ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.06.15 09:06

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Эрх мэдлийн парадокс

Хэнийг ч донтуулдаг эрх мэдэл гээчийн тухай шинжлэх ухаанч мэдлэг тань хэр зузаан бэ? Эрх мэдэл гэж юу болох, эрх мэдлээ удаан хугацаанд хадгалж үлдэхийн тулд яах ёстой, эрх мэдэлгүйчүүдэд илрэх сөрөг нөлөө, эрх мэдлээ алддаг шалтгаануудыг мэдэхийг хүсч байна уу? Нөлөөтэй, мэдэлтэй байхын учир шалтгааныг сонирхогчдод Америкийн нэртэй социологич Дачер Келтнерийн “Эрх мэдлийн парадокс” номыг зөвлөе. Б.Одсүрэнгийн орчуулгаар “Пийк паблиншинг” хэвлэсэн энэ номын зохиогч Дачер Келтнер бол Беркли дэх Калифорнийн их сургуулийн эрдэм шинжилгээний төвийн орлогч захирал, сэтгэл зүйч, профессор хүн юм.

Эрх мэдэл буруу зүг рүүгээ эргэхээр ямар байдалд хүргэдгийг зурагласан хэсгүүд нь их сонирхолтой. “Эрх мэдэлд толгойгоо мэдүүлснээр хүн бусдыг чин сэтгэлээсээ ойлгохоо больж, эргэн тойрныхоо хүмүүсийн бодол санаа мэдрэмжийг хайхрахаа больдог”, “Эрх мэдэлтнүүд өөрийнх нь талаар бусад хүн юу гэж боддогийг мартсан цагт нийгмийн сайн сайханд хор учруулахаар үйлдлүүд хийж эхэлдэг, эцэст нь эрх мэдлээ алддаг. Харалган байдал эрх мэдлийг дагалдах нь энгийн л зүйл”, “Эрх мэдэлтэй байх тусам өөрийнх нь үйлдэл бусдад хэрхэн тусч байгааг үл тоож ёс зүйгүй аашилдаг”, “Эрх мэдлийг хадгалж үлдэхдээ бусдыг хүндэтгэхээ мартаж болохгүй. Ямар ч хүн өгөөмөр зангийнхаа ачаар л эрх мэдэлд хүрдэг. Харин дараа нь шунахай сувдаг авир, амин хувийн хэрэгцээгээ хангах эрмэлзэлдээ бууж өгдөг. Талархаж, бусдыг хүндлэхийн оронд бүдүүлэг түрэмгий болдог” гэх мэт нээрээ л тэгдэг дээ гэж толгой дохимоор эшлэлүүд энэ номд цөөнгүй таарна.

Мэдээж эрх мэдэл хүнд зайлшгүй хэрэгтэй. Эрх мэдэлгүйгээ мэдрэх мэдрэмж наад зах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг юм байна. Эрх мэдэл эрүүл мэндэд хамаатай гэх сонирхолтой нээлтийг аль ерээд онд хэсэг эрдэмтэд хийчихэж. Хүний нийгэм дэх байр суурь, боловсрол, эд баялаг, нэр хүнд зэрэг нь өвчинд нэрвэгдэх магадлалыг нэмэгдүүлдэг гэнэ. Амьдралынхаа эхний 25 жилийг ядуу зүдүү байдалд өнгөрөөсөн хүмүүсийн наслалт зургаан жилээр богиносдгийг мөн л судлаад нотолчихож. Амьдралаа ялж, баян чинээлэг боллоо ч насаа нэмэх ямар ч боломжгүйг баримт нотолгоотойгоор тогтоосныг “Эрх мэдлийн парадокс”-оос сонирхоорой. Амьдралын түвшин доогуур, эрх мэдэлгүй хүмүүс савны хорт хавдар, үе мөчний болон бусад архаг өвчний улмаас шаналдаг гэнэ. Судалгаанд хамрагдсан эрх мэдэлгүйчүүд эрх мэдэлтэйчүүдтэйгээ яг адилхан эмнэлгийн үйлчилгээ авч байсан хэр нь ийм үр дүн гарчээ. Эрх мэдэлгүйдэл, хүчин мөхөсдөл ямар нэг байдлаар мэдрэлийн эсийг эвдэж гэмтээдэг гэх мэт анагаахын судалгаа, нотолгоо ч энэ номд бий.

Дачер Келтнерын энэхүү номд эрх мэдлээ удаан хадгалах жор ч багтжээ. Түүний жор их энгийн. Бусдын зовлонг ойлгож, өгөөмөр хандаж, талархал илэрхийлж, эвлэрүүлэн нэгтгэсэн түүх ярих нь эрх мэдлийн маш том дархлаа. Даруу зантай хүн эрх мэдлээ удаан хадгалдаг гэж Дачер Келтнер хэлж байна. “Түүх намтар ярина гэдэг эрх мэдлээ хадгалах арга зам. Амьдралынхаа түүх намтрыг тодорхой ярьж, бусдыг уриалсан хүсэл тэмүүлэл өгсөн түүх ярьдаг хүмүүс ихэвчлэн илүү эрүүл чийрэг бие махбодтой байдаг. Өндөр настай болсон хойноо ч амьдралын зорилгоо гээдэггүй” гэх мэт санаж сэрмээр үг, өгүүлбэрүүдээр дүүрэн “Эрх мэдлийн парадокс” танд эрх мэдлийн утга учрыг таних ухаан өгнө гэдэгт итгэлтэй байна. Эцэст нь онцлоход эрх мэдлийг зөвөөр таньсан удирдагчтай улс орон хөгждөг, эрх мэдлийг буруу таньсан удирдагчтай улс ядуу буурай хэвээр аж төрдөг юм байна. “Эрх мэдлийн парадокс”-ыг уншаад хийсэн дүгнэлт маань энэ.


Онцлох нийтлэлүүд