ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.05.30 06:05

Нярайн тандалт шинжилгээний хөтөлбөртэй болов

“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ээлжит 19 дэх удаагийн цахим хурал өнөөдөр  ЭХЭМҮТ-д боллоо. 

Өнөөдрийн цахим шуурхай хурал Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн болж буй бөгөөд Эх үрсийн баярыг угтан Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл эх үрс – Монголын ирээдүй” арга хэмжээг зохион байгуулж, “Нярайн тандалт шинжилгээний хөтөлбөр 2014-2020”-ийг Эрүүл мэндийн сайдын 182 тоот тушаалаар батлан гаргаснаа  нийтэд танилцуулж, нээлтээ хийсэн юм. 

 Эрүүл мэндийн сайд Н.Удвал  эх үрсийн баярыг олон  таатай мэдээтэйгээр угтаж байгаагаа онцлов.  

 Тухайлбал, сүүлийн долоо хоногт 1544 эх төрж, 1554 нярай мэндэлсэн бөгөөд энэ оны хамгийн цөөн нярайн эндсэн долоо хоног байлаа. 

Салбарын сайд Архангай, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгууд нялхсын эндэгдэл багатай ажиллаж байгаад талархал илэрхийлж, улам хичээж ажиллахыг хүслээ.  

 Мөн эхийн ноцтой хүндрэлийн 114 тохиолдол бүртгэгдсэн ч бүгдийнх нь амийг аварсан гэж Эрүүл мэндийн сайд хэллээ. Улсын хэмжээнд эх, нярай, хүүхэд бүрийн эрүүл мэндийн тандалтыг долоо хоног бүр хийж, цахим шуурхай хурлыг зохион байгуулж байгаа нь энэ амжилтын эхлэл болсныг ч Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв. 

Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бүртгэх, эрүүл мэндийн тандалт, судалгааг улам боловсронгуй болгох үүднээс хот, хөдөөгийн эмч, эх барих эмэгтэйчүүд, нярай, статистикийн эмч мэргэжилтнүүдийг хамарсан сургалтыг ЭХЭМҮТ дээр зохион байгуулж байгаа. Уг сургалтад 60 гаруй эмч, мэргэжилтэн хамрагдаж байгаа юм. Сайд “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоог бий болгосноор бодит байдалд дүн шинжилгээ хийх, эргэн мэдээлэх, нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргах, эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах цогц арга хэмжээ хэрэгжиж, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэл буурахад ач холбогдолтой болох юм” гэж дүгнэж байлаа.  

  Энэ үеэр ЭМЯ-ны Хүүхэд өсвөр үеийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Соёлгэрэл “Нярайн тандалт шинжилгээний хөтөлбөр 2014-2020”-ийг танилцууллаа. 

Тэрээр, “Энэ ажил нь Засгийн газрын төлөвлөсөн бүтээлч ажлын нэг юм. Энэ хөтөлбөрийн дагуу Монгол улсад шинээр төрж буй бүх нярайн төрөлхийн хөгжлийн гажиг, бодисын солилцооны эмгэгүүдийг эрт үед нь оношлож, эмчилгээнд хамруулснаар өвчлөл эндэгдэл буурах, хөгжлийн бэрхшээл үүсэхээс сэргийлэх боломж бүрдэх юм. Эх үрсийн баярыг тохиолдуулан энэ хөтөлбөрийн нээлтийг хийж байна” гэв. 

Нярайн тандалт шинжилгээ буюу скрининг нь илэрхий шинж тэмдэггүй төрөлхийн ба удамшлын өвчнийг энгийн, хурдан, аюулгүй аргаар баталгаатай технологи ашиглан, нярайн эрт үед илрүүлэн оношилж, эмчилгээнд хамруулна. Ингэснээр нярайн өвчлөл, эндэгдэл, хөгжлийн бэрхшээл үүсэхээс эрт сэргийлэх боломж олгох юм. Удамшлын болон төрөлхийн эмгэгээс үүдэлтэй өвчлөлийг багасгах нь эрүүл мэндийн төдийгүй нийгмийн халамж, тусгай боловсролд зарцуулах зардлыг бууруулах нийгэм эдийн засгийн ач холбогдолтой гэнэ.  

 Дээрх шинжилгээнд шинээр төрж буй бүх хүүхдийг хамруулахад өндөр хүчин чадалтай багаж, тоног төхөөрөмж, лаборатори шаардлагатай бөгөөд Засгийн газар болон гадаадын зээл тусламжаас эх үүсвэрийг бүрдүүлж, үйл ажиллагаагаа эхлээд байна. 

