ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.11.22 09:11

Н.Амарзаяа: Зарлагын өсөлтөөс хоёр хувийг орон нутгийн хөгжилд зарцуулахаар байгаа нь харамсалтай


УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай ярилцлаа.


-УИХ-аар 2020 оны төсвийн хуулийг батлагдлаа. Та 2020 оны төсөв дээр хамгийн их шүүмжлэлтэй хандаж байсан гишүүн. Ер нь таны бодлоор орон нутгийн төсвийн бодлогод нааштай, дорвитой өөрчлөлт байна уу?

-Төсвийн нийт зарлага нь 13.8 их наяд төгрөг болж 2.2 их наядаар өссөн. Урсгал зарлага 9.9 их наяд төгрөг. Энэ нь юуг илэрхийлж байна вэ. Бодоод үзье л дээ. Хотод сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа. Харин хөдөөд нэг ээлжээр хичээллэдэг. Гурван ээлжийг хоёр ээлж болгож нийгмийн дэд бүтэц рүү хөрөнгө оруулалт чиглэсээр л байна. Хөдөө эзгүйрсээр, хүн ам цөөрсөөр, аймаг хот руу шилжиж төвлөрөл ихэссээр. 2014 онд төсвийн орлого 4.7 их наяд, зарлага 5.6 их наяд, 2017 онд төсвийн зарлага 7.7 их наяд, зарлага 2014 оноос 8.2 их наядаар өссөн байна. Гэтэл орон нутгийн төсвийн суурь орлого, орон нутгийн хөгжлийн санд зарим нэмэлт орлогыг тусгаж орон нутгийн төсвийн нийт орлого, зарлага ДНБ-д 8.11 хувийг эзэлж байна. Орон нутгийн хөгжлийн санг өнгөрсөн жилийнхээс 45 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байна. 2.2 их наяд төгрөгийн зарлагын өсөлтөөс зөвхөн хоёр хувийг орон нутгийн хөгжил рүү зарцуулж байна гэхээр харамсалтай тоо. Улсын хэмжээнд эдийн засгийн бодит сектор томоохон бүтээн байгуулалт хийх чиг бодлого тодорхойгүй байгаа юм чинь төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийг хангах, сумдаа жигд хөгжүүлэх, орон нутгийн бие даасан хөгжлийн бодлогыг дэмжих чиг хандлага ч бүр тодорхойгүй байгаа юм байна.

-Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Уул уурхай дагасан бүтээн байгуулалтаа яаралтай хийх хэрэгтэй. Тухайлбал зам, ус, цахилгаан гэх мэтээр орон нутгийн иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхгүй бол байгаль орчинд сөрөг нөлөөтэй, эдийн засгийн бодит дэмжлэггүй учраас нутгийн иргэдийн шүүмжлэл ихэссээр. Иймээс 2020 оны төсвийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Ер нь эдийн засгийн гол түшиц салбар болон бүс нутгаа төрийн бодлогоор дэмжиж байж эдийн засгийн бааз суурь нэмэгдэх нь төсвийг боловсруулж байгаа төрийнхний харах хамгийн чухал өнцөг байсан л даа, үүнийг ойлгохгүй байна. Төрийн болон төсвийн бодлогоор л зохицуулалт хийх нь үгүйлэгдэж байна.Үнэхээр боломжгүй төсөв байсан бол би үүнийг ойлгоно.

-2019 оны төсөв нэлээн тогтворжилттой байлаа. 2020 онд төсөв тогтворжилтоо хэрхэн хадгалагдах бол?

-2020 онд төсвийн орлогын өсөлтөд гол нөлөөг хил гаалийн нэвтрүүлэх чадвар тоног төхөөрөмжийг эрс сайжруулах замаар гаалийн шинэчлэлийг үргэлжлүүлж татварыг бүрэн хураах, татварын шинэчлэлийн үр дүнд татварын бааз суурь өснө гэж үзсэн байна. Би үүнд шүүмжлэлтэй байгаа. Сангийн сайдын мэдээлснээр Гашуунсухайт зэрэг хэд хэдэн боомтуудыг сайжруулах талаар ярьсан. Гэхдээ эдийн засагт чухал нөлөө үзүүлж буй хилийн боомтуудаа жигд хөгжүүлэх асуудал чухал, энэ сүүлийн хоёр жил хийгдэж байна, цаашид ч дунд хугацаанд хийгдэнэ.

-Өмнөговь аймгийн хувьд асуудал хэр байна...

-Манай аймаг хоёр хилийн боомттой. Шивээхүрэн хилийн боомт дээр шинэчлэл хийгдэхгүй удаашралтай байна. Ер нь усгүй, тоггүй, замгүй, тохижилт муу, хил дээр ажиллаж байгаа хүмүүсийн ажиллах, амьдрах нөхцөл муу байна. Ийм байхад Цагаан дэл гээд гурав дахь хилийн боомтыг шинээр нээнэ гэдэг асуудлыг нутгийн иргэд хүлээн зөвшөөрөхгүй үгүйсгэж байгаа.

