ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.03.18 09:03

Нэгдлийн малыг үнэгүй авсан малчдаас төлбөрийг нь авах цаг болжээ

1991 оноос эхлүүлсэн өмч хувьчлалын үр дүнг судалж, дүгнэх ёстой гэж үзэн Засгийн газар ажлын хэсэг байгуулж, шалгуулахаар боллоо. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 28 жил явуулсан өмч хувьчлалаа цогцоор нь дүгнэж дараагийн хувьчлалаа явуулах ёстой гэж үзсэн гэж үүнийг тайлбарласан. Энэ ажлын хэсэг Төрийн өмчөөс хувьчилсан 928 объектыг бүгдийг нь судалж хоёр сарын дараа УИХ-д тайлагнах аж. Үүнийг цахим орчинд ихэнх нь дэмжээд сүйд байна. Нэг ёсондоо дахин хуваарилалт хийх нь зүйтэй гэлцэх юм.

Ягаан, цэнхэр тасалбар, менежмэнтийн хувьчлал зэрэг бол муу ч, сайн ч хууль, тогтоол, шийдвэр гарч, дуудлага худалдаа маягтай юм болж байж хийгдсэн байдаг. Өмч хувьчлалаар улсын өмчит үйлдвэрийн газруудыг хувьчлахдаа иргэддээ Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр дамжуулан хувь хүртэх буюу хувьцаа эзэмших эрхийг олгосон. Цэнхэр тасалбар буюу их хувьчлал нь хувьцаа эзэмших долоон мянган төгрөгтэй тэнцэх эрхийн бичиг. Үүнийг эзэмшигч нь хувьчилж буй аливаа үйлдвэрийн газруудын хувьцаанд өөрийн сонголтоор хөрөнгө оруулж, хувь эзэмших эрхээ баталгаажуулах боломжтой байв. Иргэдийн ихэнх нь өөрийн ажиллаж байсан үйлдвэр, байгууллагынхаа хувьцаанд хөрөнгө оруулсан байдаг. Ягаан тасалбар буюу бага хувьчлал нь эд хөрөнгө худалдан авахад төлбөрийн хэрэгсэлд тооцогдон ашиглагдаж байсан, тухайн үеийн 3000 төгрөгтэй тэнцэх эрхийн бичиг.

Үүнийг эзэмшигч эд хөрөнгө худалдан авахдаа бусдаас ягаан тасалбар худалдан авч тооцоо хийх, эсвэл эд хөрөнгө худалдан авах гэж байгаа этгээдэд бэлэн мөнгөөр өөрийн ягаан тасалбараа худалдах зэргээр ашиглах боломжтой байсан. Цэнхэрээс ялгаатай нь ягаан тасалбар зөвхөн нэг удаагийн төлбөрийн хэрэгсэлд тооцогдохоор гарсан.

Цэнхэр, ягаан тасалбарын нарийн учрыг ойлгоогүй, ойлгосон нэг нь боломжийг ашигласан гээд яривал их юм бий. Мөн Орон сууц хувьчлал, газар хувьчлал бол хууль тогтоомж гарч байж шийдвэрлэсэн байдаг. Харин мал хувьчлал бол албан ёсны тогтоол шийдвэргүй, тухайн үеийн МоАХ-ныхны шаардлагад дулдуйдаад л явагдсан байдаг юм. Хотынхон орон сууцаа хувьчилж авч байхад малыг малчдад хувьчлах хэрэгтэй гэсэн шаардлага л даа. Чухам энэ хувьчлал л хараа хяналтаас нэлээд хөндий, нэгдэл, аймаг, сумын удирдлагын зохицуулалтаар шийдэгдэж, өмч хувьчлалын дүйвээнд өөрсдөө дураараа авсан.

Нэгдлийн хөрөнгийг төрийн хяналт зохицуулалтгүй урсгалаар нь орхисон нь бодлогын хувьд алдаатай байсан гэж зарим баримт бичигт дурдсан байдаг. Хувьчлалын дүйвээнд ёстой л дур зоргоороо, үзэмжээрээ тараасан байгаа юм. Үүнийг л хамгийн түрүүнд шалгах ёстой. Ингэвэл шударга ёсыг тогтоох өмч хувьчлалын асуудлыг шалгаж байна гэж үзэж болох юм. Малыг малчдад өгөхдөө нэгдэлжих хөдөлгөөнд элсэхдээ авчирсан тоогоор нь өгсөн биш, зүгээр л дээрэм тонуул болсон.