Энэхүү хөтөлбөрөөр дөрвөн төрлийн тандалт шинжилгээг хийхээр төлөвлөжээ. Үүнд: 

Түнхний үений төрөлхийн мултрал ба дутуу хөгжил нь (дисплази) хүүхдийн яс, булчингийн тогтолцооны эмгэгээс хамгийн түгээмэл тохиолддог эмгэг юм. Түнхний үений дутуу хөгжлийг эрт оношилж, эмчлээгүй тохиолдолд үений үрэвсэл (артроз), мултрал үүсч насан туршид нь хөгжлийн бэрхшээлтэй болгон, улмаар гэр бүл, нийгэмд сөрөг үр дагаварыг дагуулдаг. 2014 оноос ЭХЭМҮТ-ийн өөрийн лаборатори, мэргэжилтнүүдийн хүчээр дагнан хийж эхлээд байна. 

Нярайн бодисын солилцооны төрөлхийн эмгэгийн тандалт шинжилгээ нь дэлхийн олон улсад хамгийн амжилттай хэрэгжиж байгаа хөтөлбөрийн нэг юм. Дэлхий дахинаа 1965 оноос нярайн скрининг шинжилгээг хийж эхэлсэн. Одоо дэлхийн 70 гаруй орны 475 гаруй лабораторид 40 гаруй нэр төрлийн эмгэгийг илрүүлэх шинжилгээ хийгддэг байна. Нярайн бодисын солилцооны төрөлхийн зарим эмгэгийг эрт илрүүлж, эмчилснээр хүүхэд хэвийн, эрүүл хүүхдийн адил өсч торних боломжтой болно. 

Сонсголын төрөлхийн бэрхшээл нь нярайд хамгийн элбэг тохиолддог эмгэгийн нэг юм. Хүүхдийн сонсгол бууралтыг оройтож мэдснээр цаашдаа хэлгүй, дүлий байдалд хүргэдэг. Манай оронд нийт хүн амын 12.1%-д сонсголын эмгэг илэрч, одоогоор 240’000 гаруй хүн сонсголын өөрчлөлттэй байна. Түүнчлэн 1000 төрөлт тутамд 1.2-1.3 огт сонсголгүй хүүхэд төрж, тэр нь амьдралын хугацаанд 2 дахин өсдөг гэсэн мэдээлэл байна. Сонсголын тандалт шинжилгээ хийгдэхэд дээрх үзүүлэлт 3-4 болж нэмэгддэг. Нярайн сонсголын бууралт ихэвчлэн хожуу буюу 2-3 насанд оношлогддог. 2012 онд ЭХЭМҮТ-д нярайн сонсголын скринингийн судалгаанд нийт 2000 гаруй нярайг хамруулан 2 тохиолдлыг эрт илрүүлэн, оношилсон нь манайд нярайн дунд сонсголын эмгэг ховор бус тохиолдож буйг илэрхийлж байна. 

Дутуу нярайн ретинопатийг эрт илрүүлж, эмчлээгүйгээс сохрол үүснэ. Дэлхийн олон оронд хийсэн судалгаанаас үзэхэд 1500 граммаас доош жинтэй нярайн 19-47%, 1000-аас доош жинтэй нярайн 54-100%-д ретинопати үүсдэг байна. ДЭМБ-ын удирдамжийн дагуу жирэмсний тээлтийн 22 долоо хоногтойгоос дээш хугацааг төрөлт хэмээн тооцох болсноор дутуу төрөлтийн үед хэт бага жинтэй нярайд тусламж үйлчилгээг цогцоор үзүүлэх шаардлага урган гарч байна. 

ДЭМБ-ын мэдээлснээр шинээр мэндэлсэн 10 хүүхэд дутмын нэг нь дутуу төрж байна. Анагаах ухаан хөгжихийн хирээр дутуу нярайн амьдрах чадвар нэмэгдэж байгаа ч амьдарсан хүүхдийн дунд тархины саажилт, нүдний торлогийн эмгэг буюу ретинопати зэрэг хүндрэл хугацаандаа төрсөн хүүхэдтэй харьцуулахад элбэг тохиолддог. 

Үр шилжүүлэн суулгах ажилбар Монгол улсад хийгдэж байгаатай холбоотой дутуу төрөлтийн хувь нэмэгдэх хандлагатай болж байна. Иймд дутуу нярайн ретинопатиг эрт илрүүлэх, оношлогдсон тохиолдлыг цаг алдалгүй эмчлэх шаардлагатай игэж мэргэжилтэнүүд дүгнэж байна.

Онцлох нийтлэлүүд