ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.07.06 11:07

Нэг хүнийх шиг бичгийн хэвтэй Хишиг-Өндөрийн хичээнгүй сурагчид

Төрийн шагналт эрдэмтэн зохиолч Ш.Гаадамбын нэрэмжит Булган аймгийн Хишиг-Өндөр сумын бүрэн дунд сургуулийг 1972 онд С.Ичинхорлоо багштай төгссөн наймын “а” ангийнхан дөч гаруй жилийн дараа төрөлх сургууль дээрээ уулзахаар болзжээ. Анх 1964 онд Ц.Гунгаа багшийн удирдсан ангид баг багаас ирсэн охид, хөвгүүд цуглаж байж. Ангийн багшийнхаа уншуулсан “Салан баавгайн үлгэр”-ийг “Салаан баавгайн үйлгэр” гэж уншиж байсан гэнэн хонгор үе тэртээд алсран үлдэж бүгд амьдралын харгуйд аав, эжий болон замнажээ. Өнөөдөр ангийн хоёр багш нь мэнд амар аж төрцгөөж байна. Их эрдэмтэн Ш.Гаадамбын төрсөн охин С.Солонгос ч эдний ангийн хүүхэд. Харин тэрээр өргөмөл эцэг Сууриараа овоглодог юм билээ. Солонгос бол Эрхүүгийн ХААИС-ийг төгссөн өндөр боловсролтой нэгэн. Хожим Хөвсгөл аймгийн Рашаант сумын ИТХ-ын нарийн бичиг, Засаг даргын орлогчоор ажилласан байна. Гадаадад суралцсан бас нэг эрхэм нь ЗХУ-ын Омскт техник мэргэжлийн сургууль төгссөн Бя.Даваажав. Бя гэхийн учир нь Баасандамбын, Цэндбазарын гэсэн хоёр амидай нь цаана нь байгаа хэрэг.

Энэ ангийнхан наймаа төгссөнөөс хойш үндсэндээ цацсан будаа шиг л талын нэг тарчихсан хамт олон. Эрдэнэт, Булган, Улаанбаатар, Өмнөговь, Могод, Дорноговь, Хөвсгөл, Тэшиг, Гурванбулаг, Хангал гээд ёстой л Монголын өнцөг булан бүрт үүрнээсээ ниссэн шувуухай шиг тархаж орхиж дээ. Эдний анги бол тэнгэрт гартал тасраад цойлчихсон алдартан суутан хомсхон Монголын түм түм төгсөлтийнхний л адил байдаг нэг эгэл жирийн нэг ангийнхан. Ангийн төлөөлөл болсон доктор, профессор С.Бадарч ХААИС-ийн эдийн засаг, бизнесийн сургуулийн маркетингийн тэнхимийн эрхлэгчээр ажилладаг. Монгол Улсын ууган хөдөлмөрийн баатар Зундуйн Очир гуайн өргөмөл хүүгээс төрсөн ач хүү. Ууган хоньчин баатрын бас нэг хүү Дамдины охин Дэнсмаа нийслэлийн лаборатори нэгдүгээр сургуульд багшилдаг, хэлбичгийн ухааны доктор хүн. Тэрээр ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын уран бүтээлээр эрдмийн зэрэг хамгаалсан юм билээ. Бүлгийн дарга, таван онцын эзэн тэрээр гуравдугаар ангид байхдаа нам төрийн удирдагч Юмжаагийн Цэдэнбалыг хүндэт пионерт элсүүлж пионерийн тэмдэг зүүж өгч байсан нэгэн.

Бал дарга савхин дээлтэй байсан болохоор хоёр ч тэмдэгний зүү хугалсны эцэст “За, миний охин наад тэмдгээ надад өгчих. Би зүүлгэсэн гэж бодоод авчихъя” хэмээн халаасалсан гэдэг. Энэ тухай “Пионерийн үнэн” сонинд “Ю.Цэдэнбал даргыг “бөхийлгөсөн” хүүхэд” гэсэн сурвалжлага гарч байсан түүхтэй.

