ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2018.08.05 12:08

Нэгэн их нууц буюу Цэвээний ЦЭНД

-СОДОН ХҮНИЙ ТУХАЙ-


Яруу найрагч Цэвээний Цэнд гэж нэг “содон” нөхөр бий. САЛДАН ДОЛООН ОВОГТ түүний дотоод ертөнцөд нэвтэрнэ гэдэг тийм ч амар хялбар хэрэг бус. Ямар ч энгийн санааг тултал нь орооцолдуулж орхино. Ээдрээ төвөгтэй болгочихно. Юмыг ээдрүүлж байж сая сэтгэл ханана. Тэр нь сэрэхүйн нарийн гижиг хөдөлгөх нь бүүр ч жигтэй. Шүлгүүдийг нь анх уншихад “энэ лав гажиг нөхөр байх” гэж бодмоор. Юутай ч түүний шүлгүүдийг Г.Бадамсамбуу “имперссионист” гэж оношилсон юм даг. Монголын яруу найрагт ай тэмдэглэх оролдлогыг тууштай хийж яваа хүн бол Ц.Цэнд юм. Бас номынхоо шүлгүүдийг өөрийн зурсан таталбаруудаар дүрсжүүлсэн найрагч.

Ц.Цэндээс гэнэ гэнэ хачин авир гарна. Хамтдаа алхаж явснаа уулын бэлд идэшлэх үхрийг хараад, “Хүмүүс, жишээ нь, тэр үхрийг өвс идэж байна гэх байх. Би бол үхэр өвс идэж байгаа нь үхрийн хэлэнд байна гэж хэлнэ. Өвсийг ороож аваад тасдаж байгаа тэр хэлэнд л үхрийн мөн чанар байна” гэх юм уу, “Ээждээ хурдан очихыг сумтай зүйрлээд байх юм. Сум гэдэг чинь мөн чанар нь үхэл” гэж уулгална. Нэг удаа Г.Бадамсамбуутай хотын гудамжаар явж байснаа утааны сүүдэр газар унасныг хараад “Хөөе, энэ утаа чинь сүүдэртэй юм гээч” гэж олзуурхан хөөрөлхсөн гэх. Тэгээд Г.Бадамсамбуу “Утааны сүүдэр” нэртэй ойллого түүнд зориулж бичсэн удаатай.

Түүний 1988 оны өвөл Увс аймгийн “Тэргүүний малчин” сонинд нийтлүүлсэн “Цочино гэдэг агшны хорвоо” шүлэг тухайн үедээ л “эвэртэй туулай” байв. Мөн “Сүүдэр”, “Дэлхийн агаар” зэрэг шүлгүүд нь ч бусдаас онцгой ялгарч байсан юм. Яруу найрагч Б.Лхагвасүрэн 1980-аад оны сүүлээр Дарханд ирэхдээ “Залуучууд” театрын гэрлийн техникч Ц.Цэндийн шүлгүүдийг уншуулж сонсоод “Ямар хуцдаг бацаан бэ?” гэж дуу алдсан гэдэг. Тэгээд хэдэн шүлгийг нь радиод бичиж аваад явжээ. Тэр үе бол Б.Лхагвасүрэн найрагчийн ид босоо үе нь шүү дээ. Одоо бол Ц.Цэнд театрын дулаан хариуцсан инженер. Нэгэнт танигдсан яруу найрагч.

Ц.Цэндийн энэрэхүй үзэл Д.Урианхай багшийнхаа хөг, агаартай нэг гэж болно. Тэр бас талийгаач анд Б.Пүрэвсүрэнтэй уулын даяанд суусан хүн. Нүсэр хүнд юм шиг бодогдох шүлгүүд нь асар их дотоод хүчтэй. Тэсрэлттэй. Тэгсэн мөртлөө тэнд итгэхэд бэрх уян зөөлөн ай, хөдөлгөөнүүд бий. “Өвсний жавар” хэмээх бяцхан ойллого гэхэд л тэр чигтээ энэрэхүйн зөөлөн ай. Их мөсөн цавтах дуу цээжнээ түрэн ирэхэд загасны нүд жиндэхийг сонсон халаглах дотогш орь дуу. Ийм зөөлөн айтай мөртлөө хүн нь өөрөө адгуу, тэрслүү, цочмог нэгэн. “Насны эрхээр өтөлнө” гэдэг шиг одоо л жамаа дагаад зөөлөрч яваа болохоос. Гэхдээ л төрөлх зангаа амар тавихгүй нь мэдээж.

Хаврын адгуус

цээж нүцгэн!

Ороо удирдах

тарлан газар

Сар бөгтөр харайн

Хоосон дуу гишгэлээ...

* * *

Буга урамдаж өвс зуув уу?

Бүсгүй зүүдэлж хөхөө дарав уу?

* * *

Ичээнд унтах хулгана

Исгэрэн өвслөх сонсдоод...

