Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Булангууд
2016.09.05 12:09

Нэхий боодол бохины үнэгүй болсны учир

Сонгуулийн өмнө жүжигчин Амараа “Нэхий боодол бохины үнэгүй боллоо” гэж хэлснийхээ төлөө цагдаад шалгагдлаа гэх шуугиан дэгдэж байлаа. Жүжигчин залуу улс төрийн зорилгоор үг хэлсэн, түүнийг нь бас улс төрийн зорилгоор шалгасан асуудал бий л байх. Гэхдээ өнөөдөр нэхий боодол бохины үнэгүй байгаа нь үнэн. “Эмээлт” түүхий эдийн захад өнгөрсөн долоо хоногт хонины нэхий 300-700 төгрөгийн үнэтэй байлаа. 700 төгрөг нь энэ зуны хамгийн өндөр ханш. Бас нэхий авч байгаа хүн “Эмээлт”-д тун цөөн. Арьсаа тушааж байгаа малчин ч ховор. Хаа холоос 300 төгрөгөөр өгөх гэж хүн царайчилснаас хотондоо хаячихсан нь малчдад гарлагагүй гэх юм билээ.

Зах зээлд арьсан гутал, цүнх үнэтэйд тооцогддог. Тэгвэл гутал, цүнхний түүхий эд яагаад “хог” болов. Хонины нэхий боодол бохины үнэгүй болсон учрыг эх сурвалжийн мэдээллийн мөрөөр сурвалжиллаа.

“ЭМЭЭЛТ” ЭЗГҮЙРСЭН УЧИР

Хэдэн жилийн өмнө “Эмээлт” захыг “Хятадын эмээлт үү, Монголын нутаг уу” гэцгээдэг байлаа. Ерөөсөө л “Эмээлт”-ийг хятад ченжүүд хөдөлгөж байсан учраас тэр. Одоо тэндээс хятад хүн олоход хэцүү. Хятадуудад ажилладаг ченжүүд ч ховор болж. Ноолуур авч байгаа ченжүүд байх боловч хонины арьс, шир авч байгаа нь тун ховор юм. Мал зардаг төвлөрсөн цэгийн гадна хонь, ямааны арьс авч байгаатай таарлаа. Тэдний яриагаар гурваас долдугаар сар хүртэл тарз угаасаа үнэгүй байдаг. Үйлдвэрийн хэрэгцээ, шаардлага хангадаггүй учраас тарз авахгүй, зөвхөн өлөнг нь л үнэлж авдаг. Харин наадмын дараагаас үнэ нь арай өсдөг. Энэ жилийн тухайд ханш өсөөд, өсөөд 700 төгрөг л болж байгаа гэнэ. Сүүлийн хоёр жил хятадууд ирж түүхий эд авах нь ховордсон. Тэгэхээр эрэлт байхгүй, “Эмээлт”-д ажиллах шаардлагагүй болсон талаар тэд ярилаа. “Хятадууд үнэ цохиж түүхий эд авдаг гэж муулдаг, муухайгаар ярьдаг байсан үед бид ажилтай, орлоготой байсан. Түүхий эд авч хядадуудад зарахдаа дундаас нь ашиг гаргана. Ачигч хийж цалин авна. Харин одоо хятад түншүүд ирэхээ больчихсон. Тэд эндээс авсан түүхий эдээ заавал боловсруулж хилээр гаргадаг болсон. Тэр үеэс хятад түншүүд харагдахаа больсон” гэж ярьсан юм.

Энэ зун “Эмээлт”-ийн ченжүүд авсан нэхийнийхээ ноосыг авч, зараад арьсыг нь “Биокомбинат”-ын хогийн цэгт аваачиж шатаах ажил хийсэн гэнэ.

Саяхнаас “Дархан нэхий”, “Дархан минж” компаниуд ченжүүдээс 500-700 төгрөгөөр нэхий авч эхэлжээ. Гэхдээ ялгаж сайн чанарын нэхийг энэ ханшаар авч байгааг ченжүүд ярилаа. Сайн чанарын гэх шалгуурт нийцэх нэхий бараг байхгүйг ч ярьсан.