Сурвалжлагыг “Тэмээн дээрээс наран ойрхон” дуугаараа алдаршсан, яруу найрагч Жанчивын Шагдар гуай бичиж байж. Жан.Шагдар найрагч хоёр докторын өвөө Зундуйн Очир гуайн тухай “Эргэх дөрвөн цаг” баримтат туужийг бичих гэж бүтэн жил дагалдан хоньчин байсан хүн. Эл тууж дунд сургуулийн уран зохиолын сурах бичигт бараг ерээд он хүртэл байдаг байсан. Өвөөгийнхөө зурагтай туужаар үнэндээ бахархдаг байсан шүү гэж тэд өнөө дурсаж сууна. С.Бадарч хэрдээ хөөрхөн дуулчихдаг авьяаслаг нэгэн байсан гэнэ. Хишиг-Өндөр сумын урлаг соёлын гурван хоног Булган аймгийн төвд болоход зургадугаар ангийн сурагч Бадарч “Могой хээр” дуугаар оролцож, мандолины чуулгад Д.Дэнсмаа хөгжимдөж байсан аж. Гавьяат жүжигчин Нямын Цэгмид, Сүрэнхорлоо, Доржсүрэн, Гүрбазар нарын шүүлтүүрээр ийн сонгогдож байсан гэхээр Хишиг-Өндөрийнхний авьяас түрмэг байсан нь илэрхий. Ангийн дарга Гэндэнсүрэнгийн Цэцгээ төрөлх сургуулийнхаа орос хэлний багшаар насаараа ажиллажээ. Салаан дарга Ёндонгийн Билгүүн бараа судлаач мэргэжлээрээ Улаанбаатар хотын бөөний бараа баазуудад олон жил ажиллаж, эдүгээ “Миний фото” студийн арвангуравдугаар салбарын эрхлэгчийн алба хашиж байна. Билгүүн охин саваатай бүжгийг ёстой нэг нахилзаж намилзтал хийдэг байсан гэнэ дээ. Монгол Улсын гавьяат багш Цэдэв эдний ангийг “Одонтой анги” хэмээн тодорхойлсон нь учиртай. Алтан гадас одонгоор О.Тарвий, М.Батсуурь, Ч.Наранцэцэг, Г.Цэцгээ, О.Болд, С.Бадарч нар энгэрээ мялаасан бол Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Д.Удвал нарын дөрвөн хүн шагнагдсан болохоор арга ч үгүй биз. Ангиас Б.Баасан, Г.Цэндсүрэн хоёр хүүхэд насны үерхлээ амьдрал болгон холбож. Сум орныхоо нэр нүүрийг тахалж яваа мянгат малчид хэд хэд бий. Хишиг-Өндөр сумандаа О.Тарвий, А.Пүрэвсүрэн, Ц.Должинсүрэн, С.Ягаан нар буянт сүргээ өсгөж үржүүлж яваа бол Бугат суманд Ж.Гарамсамбуу, Могод суманд Д.Мяхлай нар малынхаа тоог мянгаас дээш давуулан аж төрж байгаа юм байна. Төгсөлтийн 38 хүнээс магистрын зэрэгтэй 32, салбарын тэргүүний ажилтан 35 хүн байгаа нь нэгэн жигд сайн сурлагатай анги байсны илэрхийлэл гэлтэй.

Тэшүүрийн спортын мастер Ц.Сайнцэцэг Эрдэнэтэд холбооны инженерээр ажилладаг бол хөнгөн атлетикийн нэрт тамирчин О.Гансүх Өмнөговь аймагт “Оюу толгой” компанид мэргэжилтнээр ажиллаж байна. Тэрчлэн зээрэнцэг, бөөрөнцгийн нэгдүгээр зэргийн тамирчин Ба.Даваажав биеийн тамирын багш бөгөөд улсын арслан Д.Азжаргалын авга эгч нь аж. Гартаа их бүлтэй энэ бүсгүй Намхай аваргын удмын хүн гэнэ. Сурагч ахуй наснаасаа гар бөмбөгөөр гайхуулж явсан Дамдинсүрэнгийн Мягмарсүрэн Орхон аймгийн эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байгаа гэсэн. Эдний анги сайхан бичлэгээрээ сумандаа байтугай улсдаа толгой цохиж монгол хэлбичгийн улсын олимпиадад ангиараа хоёрдугаар байр эзэлж байсан сайхан түүхтэй. Энэ бол гавьяат багш Доржийн Цэдэвийн л гавьяа гэж өнөө ч тэд боддог юм билээ. Багш нь “Адармаатай үгийн толь” хөтлүүлж “буур-буурь, аргал-аргаль, нударга-шударга” гэх мэтээр хүүхэд бүртэй тулж ажилласаар гуч гаруй хүүхдийг яг нэг хүүхдийнх шиг алдаагүй, цэвэр сайхан бичүүлж сургасан ачтай. Тухайн үед ардын боловсролын тэргүүний ажилтан Балжирын Байвал багш эдний ангийг улсын олимпиадад бэлтгэж оруулжээ. Б.Байвал багшийгаа ирээд удаагүй байхад самбарт юм бичиж байх үеэр охид хөвгүүдгүй “Баллуур байвал баллая”, “Боорцог байвал идье”, “Багш байвал суралцъя” гэх мэтээр багшийнхаа Байвал нэрийг оролцуулан тоглоом тохуу хийдэг байснаа олимпиадад уйгагүй сэтгэл гарган бэлтгэл хийлгэснээс хойш хэн нь ч тэгж дооглохоо больцгоосон гэдэг.