-Тогтворжилт хангахгүй байгаагаас хүнд нөхцөл байдлууд үүсч байна шүү дээ...

-Манай улсын улс төр, хууль эрх зүй, эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагааны увайгүй байдлаас шалтгаалан саарал жагсаалтад орсон явдал нь гадаадын шууд хөрөнгө оруулалт хумигдах, дотогшлох хөрөнгийн урсгал багасах сөрөг, үр дагавар бий болох эрсдэлтэй боллоо. Мөн Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар шийдвэрлэсэн АМНАТ-ийн хууль эрх зүйн орчны асуудал бүрхэг байна, Сангийн яам, Уул уурхайн яам ойлголцлын зөрүүтэй мэдээлэл өгсөөр байна. Санхүүгийн хямралтай холбоотой Олон улсын валютын сангийн хөтөлбөрөөр 2017 онд Нмйгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг жил бүр өсөхөөр хуульчилсан, энэ нь бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд хүндээр тусч байна. Ажил олгогчдоо төрийн бодлогоор дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тогтвортой жигд хөгжүүлэх, дотоодын үйлдвэрүүдээ дэмжих бодлого орхигдож байна. 2020 оны төсөвт ЖДҮ-ийн санд нэг ч төгрөг хуваарилсангүй. Мөн саарал жагсаалттай холбоотойгоор манай улсын гадаад эдийн засгийн орчин эрсдэлтэй болсон гэдгийг анхаарах хэрэгтэй.

-Төсвийн байнгын хороо төсвийн алдагдал дээр ажиллаж чадсан уу?

-Төсвийн алдагдал хоёр их наяд болж өнгөрсөн жилийнхээс эрс нэмэгдсэн. Төсөв ч урт дунд хугацаанд ачааллаа дийлж чадахгүй хэмжээнд хүрч байна даа. Засгийн газрын өргөн барьсан төсвөөс урсгал зардлыг бууруулснаар алдагдлыг нэг их наядаар бууруулах боломжийн талаар яригдсан. Энэ мэт өөрчлөлтүүдийг хийж чадаагүй.

-Гадаад зээл тусламжийн талаар таны байр суурь, ер нь таны бодлоор энэ оны төсвийг хэрхэн батлагдлаа гэж дүгнэж байна...

-2020 онд нийт гадаад зээл тусламж 1.446.6 тэрбум төгрөг бөгөөд үүнээс 1.296.3 тэрбум төгрөг нь гадаад улсууд, олон улсын байгууллагаас авч ашиглах зээл байна. Эдгээр зээлийн өр төлбөрийн асуудал тодорхойгүй, төслийн зээлийг байгаль орчныг хамгаалах, цэвэрлэх байгууламж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээг өргөжүүлэх зориулалтаар ашиглана. Нефть бүтээгдэхүүн, эрчим хүчний хангамж, дэд бүтцийн хөгжилд нийт зээл тусламжийн 35 хувийг зарцуулах юм. Эдгээрээс үзэхэд тус улсын бүтээн байгуулалт, нийгмийн хөгжлийн арга хэмжээ үндсэндээ гадаадын төслийн зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжиж байна. Энэ нь манай үндэсний санхүүгийн зах зээл бүтээн байгуулалтын томоохон хөтөлбөрт оролцож чадахгүй байгааг харуулж байна. Үүгээрээ 2020 оны төсвийг муу төсөв боллоо гэж үзэж дэмжээгүй.

-Өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлийг ямар түвшинд харж байгаа вэ?

-2020 онд нэгдсэн төсвийн орлого 12.9 их наяд төгрөг буюу ДНБ-ний 31.71 хувийг эзэлж байна. Төсвийн орлого 2019 оны батлагдсан хэмжээнээс 16.6 хувиар буюу 1.8 их наяд төгрөгөөр өсгөж төлөвлөсөн байна. 2019 оны эхний хагас жилд эдийн засгийн өсөлт 7.3 болсон, нүүрс, төмрийн хүдэр, алтны экспорт нэмэгдсэнээс шалтгаалан экспортын хэмжээ гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан. 2019 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр гадаад худалдааны эргэлт 13.9 тэрбум ам доллар, гадаад худалдааны тэнцэл 1.5 тэрбум ам доллар болохоор байна. Гадаад худалдааны тэнцэл сайжирч байгаагаас урсгал тэнцэн улмаар төлбөрийн тэнцэл 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр ашигтай гарах төлөвтэй. 2019 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт өссөн зэргээс үзэхэд 2019 он бол тус улсын эдийн засаг, бизнесийн хөгжилд харьцангуй тогтвортой жил болжээ гэж харагдаж байна.

-Дубайн гэрээний асуудал УИХ-д орж ирж байна. Та Өмнөговь аймгаас сонгогдсон гишүүн. Энэ талаар ярихгүй юу?

-Дубайн гэрээний талаар ярихад хараахан эрт байна.


Онцлох нийтлэлүүд