ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.03.28 01:03

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: ​Зургаан тохой газар


(Надин Гордимер 1923-2014)

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын зохиолч, Нобелийн шагналтан Надин Гордимерийн “Зургаан тохой газар” өгүүллэгийн түүврийг товчхон танилцуулахаар бэлтгэлээ. 2017 онд Монсудар хэвлэлийн газраас М.Сугиррагчаагийн орчуулгаар уншигчдын хүртээл болсон энэхүү номд долоон өгүүллэг багтжээ. Багаасаа уран зохиолд шимтсэн Надин Гордимер анхны өгүүллэгээ 16 настайдаа томоохон сэтгүүлд хэвлүүлснээр зохиолчийн замнал нь эхэлсэн байдаг. 1975 онд “Хувиргагч” романаараа Booker-ийн шагнал хүртэж, 1991 онд хүмүүнлэгийн салбарын Нобелийн шагналын эзэн болжээ. Тэрээр эх орныхоо хүнд хэцүү цаг үеийн амьдрал ахуй, ард түмнийхээ амссан гашуун зовлонгийн талаар зохиол бүтээлдээ тусгасаар ирсэн билээ.

Уг түүвэрт багтсан өгүүллэг бүрээс тухайн үеийн Африк орны аж амьдралыг олж мэдэх болно. Арьс өнгөөр ялгаварлах үзлийн хор уршиг тэдний амьдралд хэрхэн нөлөөлж байсан, эрх чөлөө, үнэт зүйлсээ хаалгуулж, боомилуулж, басамжлал доромжлолыг тэвчээртэйгээр эдэлж байсныг таних бий.

Номоос хоёр өгүүллэг сонгон зах зухаас нь товч ярьж өгье. Түүврийг нэрлэсэн “Зургаан тохой газар” өгүүллэгт нэгэн цагаан арьст эр өөрийн фермд ажилладаг боол эрд дүүгээ нутаглуулах ажилд нь тусалж байгаа тухай гардаг. Хар арьс боолчууд нийгмийн хангамжийн наад захын үйлчилгээг авах эрхгүй, амь нас эрүүл мэнд нь ямар ч баталгаагүй, идэх уух өмсөж зүүхээр гуцуу, баяр жаргалгүй өдөр хоногуудыг өнгөрөөж байгааг хөнгөн гуниг нэвчүүлсхийн хүүрнэжээ. Ийм амьдралыг туулсаар үхлээ гэхэд оршоох алгын чинээ газар олдохгүй байгаа нь үнэхээр сэтгэл шимшрүүлмээр. Хамаатнуудаа зорин өчнөөн олон өдөр алхаж алхаж ирчихээд өвдөж халуурсаар хорвоог орхиж буй хар арьс хүүд үүрд нойрсох зургаахан тохой газар л энэ нутагт оногдох байжээ. Надин Гордимерийн өгүүллэгүүдийг уншихаар шийдсэн бол хар арьст иргэдийн хүлцэнгүй, хөөрхий байр байдлаас шударга бусын цуурайг л чимээлнэ гэж хүлээх хэрэгтэй.

Энэ түүвэрт орсон “Аман түүх” өгүүллэгт нутгийн уугуул иргэдийн аж амьдрал мөн л цагаан арьст хүмүүсийн эзлэн түрэмгийлэлд автаж, нэгэн омог бүхлээрээ сүйрч байгааг харуулжээ. Ам бүлээрээ, ан гөрөөгөө хийн, урц сууцаа сайжруулан, хааяадаа эсгэмэл хүртчихээд түүдгээ тойрон бүжинхэн аж төрж байсан халуун аминуудыг эзэрхийлэгчид хүйс тэмтэрсэн харгис нийгэм. Уншиж байхад л дарийн утаа үнэртэх шиг болдог дотор харанхуйлам өгүүллэг. Эзэрхийлэгчдийн өмнөөс уучлал гуйж, нүглийг нь наминчилмаар хэрцгий түүх. Ийм л муухай зүйлсийг Надин Гордимер хамгийн энгүүнээр тоочин бичсэн нь гайхалтай. Суурин иргэншил хэдийгээр дэлхийд хөгжил дэвшлийг авчирсан нь үнэн боловч хариуд нь хүн төрөлхтнийг байгалиас холдуулж, зөн билиггүй, энэрэлгүй “арми” байгуулсан байна. Үүнийгээ тэгээд НИЙГЭМ хэмээн нэрийдчихжээ. Энэхүү нийгэм гэх байгуулал нь эргээд л хүмүүсийг хувааж, хагалж, бутаргаж, зовоож, үймээн самуун дэгдээдэг. Тийм л нэгэн аймшигтай үйлийн нэг нь арьс өнгөөр ялгаварлах үзэл буюу апартеид дэглэм юм. Энэ харгис ажиллагаанд хамгийн их өртөж хохирсон нь африк үндэстэн. Энэ хэдхэн өгүүллэгээс гагц африкчуудын өнгөрч хоцорсон гашуун цаг хугацааг мэдрээд зогсохгүй хүн гэгч амьтад (та, би, бид бүгд) хамгийн үнэт нандин зүйлс рүүгээ үргэлж өөрсдөө л дайрч, устгаж байдгийг ахин дахин мэдрэв ээ. Хайр, хүн чанар, элбэрэл, шударга ёс...

А.Мөнхзул

Онцлох нийтлэлүүд