Цэвэрч нямбай бичиж сурахын тулд ангийнхаа самбарыг долоо хоног тутамд шинэчлэн сольдог байсан гэхээр хичнээн их хичээл зүтгэл гаргаж байсны гэрч болох нь дамжиггүй. Монгол хэлбичгийн олимпиадад дээгүүр байр эзлэхэд нь гавьяат багш Гонживын Рэнцэндоржийн ажлын арга барил ч их нөлөөлсөн гэдэг. Хишиг-Өндөрийн сургууль угаасаа “Тайлбартай дасгал”-аараа Монгол Улсын боловсролын салбарт хувь нэмрээ оруулсан монгол хэлний багш нараараа алдартай ажгуу. Монгол Улсын их, дээд сургуулийн монгол хэлний багш, мэргэжилтнүүд ирж их туршлага судалдаг байсан гэдэг. Монгол хэл бичгээрээ гайхуулж явсан эл ангиас найман эдийн засагч, гурван эмч, хоёр малын эмч, хоёр холбооны инженер, нийтийн хоолны технологич хоёр, цагдаагийн офицер, барилгын инженер, ойн техникч тус бүр нэг гээд улс эх орондоо хэрэгтэй мэргэжилтнүүд төрөн гарчээ. Хишиг-Өндөр сумын Засаг даргын тамгыг ээлжлэн олон жил барьсан ангийн андууд бол сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Н.Батсуурь, сумын Ардчилсан намын дарга О.Тарвий хоёр юм. Тус сумын сургуулийн хичээлийн эрхлэгч, захирлын албыг хорин гурван жил хашсан удирдах ажилтан гэвэл ардын боловсролын тэргүүний ажилтан Ч.Наранцэцэг аж.

Эдний ангийнхан улс орондоо нэр төртэй сайн сайхан яваагаа эрдмийн гэгээ хайрласан багш нартайгаа л холбон ярьцгаана. Хишиг-Өндөрөөс нэгэн үе тэшүүрийн спортын тамирчид шил дараалан төрж алдар суугаа мандуулж байсан нь биеийн тамирын багш Д.Зампаалай, Ч.Нямсүрэн нарын хичээл зүтгэлтэй зайлшгүй хол­бог­доно. Ангийн багш С.Ичинхорлоо нь гэхэд сургууль дөнгөж төгсөж ирсэн залуухан бүсгүй дугуй, мотоцикль унан хөдөөгийнхнийг бишрүүлэхээс гадна цанын спортын мастер хүн байсан гэдэг. Физик, математикийн багш С.Ичинхорлоо ангийнхандаа Жюль Вернийн “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь”, “Капитан Грантын хүүхдүүд”, “Арван таван наст ахмад” романуудын хорхой хүргэм хэсгийг уншиж өгөөд “За, та нар үргэлжлүүлэн уншина биз” гэж амтшуулаад орхидог байсан нь оюун билгийн далайд сэлэх өвчүүн завь шиг шавь нарт нь салхинаа дэрвэх далбааг орлодог байсан гэнэм.

Хишиг-Өндөр сумын сургуулийн түүхт 90 жилийн ой ирэх сарын эхээр уугуул нутагтаа болно. Тэр үеэр ангийнхан уулзацгааж 42 жилийн дотор хэрхэн аж төрөн явцгааж байгаагаа нэхэн дурсаж, баяр-гунигийн нулимстайгаар тэврэлдэн учирцгаах биз ээ. Дөчин хоёр жил гэдэг хүний нэгээхэн амьдралд маш урт хугацаа. Энэ хооронд эдний ангийнхнаас олон найз нь бурханы оронд оджээ. Хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Л.Жийжээ, Н.Баяраа, Ш.Цэндсүрэн, Ш.Туяа, Л.Чулуунпүрэв, Т.Бат-Өлзий, Я.Сосор, А.Баярсайхан, Д.Бурмаа, М.Ганболд, Ш.Гантөмөр, Б.Батжаргал, С.Ичинхорлоо, Э.Оюунтуяа, С.Бямбажав, С.Ганболд нараа тэд хүүхэд ахуйн гэнэн гэгээхэн төрхөөр нь дурсацгааж, сэтгэл зүрхэндээ амьдралын мөн чанарыг мэдэрцгээнэ. Тэр л цагт нэг ангийнхан гэдэг хичнээн үнэ цэнэтэй, хүний амьдрал гэдэг ямархан гайхамшиг болохыг ойлгоцгоох буюу. Ай хөөрхий, сурагч насны хонгорхон мөчүүд юутай хол одовч, юутай ойр санагднам бэ.

Л.БАТЦЭНГЭЛ


Онцлох нийтлэлүүд