ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2017.05.02 03:05

Нэйл Сакер: ОУВС урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангах суурийг бий болгоно

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдсан. Бүлгийн хуралдааны дараа ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер хэвлэлийн бага хурал хийв.

Ноён Нэйл Сакер, "ОУВС-гийн хөтөлбөр нь үндсэн хоёр зорилготой. Нэгдүгээрт, эдийн засагт тулгараад байгаа хүндрэл бэрхшээлийг даван туулах, хоёрдугаарт, урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангах бодлогын баазыг бий болгох явдал юм. Хөтөлбөрийг боловсруулахдаа бид Монгол Улсын Засгийн газар буюу Сангийн яам, Монголбанкны холбогдох хүмүүстэй нягт хамтран ажилласан.

Хөтөлбөрийн бодлогын арга хэмжээ нь голчлон төсөв дээр хэрэгжинэ. Төсвийн алдагдал маш их байгаа. 2016 оны төсвийн алдагдал ДНБ-ний 17 хувьтай тэнцсэн. Төсвийн алдагдал их байхын хэрээр их хэмжээний өр үүсч байна. Өр өндөр биш байсан бол энэ их мөнгийг боловсрол, эрүүл мэнд зэрэг өөр салбарт зарцуулах боломжтой байлаа. Засгийн газраас төсвийн алдагдлыг бууруулах төлөвлөгөө боловсруулан оруулж ирснийг бид дэмжиж байгаа. Өнгөрсөн онд ДНБ-ний 17 хувьтай тэнцэж байсан төсвийн алдагдлыг энэ онд 10.5 хувьд хүргэх, 2020-иод оны эхэн үед төсвийн алдагдалгүй болох Засгийн газрын зорилтыг дэмжиж байна.

Төсвийн алдагдлыг бууруулахын тулд бодлогын тохиргоо хийж байгаа. Тохиргоотой холбогдуулан авч байгаа арга хэмжээнүүд болон гарч ирж байгаа тоонуудын өөрчлөлтийг Засгийн газартай тохиролцож баталгаажуулсан. Төсвийн бодлого дээр хэрэгжүүлж байгаа тохиргооны ихэнх хэсгийг төсвийн зарлага тал дээр хийж байна. Хөрөнгө оруулалтын зардлууд, хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулахдаа зарлага их гаргахаар байна. Үүнийг илүү сайн боловсруулах ёстой. Ингэснээр хөрөнгө оруулалтын зардлыг хэмнэх боломжтой.

Мөн шударга байдлыг хангах үүднээс нийгмийн халамжийн зардлыг бууруулаагүй. Татварыг нэмэгдүүлэх арга хэмжээ нь ядуу эмзэг бүлгийнхэнд ямар нэгэн ачаалал үүсгэхгүй байхаар тохиролцсон. Орлого тал дээр авч байгаа арга хэмжээний ихэнхи нь чинээлэг монголчуудад үйлчлэх юм. Ядуу эмзэг бүлгийнхэн орлого нэмэгдүүлэх арга хэмжээний нөлөөллийг амсахгүй гэж хэлж болно. Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварыг өсгөөгүй гэдгийг онцолж хэлье. Хувь хүний орлогын татвар шатлалтай болж байгаа. Энэ шатлал нь өндөр орлоготой хүмүүс өндөр татвар төлөхөөр зохицуулагдсан.

Ер нь хөтөлбөр амжилттай хэрэгжвэл Монгол Улсын эдийн засаг тогтворжино гэдэгт бүрэн итгэлтэй байна. Хөтөлбөрийн үр дүнд валютын ханш тогтворжино, инфляцийн болоод хүүгийн түвшин буурна. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улс хөгжил дэвшилд хүрэх бүрэн нөөц бололцоогоо дайчлах боломж бүрдэнэ. Дунд хугацаанд Монгол Улсын эдийн засаг 8 хувьд хүрэх боломж бий. Ингэснээр хүн амын амьжиргааны түвшин дээшилнэ.

Түүний мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуудлаа тодруулсан юм.

-Өнгөрсөн 7 хоногт ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдаад манай улсын зүгээс тавьсан хүсэлтийг хойшлуулсан. Үүний шалтгаан нь Хөрөнгө оруулалтын тухай хууль, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хөндсөнтэй холбоотой гэж үзсэн байсан. Үүнийг дахин нягтлах хугацаа хэзээ бол?

-Бид энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Ирэх 2-3 долоо хоногт багтаагаад хөтөлбөрийг батална.

-ОУВС-гийн зүгээс 7 төрлийн татварыг нэм гэсэн чиглэлийг өгсөн үү?

-Хөтөлбөртэй холбоотой асуудал хоёр талаасаа яригдаж байгаа. Бодлогын хүрээнд талууд бүх асуудлууд дээр харилцан тохиролцож шийдвэрээ гаргасан.

-“Оюутолгой” тэргүүтэй уул уурхайн компаниудын мөнгийг Монголын банкуудаар дамжуулах тухай заалтыг ОУВС яагаад дэмжихгүй байна вэ?

-Монгол Улсын тодорхой нэг компанитай байгуулсан гэрээний талаар бид байр сууриа илэрхийлэх боломжгүй. УИХ-ын тогтоолд тусгасан заалттай холбоотойгоор Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин муудах нөхцөл бүрдэж магадгүй гэсэн болгоомжлол бий. Ер нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин гадаадын хөрөнгө оруулалттай аль болох олон компанид хөрөнгө оруулах нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой.

-Татвар эмзэг бүлгийнхэнд биш чинээлэг давхаргад чиглэгдсэн гэдгийг та хэллээ. Гэхдээ Монгол Улс асар их уул уурхайн бүтээгдэхүүн экспортолж байгаа мөртлөө бага татвар авч байна. Алтны татварыг нэмэгдүүлэх асуудлыг хөндөх бололцоо байсан уу?

-Алтны татварыг нэмэгдүүлсэн тохиолдолд алт олборлогчид татвараас зайлсхийх, орлогоо нуун дарагдуулах асуудал өнгөрсөн хугацаанд гарч байсан. Алт олборлогчдын татварын орчинг дэлхийн жишигт өрсөлдөхүйц түвшинд тогтоосноор алт олборлогчид өөрсдийн үйлдвэрлэл, орлогын хэмжээг үнэн зөв шударгаар мэдээлнэ. Сүүлийн саруудад Монголын экспортолдог эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээлд нэмэгдсэн. Үүний үр дүнд Засгийн газарт илүү их орлого төвлөрч байгаа гэж ойлгож байна.

-УИХ-ын тогтоол дахь хөрөнгө оруулалттай холбоотой заалтыг өөрчлөх эсвэл хүчингүй болгох хэрэгтэй гэж үзэж байна. Энэ асуудал дээр ОУВС ямар байр суурьтай байгаа вэ?

-ОУВС-гийн ажлын хэсэг макро эдийн засгийн түвшинд ямар үр дагавар гарах вэ гэсэн тооцоо судалгааг хийж байгаа. Тийм учраас одоогоор ямар нэгэн хариу өгөх боломжгүй.

-ОУВС-гийн захирлуудын зөвлөл хэзээ хуралдах вэ?

-Одоогоор албан ёсны шийдвэр гараагүй байна.

Онцлох нийтлэлүүд