ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.12.23 12:12

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Хагацашгүй

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Хагацашгүй” хэмээх шинэхэн роман хэвлэгдэж, олны хүртээл болоод удаагүй байгаа. Тэгвэл энэхүү романыг энэ удаагийн “Ном ярьж өгье” буландаа онцолж байна. 1937 оны хэлмэгдлийн үед үйл явдал нь өрнөх тус романд монгол бүсгүйн үнэнч хайрын тухай өгүүлсэн агаад бодит хүний намтраас сэдэвлэн бичжээ. Зохиолч Б.Шүүдэрцэцэгийг 1990-ээд оны эхээр Эрхүү хотод сурч байхад ангийнх нь нэгэн орос охины эмээ нь хэлмэгдсэн нөхрөө хайж очоод тэндээ орос хүнтэй гэрлэсэн монгол эмэгтэй гэдгийг сонссоноо роман болгон бичсэн нь энэ аж.

“Амраг хосуудыг хагацуулж, алаг үрсийг өнчрүүлж, айл гэрийг нулимсан далайд живүүлсэн аюулт хэлмэгдлийн хядлага эхлэхээс хоёр жилийн өмнө, хөхөгчин гахай жилийн зуны тэргүүн сарын тэр нэгэн бүрхэг өдөр сэтгэлд минь тов тодхон байна. Би тэгэхэд дөнгөж 17 настай байлаа…”хэмээн гол баатар Сүнжидмаагийн дурсамжаар зохиол эхэлдэг.

Тэр жилийн зун Сүүжийн голын хөндийг шар эрвээхэйн зуд нөмөрсөн байлаа. Сүнжидмаа тэр зуны нэг өдөр тугалаа шавраас гаргах гэж яваад зохиолын гол дүр болох цэргийн дэслэгч Чулуунтай таардаг. Анхны харцаараа Чулуунд сэтгэлтэй болж түүнийгээ мөрөөдөн өдөр хоногийг өнгөрөөсөөр зохиолын үйл явдал өрнөдөг. Тухайн үед Сүнжидмааг ээж нь баян тайжийн хүүгийн эхнэр болгохоор шийдэж, түүнтэй гэрлэхийг ятгасаар тэдний хуримын өдөр товлогддог. Сүнжидмаа хайргүй хүнтэйгээ гэр бүл болохгүйн тулд хуримын өмнөх өдрөө зугтсанаар түүний амьдрал орвонгоороо эргэсэн гэхэд хилсдэхгүй. Хайргүй хүнээсээ зугтаж, ижийгээ ганцааранг нь орхиод явах түүнд амар байсангүй. Сүнжидмааг хотод очих хамаатан садан байхгүйг Чулуун мэдсэнээр гэртээ авчирдаг.

Сүнжидмаа хотод ирж ажилд орон Чулууны амьдардаг хашааны эзний нэг өрөөг түрээслэн суудаг ч удалгүй нутагтаа орхиод ирсэн ээжийнх нь бие муудан тэрээр нутаг буцах болдог. Түүнийг нутагтаа ирсний дараа ээж нь амьсгал хурааснаар Сүнжидмаа хорвоо дээр ганцаараа үлддэг. Нутгийн панзчин Дүвжирийг Сүнжидмаагийн аав гэдгийг нутгийнхан хар багаас нь л түүнд хэлсэн байдаг.

Ижийгээ нутаглуулаад гэртээ ирэхэд түүний аав болох Дүвжир панз ирж уулздаг. Өнгөрсөн бүх болсон явдлыг охиндоо тайлбарлаж, түүнд нууцаар хураасан алт, мөнгөн эдлэлийг өгч охиноо нийслэл рүү гаргаж өгдөг. Сүнжидмааг нутаг руугаа явсныг дуулаад Чулуун түүнийг үгүйлж хайртай болсноо мэддэг. Үүгээр тэдний аз жаргалт өдрүүд басхүү олон сэтгэл эмтлэм зүйлийн эхлэл тавигддаг юм. Гэвч тэдний хайр сэтгэл хэлмэгсдийн шуурганд өртсөн олон зуун гэр бүлийн нэг нь болдог. Зүүд зэрэглээ мэт өнгөрсөн өдрүүд нэг л өдөр орвонгоороо эргэнэ. Тэр л өдрөөс Сүнжидмаа хайртай хүнтэйгээ уулзахын тулд олон бартаат замыг туулж эхлэх болдог юм. Хайр сэтгэлийнхээ төлөө хол нутгаас хэн ч танихгүй хотод ирсэн нь түүний хувьд эмэгтэй хүнээс гарамгүй зориг. Бүсгүй хүний зориг тэвчээр, үнэнч сэтгэл хичнээн хүчтэй гэдгийг харуулахаас гадна хэлмэгдүүлэлтийн хар шуурга олон хүмүүсийн хувь заяаг хэрхэн өөрчилснийг "Хагацашгүй" роман тод томруун харуулжээ.


Онцлох нийтлэлүүд