ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2014.05.31 12:05

Н.Батбаяр: Төмөр замын төсөлд нэмэлт оруулаад дахин өргөн барина


УИХ-ын чуулганы пүрэв гаригийн хуралдааны төгсгөлд шинэ төмөр замын төслийг эргүүлэн татсан тухай УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдсэн. Уг тогтоолын төслийг Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд УИХ-д өргөн мэдүүлсэн  бөгөөд хойд хөрш рүү өргөн царигтай, урд хөрш рүү нарийн царигтай төмөр зам тавихаар тогтоолын төсөл байсан билээ. Төмөр замын төслийг ямар шалтгаанаар буцаасан талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраас тодруулсныг хүргэе. 


-Шинэ төмөр замын төслийг Засгийн газраас эргүүлэн татсан. Ямар шалтгааны улмаас эргүүлэн татах болсон юм бэ?
-Засгийн газрын ээлжит  бус хуралдаан пүрэв гаригт болж, Төсвийн хүрээний мэдэгдлийг дахин өргөн барих,  Шинэ төмөр замын төслийг эргүүлэн татаж авах тухай асуудлыг ярилцсан. Эргүүлэн татсан шалтгаан нь тодорхой хэмжээний нэмэлт оруулах шаардлагатай байсан учраас эргүүлэн татахаар болсон. Уг төмөр замын төсөл дээр нэмэлт тодотгол хийхээр болж эргүүлэн татсан юм аа. Уг асуудлыг бямба гаригийн Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцээд ирэх долоо хоногт өргөн барина. Цариг болон шинэ чиглэлийн хувьд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй.
-Уг хуулийн төслийг өргөн бариад удаагүй байхад тодотгол хийх болсон шалтгааныг тайлбарлахгүй юу. Тогтоолын төслүүд чанар муутай болоод байгаа юм уу гэсэн хардлага байна?
-Төмөр замын шинэ шугам барихдаа нэмэлт нөхцөлүүдийн талаар тодотгол хийх юм. Манай урд хөрш нарийн, хойд хөршийн төмөр замын цариг нь өргөн байдаг. Бид хөрш хоёр оронтой ямар байдлаар төмөр замаа холбох, яаж зохицуулалт хийх вэ гэсэн заалтуудыг шинээр тусгаж өгнө. Түүнээс цариг болон маршрутад ямар нэг өөрчлөлт орохгүй. Өөрөөр хэлбэл, зарим нэг нэмэлт оруулах шаардлагатай байна гэж ойлгож болно. Манай дотоод үйл ажиллагаатай холбоотой зүйл.
-Төслийг эргүүлэн татсан нь Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлалтай холбоотой гэсэн олон нийтийн хардлага байна?
-Ерөнхий сайдын айлчлалтай холбоогүй. Маршрут болон царигт өөрчлөлт орохгүй. Тийм болохоор санаа зовох хэрэггүй.
-Төмөр замын огтлолцол хаана байхаар төлөвлөсөн бэ?
-Могойн голоос Эрдэнэт хүртэл 500 орчим км зам, Тавантолгойгоос Сайншанд хүртэл 350 км, Хөөтөөс Нөмрөг хүртэлх 380 км төмөр зам өргөн царигтайгаар шинээр баригдана. Гашуунсухайтаас Тавантолгой, Сайншандаас Замын-Үүд хүртэл 235, Хөөтөөс Бичигт хүртэл 200 км нарийн төмөр зам байх юм. Энэ төслийг Засгийн газраас өргөн барьсан. Үүнд ямар нэгэн өөрчлөлт байхгүй шүү. Урд хөрш нарийн царигтай, хойд хөрш өргөн царигтай. Бид бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэхийн тулд ийм шийдэлд хүрсэн. Энэ бол эдийн засгаа бодсон хэрэг. Тавантолгойгоос урагш нарийн төмөр зам барьснаар автомашинаар өртөг өндөр нүүрсээ тээвэрлэх асуудал үгүй болно. Мөн экспортын хэмжээ ч эрс өснө. Ингэснээр Тавантолгойн ашиглалт сайжирч валютын нөөц нэмэгдэх нөхцөл бий болох юм. Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор барих тул Замын-Үүд рүү бүтээгдэхүүнээ гаргах нөхцөл бүрдүүлэхийн тулд нарийн төмөр зам хэрэгтэй. Сэлгэн ачилт хийхэд тонн тутамд 3-5 ам.долларын зардал гардаг. Тэр зардал байхгүй болно гэсэн үг. Хөөтөөс Хөшигт хүртэл манай нэлээд уурхай бий. Одоогоор ашиглаж эхлээгүй төмрийн болон нүүрсний уурхайнууд байна.
-Ямар өөрчлөлтүүд хийгдэх гэж байгаа юм бэ?
-Сүхбаатараас Замын-Үүд хүртэлх төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Энэ тухай Орост очихдоо тохирчихоод ирсэн. Шинэ төмөр замын төслийг Засгийн газраас татаад авчихаар хүмүүс шуугиад байна. Дотоод асуудлаа шийдээд хөршүүдтэйгээ ямар тохиролцоо хийх вэ гэдэг өөрчлөлт  л орж ирнэ.
Тавантолгой Ганшуунсухайт хүртэлх зам дээр Чингэс бондоос 200 сая ам.доллар олгохоор болсон. Уг мөнгөний үлдэгдэл 20 сая ам.доллар бий.

Э.ЭНХ

Онцлох нийтлэлүүд