Харин хятадууд 300-400 төгрөгөөр авч байгаа гэнэ. Түүхий эд авдаг хятадууд бараг байхгүй болсон талаар дээр өгүүлсэн. Гэхдээ сүүхэйтэй хэд нь түүхий эд авч, нутаг руугаа гаргах аргаа өөрчилж, “ажлын байр”-аа сольсон тухай баримт бас олдсон юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛООР ТҮҮХИЙ ЭД УНАСАН УЧИР

Дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэж мал, малын гаралтай түүхий эдийн үнэ унасныг эдийн засгийн үзүүлэлт харуулж байгаа. Хямралаас үүдэлтэй үнэтэй арьсан цүнхний эрэлт багасч, тансаг хэрэглээ хумигдсан гэхэд болно. Бас манай гол харилцагч БНХАУ-д цөөнгүй үйлдвэр хаалгаа барьж, түүхий эдийн эрэлт буурсан. Хятадад малын арьснаас илүү сентетик материалаар хийсэн бүтээгдэхүүн борлуулагдаж байгаа нь ч бас нэг шалтгаан.

Өмнөд монголчууд түүхий эдийн үнэ унасныг эсэргүүцэж, хонь ямааныхаа арьсыг шатааж байсан нь ч саяхан. Гэхдээ тэнд арьс, шир огт хэрэггүй болчихсон юм биш. Хамгийн багадаа хонины нэхий 15-17 юань (5200-6000)-ийн үнэтэй байгаа аж. Гэтэл Монголд малчдын нэхий хог болж, зарагдлаа гэхэд бохины үнэ хүрэхээ больчихсон байгаа. Хятадууд Монголоос түүхий эд авах зардал нь хэдэн жилийн өмнөхтэй адил 3800-4200 төгрөг байгаа гэвэл та итгэх үү. Малчнаас зарагдахад боодол бохины үнэ хүрэхгүй нэхийг хятадууд хаанаас дөрвөн мянга гаргаж аваад байна вэ.

Эх сурвалжуудын мэдээлснээр хонины нэхий малчдын хувьд “хог” болсон нь Засгийн газрын хоёр тогтоолтой холбоотой.

Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт үйлдвэрлэлийг дэмжих гол бодлого орсон. Үйлдвэрлэгчдээ дэмжиж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг буруутгах аргагүй. Гэтэл тэр бодлого замаасаа хазайж түүхий эдийн үнийг унагах гол шалтгаан болжээ.

Монгол Улсын Засгийн газар 2013 оны наймдугаар сарын 20-ны өдөр 300 дугаар тогтоол гаргасан. Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг батлах тухай уг тогтоолд “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 10.2, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “малын гаралтай түүхий эд, ноолуур, ноос, арьс, ширийг боловсруулж, зах зээлд нийлүүлдэг болох” гэсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь, 1. Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг хавсралт ёсоор баталж, 2013 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. 2. Энэхүү техникийн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээг шат дараалан авч ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Гүньбазар, Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван, Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат нарт тус тус үүрэг болгож, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд зөвлөсүгэй” гэж заасан байдаг. Н.Алтанхуяг Ерөнхий сайд, Н.Батбаяр Эдийн засгийн хөгжлийн сайд байсан үед энэ тогтоол батлагдсан юм.

Тогтоолд заасны дагуу арьс, ширний үйлдвэрлэл худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт батлагдаж Хонины арьсыг вет-блю техникийн шаардлагын дагуу боловсруулж хилээр гаргахаар болсон билээ. “Вет-блю” гэж химийн аргаар үсийг нь унагасан, үсний угийг нь бүрэн гүйцэд авсан, механик аргаар халимлаж шар махыг авсан, өнгөн болон шар махан тал нь цэвэр толигор, нугалаасгүй, толбогүй, сульфат хромын суурилаг давсаар нэвт идээлэгдсэн, жигд өнгөтэй нойтон хөх арьс, ширийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ технологийн дагуу боловсруулсан арьсыг л хилээр гаргадаг болсон. Засгийн газрын 300 дугаар тогтоол гарахаас өмнө анхан шатны боловсруулалт хийсэн буюу идээлж, тосолж хатаасан, өнгө засал хийгээгүй арьсыг хилээр гаргадаг байсан.

МАЛЧИНД 400, ҮЙЛДВЭРТ 4000

Уншигчид санаж байгаа бол 2013 оны намраас арьс, ширний үнэ огцом буурсан билээ. Хятадаас ченжүүд Монголд ирэхээ больж, Эмээлтэд ч хөл хөдөлгөөн цөөрсөн.

