөөрөө л чимээгүй аж төрдөг байсан эр гэнэт хотхон дундаа адлагдах болсон ч түүнийг аз жаргалтай, улам л баяр жавхаа нэмэн эрч хүчтэй амьдрах болсныг эрчүүл анзаарч эхэлвэй. Аягүй бол энэ хотхоны хамгийн азтай гэрлэлттэй учирсан эр нь тэр байж мэдэхээр болоод явчихав. Учир нь түүний эхнэр үргэлж үзэсгэлэнтэй, хэзээ ч үрчлээтэж, уурлахгүй, нөхрөө хардаж зовоож элдэв хараал урсгаж гомдоохгүй, түүгээр ч үл барам олж ирсэн цалинг нь хуу хамаад хувцас, гутланд үрэхгүй. Байсхийж утасдаж, байцааж цагдахгүй. Тэгээд хэзээ ч үзэл бодол харшилдаж хашгирахгүй, үргэлж зожиг эрийн зөв байх юм чинь. Тиймдээ хуримын өдрүүд ард хоцорсон ч өглөө гэрээсээ аз жаргалтай гарч, орой хөл хөнгөн гүйн ордог болсныг нь бүгд харцгаана. Хиймэл хүүхэнтэй аз жаргалтай байгаа эрийн амьдралыг хотхоныхон өөрсдийнхтэйгөө зүйрлэцгээдэг болов.

Хотхоныхон зожиг эрийн талаар өмнөх шигээ сүр бадруулан ярихаа байсан ч гэртээ яаж аж төрдгийг нь битүүхэндээ сонирхоно. Гэтэл далд амьдралтай эр гэртээ шинэ тавилга худалдаж авсан тэр өдөр амьдрал нь нийтэд ил болчихов. Нүсэр тавилгаа хаалгаараа оруулах гэж зүдэрч байхад нь нэг хөрш нь өргөлцөж туслахдаа гэр доторхыг нь харцаараа нэгжжээ. Гэрт нь шинэхэн гэрлэсэн хиймэл эхнэрээс нь гадна өөр хэд хэдэн тийм хүүхэн торойцгооно.

Ярианы сэдэв болсон нууцлаг эрийг гадагшаа ажлаар явсан хойгуур хэн нэгэн гэрт нь нэвтэрч хиймэл хүүхнүүдийнх нь дунд хиймэл эр суулгаж даажигнасан нь зожиг эрийн тэсвэрийг алдагдуулж буун дуу гаргалаа...

“Зуун хувь төгс эхнэр”-ийг эрхэм уншигч та өөрөө гүйцээж уншвал амттай байх санж. “Иргэншлээс оргох тасалбар”-т багтсан “Цоожтой гүүр”, “Зөрлөг дээр өнгөрүүлсэн 1:30 минут”, “Зүүдэнд авахуулсан гэрэл зураг”, “Terrorist Win”, “Морг”, “Нуугдаж тоглоё” өгүүллэгүүдийг уншаад Монголын утга уран зохиолд овоо залуус хэдийнэ ороод ирчихсэн явж байгаа юм байна гэх бодол төрөх байх. Тийм болохоор уншчихаар аятайхан ном хайдаг цаг ард хоцрох нь гэсэн үг л дээ, цаашид.

Онцлох нийтлэлүүд