ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.05.23 01:05

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “ХҮҮХНҮҮД”


Америкийн ядуусын дуу хоолой, бохир реализмын туг залуурч хэмээн алдаршсан Чарьлз Буковский олон мянган шүлэг, хэдэн зуун өгүүллэг, зургаан роман бичсэн хөдөлмөрч нэгэн. “Хүүхнүүд” роман нь түүний хамгийн алдартай, бас хамгийн их борлогдсон бүтээл. “Зохиолч хүн сайн мэдэх зүйлийнхээ талаар л бичдэг” гэх үгийн бодит жишээг Буковскийн эл романаас мэдэрч болно. Учир нь “Хүүхнүүд” бол Чарьлз Буковскийн намтарчилсан бүтээл. Тиймээс л энгийн хэрнээ “гашуун” хэл найруулга, амьдралыг гоёчлолгүй, архидалт, салалт, амрагийн явдал гээд байгаа чигээр нь “шулуун шударга” өгүүлснээрээ уншигчдыг соронздон татдаг биз. Романд Хэнри Чинаски хэмээх 50 гаран настай эрийн хэсэг хугацааны амьдралыг өгүүлнэ. Тэрээр хүүхнүүдэд татагдаж, тэднийг хүсэн тачаадаж, өвөртөө оруулж, өөртөө дурлуулж ч чаддаг сүйхээтэй хижээл эр. Гэхдээ тэр өөрөө тэдэнд дурлаж, шаналж, дэргэдээ тогтоон барихыг хичээхгүй.

Эмэгтэй хүн бүр өөрийн гэсэн өвөрмөц араншинтай, эрчүүдээс огт өөр оршихуйн шинж чанартай хэмээн бодож, адал явдалт учрал бүрийнхээ дараа дээрх бодлоо улам бататгах Чинаскигийн хүүхнүүдтэй харилцдаг “хэл” нь тун энгийн. Ердөө л архи дарс, морин тойруулга, яруу найраг, ор хөнжил...

Чинаски хэзээ ч төвөгтэй, ээдрээтэй зүйлийн талаар боддоггүй. Гүн ухаан, шинжлэх ухаан гэх мэт толгой эргүүлсэн бүхнээс ангид оршино. Энэ нь түүний оюун санаан дахь минимал байдлыг тодотгоно. Байсхийгээд л хаалгыг нь балбаж, эсвэл утас цохих янз бүрийн насны хүүхнүүд уулзах санал тавихад тэр хэзээ ч татгалздаггүй. Мэдээж хүүхнүүд түүнээс нэг л зүйлийг хүснэ. Мань эрийн хамгийн сайн чадах, бас хамгийн ихээр хүсдэг тэр л зүйл. Өөрөө ч тэдгээр хүүхнүүдээс илүү зүйл хүсдэггүй, шаарддаггүй. Адаглаад л уух юмаа өөрийнхөө мөнгөөр авна. Мөнгөгүй боллоо гээд шаналахгүй. Мөдхөн л чөлөөт уншлага хийх санал аль нэг хотоос ирэхийг мэднэ. Мэдээж хүссэнээр нь болж, хэрэглээнийхээ мөнгийг халааслаад л авна. Ер нь Чинаскигийн амьдралын хэв маяг, үргэлж амжилтын араас цангаж явдаг, амжилт гэх үгийг зүрхэн тусаа цүүцдэж орхисон манай залууст тун ойлгомжгүй. Тийм ч учраас Буковскийн “Бүү хичээ” гэх алдарт үгсийг зориуд эшилмээр санагдлаа. Хүн бүхэн амжилт үзүүлнэ гэсэн сохор зорилгын араас махартлаа зүтгэж, эцэстээ өөрийн оршихуйн мөн чанараа үгүйсгэн сууна гэдэг хичнээн эмгэнэлтэй байх билээ.

Ялангуяа диваажин шиг амьдралыг мөрөөдөж шинэ тивийг зорьсон XX зууны эхэн үеийн сая сая цагаачдын цуваа. Дор бүрнээ шинэ санаа тээж, шинэ мөрөөдлөөр жигүүрлэсэн Нью-Йорк хотын залуус. Амьдрал хичээж зүтгэсэн болгонд аз ерөөхгүй нь гачлантай. Гэмт хэрэг, зөрчил тэмцлээр дүүрэн их хотын амьдрал. Буковский өөрөө тэр л цагаачдын нэгэн төлөөлөл. Тийм болохоор ядуу гуйланч, эмх замбараагүй амьдралын хэмнэлээс эрх чөлөөнд тэмүүлсэн тэрслүүд эрийг дотроо бий болгож “Битгий хичээ” хэмээн уншигчдаа “зэмлэсэн” байх.

Романыг унших явцад сонирхолтой, заримдаа галзуу ч гэмээр санагдах өгүүлэгчийн хүүрнэлээс “Бодол санаагаа аятайхан ойлгуулчихдаг болохын тулд хүн дор хаяж тавин жил амьдрах хэрэгтэй гэж ярьдаг ч үнэний ортой үг”, “Хүн төрөлхтөн боловсрол гэж шинэ бурхантай болж, боловсролтой эрчүүд гэж шинэ чононууд гараад ирж”, “Хатуу хөтүү амьдралын буулгыг тэсэж үлдсэн хүмүүс тамхилцгааж байна. Амьд байна гэдэг маань өөрөө ялалт”, “Хүн нэг дуугаа олон сонсоод уйдахгүй хэрнээ, яруу найргаас бол үргэлж л шинийг хүсдэг юм” зэрэг хүчирхэг илэрхийллүүдтэй үе үе тохионо. Эдгээр үгс л “Хүүхнүүд” романы үнэ цэнийг тодорхойлж, Буковскийг гашуун усанд дуртай ганцаардсан уран бүтээлчээс “нийгэмдээ тэрслэгч” хүчирхэг дуу хоолой болгож байна.

"Зовлон минь уур хилэн болж, уур хилэн минь уран бүтээл болсон юм"

Чарьлз Буковский

А.МӨНХЗУЛ


Онцлох нийтлэлүүд