Цаг үе
2021.02.24 01:02

Н.Алтанбаатар: Цагдаагийн алба хаагчид тэтгэвэрт гараад 1-2 жил, цаашлаад таван жил болоод өвчний улмаас таалал төгсөх тохиолдлууд их гарч байна


Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Н.Алтанбаатартай ярилцлаа.


No description available.-Танай холбооноос саяхан ХЭҮК-т гомдол гаргасан. Шалтгаан нөхцөл юу байв?

-Дэлхий даяар 2020 онд “COVID-19” хэмээх цар тахал тархсантай холбоотойгоор Монгол Улс энэхүү тахлаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх зорилгоор 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос эхлэн өндөржүүлсэн бэлэн байдал, бүх нийтийн бэлэн байдал гэх мэт дэглэмээр өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Энэхүү хугацаанд цагдаа, дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүн дарга, цэрэг гэлтгүй ахлагчаасаа хурандаа хүртэл цаг наргүй, нойр хоолгүй үүрэг гүйцэтгэн ажилласаар ирсэн. Энэ хугацаанд эдгээр алба хаагчдын гэр бүлээс маш их гомдол, санал манай холбоонд ирсээр байгаа.Тухайлбал, алба хаагчид амрах цаг завгүй уртасгасан цагаар болон 24/24 буюу тулаа гарч ажилласнаар ядарч сульдах, өвдөх, зарим алба хаагчид ажлын ачааллаас улбаалж, саажилт, харвалт өгөх зэрэг нөхцөл байдлууд үүсч буй талаар та бүхэн цааш нь шийдвэр гаргах хүмүүст уламжилж ажиллаач гэсэн гомдол, мэдээллийн дагуу ХЭҮК-т хандсан.

-Цар тахал гарснаас хойш цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид ачаалал авч ажилласныг иргэд маш сайн ойлгож байгаа. Энэ үед тэдний ажиллах орчин нөхцөл ямар байв?

Алба хаагчид маань маш их ачаалалтай ажиллаж байгааг иргэд маань ойлгож, тэдний тавьж буй хууль ёсны шаардлагыг хүлээн авч үйл ажиллагааг нь дэмжин ирсэнд талархалтай байна. Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын ажлын ачаалал маш их, амрах цаг хомс ажиллаж байгаа нь цагдаагийн байгууллагын хүн хүч, орон тоо дутуу байдлаас улбаатай. Цагдаагийн байгууллагын зарим ажил үйлчилгээ, хангалтын жишиг нормативын талаар 2011 онд баталсан Засгийн газрын 153 дугаар тогтоол байдаг. Цагдаагийн байгууллага алба хаагчдаас иргэдэд чанартай, жигд, хүртээмжтэй, шуурхай үйлчлэх, алба хаагчийн хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, эдийн засгийн үр ашигтай нөхцөлийг бий болгоход энэхүү жишиг нормативын зорилго оршдог боловч үндсэн зорилгодоо хүрэх хүн хүч, орон тоо дутуу байна. Өнөөдрийн байдлаар 5800 гаруй орон тоо дутуу ажиллаж байгаа нь нэг хүнд оногдох ажлын ачаалал ихэсч, амарч, хооллож ундлах зөв дэглэм алдагдсанаас алба хаагчдад стресс, бухимдал үүсэх, бие организмд өөрчлөлт гарч эд, эрхтнүүд нь өвчлөх байдал түгээмэл болсон.Түүнчлэн үүрэг гүйцэтгэж байх үед хоол унд муутай, бие засах боломж бололцоо байхгүй талаар ч нэлээд гомдол ирж байсан. Мөн цар тахалтай тэмцэх хөл хорионы үед алба хаагчдад тулгарч байсан хүндрэлтэй асуудал бол УОК, НОК-оос гаргаж буй шийдвэрүүд нь хоорондоо уялдаа холбоогүй, зөрчилдсөн, нэг мөр ойлголтгүй,аливаа шийдвэрийг цаг хугацааны хувьд тулгаж гаргадаг зэрэг нь иргэд алба хаагчдын хооронд үл ойлголцол, маргаан, бухимдал үүсгэх тохиолдол байсан. Зарим нэг иргэд маань бухимдлаа үүрэг гүйцэтгэж буй алба хаагч нарт гаргаж биед нь халдах, хэл амаар доромжлох тохиолдлууд нэлээдгүй гарч байсныг та бүхэн бас анзаарсан байлгүй дээ.

-Алба хаагчид ар гэртээ зарцуулах цаг зав муу байгаагаас үл ойлголцол гарах, зарим нэг гэр бүл салах дээрээ тулсан асуудал гарсан гэдгийг цагдаагийн алба хаагчийн ар гэр танай холбоонд мэдэгдсэн байсан шүү дээ?

-Дээр дурдсан Засгийн газрын 153 дугаар тогтоолын хэрэгжилттэй холбоотой асуудал дахиад л хөндөгдөж байна даа.Тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид 14 хоногоор үүрэг гүйцэтгээд тэндээсээ гарч ирээд 2-3 хоног амраад дахиад л 14 хоногоор үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь тухайн хүнээ солих, сэлгэх хүн хүч дутуу байдлаас шалтгаалж байгаа. Зарим тохиолдолд тухайн хуваарь хийж буй албан тушаалтнуудын сэтгэлгүй байдлаас улбаалж байхыг үгүйсгэхгүй. Тусгаарлах байранд ажиллаж буй алба хаагчид 14 хоногоор үүрэг гүйцэтгэж, дэнд нь 2-3 хоног амарч явсаар 7-8 сар болоход гэртээ бараг 20 орчим хоног үзэгдсэн гэж байна. Алба хаагчдын ажлын ачаалал, орчин нөхцөлийг нь гэр бүлийн хүн нь ойлгохгүйн улмаас үл ойлголцол гарч, гэр бүл салах дээрээ тулж байгаа талаар гомдол ирж байсан. Цаашлаад энэ асуудал алба хаагчдын сэтгэл зүй, гэр бүлийн тогтвортой байдалд хүртэл нөлөөлж байна.