1950-иад оны дундуур эхэлсэн нэгдэлжих хөдөлгөөн 1959 онд дууссан бөгөөд Лениний хоршооллын төлөвлөгөө гэдэг нь монгол хөрсөнд буусан байдаг. Нэг нэгдэл тэр үед дунджаар 43 мянган малтай болж байж. Үнэн хэрэгтээ ЗХУ-ыг махаар хангахын тулд нэгдэл байгуулагдсан, Оросын мах бэлтгэлийн малчид л байсан гэж егзөр өвөгцүүл ярьдаг. Ингэж бий болсон нэгдлийн малыг хэрхэн яаж хуваарилсан нь хуудуутай болсныг дээр өгүүлсэн. Тавыг өгсөн нь тавийг авч, таван зууг өгсөн нь тавийг авсан зэрэг бол маргаангүй. Найман зуун мал өгч байсан нэгэн наймхан хурга авсан нь ч бий. Хоосон хоцорсноос гээд өгснийг нь авсан байх. Угтаа нэгдэлжих хөдөлгөөнд нэгдэж малаа өгсөн улс аль хэдийнэ үхэж үрэгдээд дууссан. Хувьчлалын далимаар өнөөх хувийн өмчийг үзэн ядагч улаан коммунистууд маань хамгийн их хөрөнгөжсөн. Мал өмч гэдэг нь тодорхой, хувьчлагдсан нь нь тодорхой. Харин яаж, ямар замаар хувьчлагдсаныг л шалгах хэрэгтэй юм.

Тэр тусмаа нэгдлийг удирдаж байсан хүмүүс нэгдлийн гол өмчүүдийг хувааж аваад малчдыг хэл ам гаргах вий гэж ам таглах төдий хэдэн мал өгсөн. Яахав мал малладаггүй ч хөдөө ажиллаж, амьдардаг зарим нэг нь ягаан тасалбараараа цөөн тооны мал авсныг эс тооцвол бусад нь үнэгүй тараасан. Тараах ч юу байхав, өм цөм өөртөө авсан улс их бий. Аминдаа таван хоньгүй байсан нөхөр хувьчлалын дараа мянгат малчин болчихсонд учир их бий. Засгийн газрын хамгийн түрүүнд хийх ажил бол малчдаас малынх нь үнийг авах ёстой. Ийм л зорилгоор, энэ мэтчилэнгийн өмч хувьчлалын завхарлыг арилгах гол ажил болно гэж Засгийн газар шалгалтын ажлын хэсэг байгуулаа биз. Мал бүрээс биш байлаа гэхэд мянган малын гурван зуугаас ч татвар авдаг юм уу. Төлбөрийг цувуулж авдагсанж уу тэрийг төр өөрөө зохицуулна биз. Хувьчлахдаа хаа байсан 1950 хэдэн оны “иргэн Дорж тавин хонь өгөв” гэж монгол бичгээр гараар алаг цоог бичсэн архивын баримт гэгчийг мал хувьчлалын үед эх сурвалжаа болгосон гэж зарим нь ярьдаг. Зарим нь нэгдлийн архив гэж шальтай юм байгаагүй. Тиймдээ ч 333 сум нэгдэл түүн дээр, аймаг, сумын удирдлага, мал хувьчлах комиссынхны л гараар л энэ хувьчлалын хувь заяа шийдэгдсэн байдаг. Үндсэндээ бүхэл бүтэн далан жилийн хооронд социалист бүтээн байгуулалт нэрээр ЗХУ-аас зээлсэн олон сая рублийн /их өр/ тал илүү хувийг хөдөө аж ахуйг хөгжүүлэх нэрээр гурван зуу гаруй сум нэгдэлд л зарцуулсан. Үлдсэн хувь нь улсын үйлдвэр, аж ахуйд зориулсан байх.

Одоо энэ малчид улсад төлж байгаа татвар гэх юм алга. Өвөл, хавартаа зуд, цурханаас болж хэцүүдсэн зовлонгоо тоочиж, тусламж хүсч суудаг. Харин үлдсэн зээлээр социализмын үед боссон хэдэн үйлдвэр хувьчлагдсанаар өнөөдрийн Монголыг авч яваа, томоохон татвар төлөгч компаниуд болсон шүү. Хувьчлагдсан үйлдвэрүүд нь одоо улсаа авч явж, татвараа төлж байхад нэгдлийн малыг үнэгүй авсан малчдаас төлбөрийг нь авах цаг болжээ.


Онцлох нийтлэлүүд