ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2015.02.11 11:02

“Нээлттэй шүүх” хэлэлцүүлэг зохион байгуулна

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс маргааш буюу энэ сарын 12-ны өдрийн 09.00-11.30 цагийн хооронд “Нээлттэй шүүх” хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна. Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны ажилтнууд, Нийслэл дэх шүүхүүдийн Тамгын газрын дарга, Олон нийттэй харилцах мэргэжилтнүүд, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын Нотариатчдын танхим, Монголын Хуульч Эмэгтэйчүүдийн холбоо зэрэг Төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон орон нутгийн шүүхүүд оролцох юм байна. Мөн хуулийн сургуулийн багш, оюутан, эрдэмтэн судлаач нарт хэлэлцүүлгийн үүд хаалга нээлттэй байх нь. Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.МэндсайханШүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлын шинэтгэл сэдвээр илтгэл тавина. Харин Монголын Хуульчдын Холбооны ерөнхийлөгч Д.Батсүх “Шүүхийн шинэтгэлийн үйл ажиллагаанд Хуульчдын холбоо оролцох нь”, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар “Шүүхийн нээлттэй үйл ажиллагаанд өмгөөлөгчдийн оролцоо”, Монголын Нотариатчдын Танхимын ерөнхийлөгч А.Оюунчимэг “Иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд нотариатчдын оролцоо” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. “Нээлттэй шүүх” хэлэлцүүлэг нь шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангахад чиглэсэн ажил, үр дүн, анхаарах асуудлын талаар хэлэлцэх бөгөөд энэ чиглэлээр Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгцээ, шаардлагын талаар санал солилцох аж.

Онцлох нийтлэлүүд