-Хөдөлмөрийн хуульд зааснаас илүү цагаар ажилласан хэрнээ нэмэгдэл цагийн хөлс олгохгүй байгаа талаар та хэллээ. Яагаад илүү цагийн нэмэгдэл цалин хөлсийг бодож олгохгүй байгаа юм бол?

-ХЭҮК-оос 2015 онд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэлдээ цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн талаар дөрвөн саналыг тусгаж шийдвэр гаргуулахаар УИХ-д хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хэрэгжсэнгүй. Энэхүү саналын нэг нь илүү цаг, амралтын болон бүх нийтийн баярын өдөр ажилласан алба хаагчдад хуульд заасан нэмэгдэл цалинг заавал олгож хэвших, шаардагдах төсвийг баталж өгөх талаар тусгасан байдаг. Манай шийдвэр гаргагчид буюу ЗГ, УИХ маань алба хаагчдын хөдөлмөрлөх эрх болоод нийгэм, эдийн засгийн баталгааг бүрдүүлэхэд анхаарч асуудлыг шийдвэрлэхгүй байгаагаас энэхүү нэмэгдэл хөлсийг бодож олгохгүй байна. Эдгээр алба хаагчдын талаар анхаарч үзэхгүй байгаад харамсалтай байна.

-Эх орон, ард түмнийхээ амгалан тайван амьдралын төлөө жилийн дөрвөн улирлын турш зүтгэж байдаг цагдаагийн алба хаагчид халуунд халж, хүйтэнд хөрч, хэцүү бэрхтэй нүүр тулдаг. Тэдэнд албанаасаа ухрах, шантрах эрх байхгүй. Тэглээ гээд эрүүл мэндийн асуудлаа орхигдуулж боломгүй санагддаг юм. Энэ асуудалд хэр анхаарч ажиллаж байна?

-Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид маань өргөсөн тангарагтаа үнэнч байж хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байгаа. Алба хаагчид хүнд хэцүү нөхцөлд үүрэг гүйцэтгэн цаг наргүй ажиллаж буй ч хэзээ ч шантарч, зовлон бэрхшээл тоочиж явдаггүй. Хэдийгээр маань чимээгүй, явдаг ч эдгээр хүмүүсийн ард гэр бүл нь байдаг. Гэр бүлийн гишүүд нь учрах, тохиолдох зовлон бэрхшээлийг хамтдаа үүрдэг учир энэ хүмүүсийн төлөө сэтгэл зовж, дуу хоолойгоо илэрхийлж явдаг. Алба хаагчдын эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарах шаардлагатай. Цагдаагийн албаны тухай хуулийн 86.8-д “Цагдаагийн алба хаагчийг жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулж, зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ” гэж заасан боловч энэ маань нэр төдий явагддаг. Зарим тохиолдолд алба хаагчдаас шинжилгээний төлбөрийг нь гаргуулж авах тохиолдол ч гардаг. Алба хаагчдыг өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлж эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, эмчилгээнд онцгой анхаарах ёстой. Алба хаагчид ажлын ачаалал, дарамт зэргээс улбаалж амрах, хооллох хэвийн горим алдагдаж, стресс, бухимдалд өртөж зүрх судас, элэг, дотор болон хоол боловсруулах эрхтний архаг өөрчлөлттэй байдаг. Хэдийгээр цэрэг цагдаагийн байгууллагад ажилласан хүмүүс 40 гаруй насандаа тэтгэвэртээ гардаг боловч сүүлийн жилүүдэд алба хаагчид тэтгэвэрт гараад 1-2 жил, цаашлаад таван жил болоод өвчний улмаас таалал төгсөх тохиолдлууд их гарч байна даа. Тухайлбал, 2021 оны нэгдүгээр сард тэтгэвэртээ гарсан 45 настай алба хаагч маань тэтгэвэрт гараад хоёр сар ч хүрээгүй байхдаа таалал төгслөө дөө. Энэ мэт олон тохиолдлууд байдаг.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд болон цагдаагийн байгууллагын удирдлагуудын өгч байгаа мэдээллээс харахад цагдаагийн алба хаагчдад төр чадлынхаа хэрээр эд материалын болон мөнгөн тусламж дэмжлэг үзүүлж байгаа гэж ойлгож байгаа шүү дээ?

-Хууль зүйн сайд болон цагдаагийн байгууллагын удирдлагууд алба хаагчдынхаа төлөө анхаарч ажиллаж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ алба хаагчдад учирсан өвчин, зовлонг ойлгоод мөнгөн тусламж, дэмжлэг үзүүлэх ямар ч хуулийн зохицуулалт, түүнд зориулсан төсөв гэж байхгүй.Харин Цагдаагийн байгууллага, алба хаагчдын ажил үүргээ хэвийн явуулах нөхцөл, боломжийг хангах хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд ХЗДХ-ийн сайд болон Цагдаагийн байгууллагын дарга, удирдлагууд анхаарч ажиллаж байгаа юу гэвэл анхаарч ажиллаж байгаа. Хөл хорионд ажилласан алба хаагчдад нэг удаагийн мөнгөн урамшуулал олгох асуудлыг ХЗДХ-ийн сайд уламжилж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлсэн нь алба хаагчдад маш их урам дэм өгсөн.

П.БАТЗАЯА

Онцлох нийтлэлүүд