Үүний дараа Засгийн газар бас нэгэн тогтоол гаргаж адууны ширний үнийг навс унагасан. Тодруулбал, Засгийн газрын 2014 оны аравдугаар сарын 11-ний өдрийн 330 дугаар тогтоолоор Арьс, ширний үйлдвэрлэл худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтад өөрчлөлт орж адуу, тэмээний ширийг бүрэн боловсруулж хилээр гаргахаар болсон. Үр дүнд нь “Эмээлт”-д 200 гаруй мянган адууны шир өмхийрөх болж Засгийн газар сарын хугацаанд энэ тогтоолоо түдгэлзүүлж түр гал унтраасан билээ.

Засгийн газар ийм тогтоол гаргасан нь үндэсний үйлдвэрээ дэмжих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой байсан. Гэвч гурван жилийн хугацаанд арьс, ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хэр хөгжсөн бэ гэдэг нь бас асуудал. Хангалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэхэд экспортод гаргах бараг боломжгүй байгаа. Ченжүүдийн ярьснаар өдийд хэдхэн үйлдвэр л нэхий авч байгаа гэдэг бас л асуудал. Тэгсэн атлаа арьс, шир боловсруулах үйлдвэр ажиллаад байгаа нь сонин биш гэж үү.

“ЭМЭЭЛТ”-ИЙГ ЭЗГҮЙРҮҮЛСЭН ХЯТАДУУД ҮЙЛДВЭРҮҮДЭД НҮҮГЭЭД ОЧЧИХСОН ГЭВ ҮҮ

Малчдаас, ченжүүдээс нэхий бараг авдаггүй үйлдвэрүүд ажиллаад байдаг. Үүний шалтгаан нь “Эмээлт”-д малчдаас түүхий эд аваад нутаг руугаа гаргадаг хятадууд боловсруулах үйлдвэрт нүүгээд оччихож.

Бидэнд мэдээлэл өгсөн эх сурвалжийн ярьснаар Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 34 боловсруулах үйлдвэрийн ихэнхийг хятадууд түрээсэлжээ. Юун нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Гадныхан үнэгүй шахам авсан түүхий эдээ монгол үйлдвэрүүдэд боловсруулаад нутаг буцаж байна.

Монголын боловсруулах үйлдвэрүүд нэг нэхий боловсруулахад 11-12 юанийн түрээс авдаг гэнэ. Хятадууд “Эмээлт”-ээс 300-400 төгрөгөөр авсан нэхийгээ 3500-4000 төгрөгөөр боловсруулдаг. Ингэхээр Монголд нэг хонины нэхий 3800-4500 төгрөгийн ханштай гэсэн үг. Харин Засгийн газрын 300, 330 дугаар тогтоолын үр дүнд малчинд 400, үйлдвэрт 4000 төгрөг ноогдож байна. Үйлдвэр ашигтай ажиллахад ажлын байр нэмэгдэнэ гэж тайвширч болох талтай. Гэтэл хятадууд боловсруулах технологио өөрсдөө хариуцна гээд тэндээсээ технологичид авчирдаг юм байна. Монголчууд ачигч, угаагч гээд цалин багатай, хар ажил хийх төдийхөн. Мөн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэмжээ бага учраас төдийлөн олон хүн ажилладаггүй. Өнөөх нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гоё зорилготой үйлдвэрүүд байр, тоног төхөөрөмжөө түрээслээд нэг нэхийнээс 4000 төгрөгийн орлоготой сууж байна.

Ийм наймаа хятадуудад ч алдагдалгүй. Угаасаа тэндээ нэхий хамгийн багадаа 5200-6000 төгрөгийн үнэтэй байгаа. Ийм үнээр авсан нэхийгээ зардал гаргаж боловсруулна. Боловсруулах зардал нь тэндээ 20 юань (7000 төгрөг)-иас багагүй Тэгвэл энд 400 төгрөгөөр авсан нэхийгээ 4000 төгрөгөөр боловсруулаад, хилээр татваргүй гаргачихсан нь ашигтай.

Энд бид хятадууд муухай, монголчуудыг ашиглаж байна гэж цоллосонгүй. Тэд л биднээс түүхий эд авдаг гол зах зээл учраас буруутгах ч аргагүй. Харин Монголын төр нэг л тогтоол гаргахад малчдыг үгүйрүүлж, хэдхэн үйлдвэрийн эздэд монцойгоод сууж байх боломжийг олгочихож байгаа нь харамсалтай.

Бид арьс, шир боловсруулах хэд, хэдэн үйлдвэртэй холбогдож нэхий боловсруулах түрээсийн үнэ судлахад 10-12 юань гэх нь ч байсан бол зарим нь үйлдвэртэй танилцсаны дараа үнэ хэлнэ гэцгээж байсан юм.

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Үргэлжлэл бий

Онцлох нийтлэлүүд