ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.12.08 12:12

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Z үеийнхэн: Сайныг өвлөж саарыг өөрчлөх нь


16-20 насныханд буюу Z үеийнхэнд хаягласан энэ номын зохиогч нь эдийн засагч Ч.Отгочулуу. Зохиогч “Германд анх сурах гэж очиход эхний хэдэн семистр мэргэжлийн хичээл гэхээс илүү түүх, философи түлхүү судлуулахаар нь гайхаж байлаа. Ер нь баруунд аливааг судлуулахдаа ул, сууриас нь хардаг онцлогтой. Жишээ нь, хувийн өмч яагаад чухал гэдгийг тухайн үзэл санаа гарч ирснээс хойшхи бүхнийг багцалж судлуулж ойлгуулдаг. Шинэ цагт дэлхийн иргэн байхын тулд юу мэдэж, ухаарсан байх ёстой вэ гэсэн асуулт гарч ирнэ ээ дээ. Энэ асуултад хариу болохоор ном бичье гэж зориод эхний алхмаа хийлээ. Миний номын тухайд наад зах нь л баруунд сурахаар явах гэж байгаа хүүхдүүдэд гарын авлага болохоор агуулгатай” гэж сонирхууллаа. Түүний Z үеийнхэнд хандсан гурван боть номын эхний боть хэвлэгдээд байгаа нь энэ. Хүн төрөлхтний түүхэнд нөлөөлсөн философич, улстөр-эдийн засгийн онолчдын намтрыг харьцуулалттайгаар гаргасан нь хэнийг ч анхаарлыг татахаар юм.

“Готамагийн ангижрал ба Кантын гэгээрэл” гэсэн хэсгийг нь сонирхуулъя.Гуч ч хүрээгүй Сиддхарта тансаг ордон, гэр бүлээ орхиж гараад гэгээрсэн түүхийг бүгд мэднэ. Түүний тухай зохиогч “Сиддхарта эхлээд тухайн үед түгээмэл байсан бясалгал, өлсгөлөн зэрэг аргуудыг ашиглан гэгээрэх гэж үзсэн ч амжилтанд хүрсэнгүй. Иймд шашин ба сүсгийн туйлшралгүйгээр өөрийн гэсэн шинэ арга замыг нээх нь зүйтэй гэж үзээд бадарчлах буюу ямар ч өмч хөрөнгө эд хогшилгүйгээр аялах, хялбаршуулсан бясалгал хоёрыг хослуулж үүнийгээ дундын зам мөр гэж нэрийджээ. Буддын сургаал нь танин мэдэх, бясалгах замаар зовлонгийн үндэс болсон шунал, үл мэдэхүй, атаархал зэргээс ангижрах замаар гэгээрэлд хүрч сэтгэлийн амгаланг олно гэж үздэг” гэсэн бол Буддагаас хойш 1200 жилийн дараа Европт мэндэлсэн Иммануел Кантыг “Түүний үзсэнээр бидний танин мэдэж чадах ахуй байдаг. Мөн бидний мэдлэгийн хязгаарын цаадахь төсөөллийн ертөнц гэж бий. Өөрөөр хэлбэл бидэнд мэдэж чадах зүйл бий, бас хэзээ ч мэдэж чадахгүй зүйлс ч байгаа гэсэн үг. Тэр өөр өөр сэдвээр олон бүтээл нийтлүүлсэн ч түүний хамгийн чухал сэдэв нь гэгээрэл байв. Түүнийхээр гэгээрэл гэдэг нь өөрийн буруугаас үүдэлтэй ухаангүй мунхаг байдлаасаа өөрийгөө татан гаргаж буй хүний ухамсарт үйлдэл. Ийм учраас тэр гэгээрэгтүн гэсэн алдарт үгээ хэлсэн юм” хэмээн бичжээ. Номын зохиогч Будда, Кант хоёрыг “Хүн гэдэг амьтан бодож, бясалгаж, сэтгэж байж өөрийн гэсэн амар амгалан, мэдлэгийн эрх чөлөөнд хүрдэг гэж сургаснаараа ижил” гэж харснаа Z үеийнхэнтэй хуваалцжээ.

“Хубилай хааны эрэлд буюу Колумбын төөрөлдсөн нээлт” гэсэн хэсэг сонирхол татсан дүгнэлт олонтой юм. Америк тивийг нээсэн итали далайчин Колумб бүр анх Ази тивийн боомтуудад хүрэх далайн замыг олох гэж замд гарсан, Энэтхэг, Хятадаас халуун ногоо, торго зэрэг бараа авдаг европчуудын хуурай газрын замыг Османы эзэнт гүрэн халхлан саад учруулах болсон нь итали далайчныг замд гаргахад хүргэсэн, Колумбын ширээний номын нэг нь Марко Пологийн тухай бичсэн “Дэлхийн гайхамшиг” хэмээх ном, Хубилайн байгуулсан Юань гүрэн тухайн цагтаа дэлхийн хүчирхэг эдийн засаг байсан, Монголын гэсэн тодотголтой XIII зуун даяарчлалыг эхлүүлж дэлхийн түүхийг өөрчилсөн гэх мэт түүхэн үйл явдлын учир шалтгааныг ганц хуудсанд багтаажээ. Зохиогч энэ хэсгийг “Хубилай хааны тухай ном үлдээсэн Марко Пологийн адилаар Монголын эзэнт гүрэнд хүрч худалдааны шинэ зам нээх гэсэн Колумбын хүсэл мөрөөдөл Америк хэмээх цоо шинэ тивийг нээхэд хүргэсэн ч итали далайчин өөрийгөө Энэтхэгт ирчихлээ гэж эндүүрч байж. Зөвхөн газар зүйн шинэ нээлтүүд төдийгүй ер нь шинжлэх ухааны түүх иймэрхүү шинэ төөрөгдлүүдээр дүүрэн байдаг” гэсэн дүгнэлтээр төгсгөсөн байна лээ.

За тэгээд “Гитлерийн эсрэг нөхөрлөл: Майский Черчиль хоёр”, “Кейнсийн онол ба дэлхийн хоёрдугаар дайн”, “Хямралын үе дэх төр: Рузвельт ба Сталин”, “Прагматик төв үзэлтнүүд: Эрхард ба Сяопин” гэх мэт гарчигнаасаа л сонирхол татахаар бичвэрүүд энэ номын хуудас бүрт байна.


Онцлох нийтлэлүүд