Ц.Цэнд ийм л тод содон мэдрэмжтэй найрагч.

Түүний тэрслүү зангийн нэг жишээг Ж.Баяржаргал найрагч хөгжилтэй ярьдаг юм. Тэр нь юу гэхээр Дархан хотын Утга зохиолын нэгдлийн нэг удаагийн цуглаан дээр Ц.Цэнд О.Дашбалбар найрагчийн шинэхэн хэвлэгдсэн “Оддын аялгуу” түүврийг цоохор болтол нь засчихсан аваад иржээ. Нэгдлийн эрхлэгч П.Авирмэд гуай түүнийг үзээд бөөн уур болж, Цэндийг зад загнаж. Мань эр ч амар бууж өгсөнгүй. Өөдөөс нь мөчөөрхөж. Түүнээс болж бөөн маргаан дэгдсэн юм байх. Тухайн үедээ энэ нь сэтгэлгээний эрх чөлөө эрмэлзсэн тэмцлийн “хурц” хэлбэр байж.

Согтоод ирэхээрээ тэр ганцхан дуутай:

Нүд чинь талимаараад

даанч сайхан

Нүглийн шүд хүрээгүй

алиман дээр суусан

Хар цоохор эрвээхэй

Хатан сормуусаа билүүднэ

Б.Лхагвасүрэнгийн шүлэг.

Үг, ая нь яг Цэндэд тохирсон дуу.

Алтан хуа цэцэг нь хар илтэстэй яа...

Энэ бол түүний надад үзүүлсэн дууны шүлгийн нэг шад.

Ийм шүлэгт ая тааруулахад чамгүй нарийн ухаан шаардах байх.

Увс нутгийн уулс

Уур хүрэм өндөр...

Нутгийнхаа уулсыг тэр ингэж “магтах” жишээтэй.

Жүнз жингэнүүлье!

Зүрхээ баясгая...

Хөнгөхөн шүлэг нь.

Г.Бямбажав найрагч их дуртай.

Хөмсөг нийлье!

Нэг мөрт шүлэг нь.

Шувуу, шувуу...

....увуу, увуу...

...вууд вууд...

“Шувууд” шүлгээс нь.

Тэр бас “Улисс”-т модерн шүүмж бичсэн гэж байгаа.

Судлаач, шүүмжлэгчид Ц.Цэндийг үгүйсгэж зүрхэлдэггүй юм. Гэсэн мөртлөө одоо болтол түүний тухай өөртөө бүрэн итгэлтэй дуугарсан нь үгүй. Энэ нь Ц.Цэндийн уран бүтээлийн ертөнц хэнд ч хөндөгдөөгүй, атар зэлүүдээрээ байгаа гэсэн үг. Түүний бүтээлийн нарийвчилсан судалгааг “ИРЭЭДҮЙ ЦАГТ” итгэж даатгаад орхино гэхэд дэндүү харамсмаар. Утга зохиолын шүүмж судлалд өөрийгөө зориулж, шинэ хуудас нээхийг хүссэн, ид оргилж яваа залуусын хувьд гэвэл хүч сорих томоохон талбар уг нь энд л байгаа юм даа.

Ц.Цэнд ид залуу насандаа яруу найрагт өөрийн дотоод цөмөөс нэгэн их нууцыг үүтгэжээ. Номын санаа шинэ содон юмгүй, хэвшмэл бол уйтгартай. Хэрэв уншигчийн бодолтой яг таг давхцаж байвал толгой дохин зөвшөөх, сайшаахаас хэтрэхгүй. Харин шал өөр байвал тэндээс шинийг танин мэдэж, мэдсэнээ цааш лавшруулах хүсэл төрнө. Тиймээс л бүх цаг үеийн өдөөгч, уриалагч, турхирагч хүч нь БУСДААС ӨӨР СЭТГЭХ явдал байсаар ирсэн байна.

Ц.Цэнд амьдралаас хэт тасархай мэт этгээд сэтгэлгээтэй мөртлөө амьдралыг маш сайн мэднэ. Сайн аав. Сайн хань. Бас сайн өвөө. Зах зээл эхлэхэд тэр бидэн шиг алмай суугаагүй. Дампуу загнаж, дэмий тэнээгүй. Цээжээ дэлдэж хийрхээгүй. Нам гүмхэн байсан. Бүтээлээ хийхийн зэрэгцээ янз бүрээр хөдөлж үзсэн. Наймаа ч хийсэн. Уух архиныхаа мөнгө олох гэж (өөрийнх нь хэлснээр) бөхийн зодог шуудаг хүртэл ширж сурсан. Аливаад няхуур, цэвэр цэмцгэр нэгэн.

Ийм л нэгэн найрагч чимээгүйхэн аж төрсөөр л...

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч М.УЯНСҮХ

Онцлох нийтлэлүүд