ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.07.16 01:07

Н.Батсуурьтай барьцах нь энэ сардаа лав мөн ч тэнэг харагдана даа

Монгол түмний уламжлалт үндэсний их баяр наадам нар, хур нь тэгширсэн, олныг баясгасан ярих хөөрөх зүйл ихтэй сайхан л болж өнгөрлөө. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат улсын арслан Намсрайжавын Батсуурь түрүүлж, шинэ аварга цолтон төрлөө. Монгол Улсын шинэ аварга Н.Батсуурьд түрүү бөхийн бай шагнал болгож “Ланд крузер-200” автомашин, 11 өрөө орон сууц, дөрвөн өрөө орон сууц, “Ниссан” маркийн сүүлийн үеийн загварын автомашин бэлэглэлээ гэх зэргээр бэлгэнд дарагдсан мэдээллүүд сүүлийн хэд хоногийн шуугианы нэг болж байна. Зөвхөн түрүү бөх гэлтгүй үзүүрлэсэн бөх, олны харааг булааж ир бяраараа гайхуулсан олон олон бөхчүүд, хурдан морины уяачдад нутаг усныхан нь, хувийн компаниуд хайр гамгүй бэлэг сэлт, мөнгөн урамшууллыг олгож байна.
Жил болгон бэлгэнд дарагддаг үе бол яах аргагүй наадмын баяр юм. Үүнийг гайхан шагшаад бүр хэтрүүлж хэлбэл атаархан хорсоод байх зүйл ер алга. Дэлхийн улс оронд олны анхааралд орсон тамирчид, олны танил хүмүүсийг хувийн салбарынхан нь шагнаж урамшуулдаг. Үзэгч ихтэй мэргэжлийн лигийн тамирчид гэхэд хэдэн саяар тоологдох цалин авч байдаг. Тухайн орны хамгийн шуугиантай спортод бизнес эрхлэгч нар анхаарлаа хандуулан, ивээн тэтгэгчээр ажиллах нь энгийн үзэгдэл. Хүн төрөлхтний соёл, бизнесийн хуулиар олон хүний анхааралд орсон тамирчин ч бай оюуны спортын шатарчин ч бай хамгийн гол нь маш олон хүнийг хамарсан гэдгийг гол үзүүлэлт болгон хувийн аж ахуйн нэгжүүд шагнал урамшууллаараа дардаг нь бизнесийн жам ёсны зүйлийн нэг. Энэ нь тухайн бизнесээ олонд таниулах, бизнесийн орон зайгаа тэлэх арга. Сонирхуулахад, Америкт нэр хүндтэй. “Нью-Йорк Янкиз” баг гэхэд нэг тоглогчид дунджаар 7.3 сая ам.доллар буюу 18 тэрбум төгрөгийн цалин өгдөг. Хөлбөмбөг бол дэлхийн номер нэг спорт. Дэлхийн хамгийн өндөр цалинтай 10 тамирчны найм нь хөлбөмбөгчид байдаг. Хөлбөмбөгчдийн авдаг цалинг, олгодог урамшуулал, дэмжлэгийг тоочоод барахгүй их.
Дэлхий нийтэд хамгийн эрэлттэй, энгүүн их гавьяатай мэргэжлийг сувилагч гэж үзэн шүтдэг ч бөмбөг хөөсөн тамирчдад дэлхийн нэр хүндтэй компаниуд мөнгө, цаг заваа харамгүй зарцуулж ирсний нууц юунд байна вэ. Монголын хувьд үндэсний спорт буюу хамгийн олон хүн сонирхож үздэг спорт нь хурдан морь, бөх хоёр юм. Сайн барилдсан бөхийн нэр хүнд өсч, шагнал урамшуулал амьдралд хүрэхүйц боломжийн өсөөд явчихдаг. Шагнал, урамшууллыг дагаад хүүхдээ сайн бөх болгочих юмсан гэсэн хүмүүс олширч, улмаар бөх сонирхогчдын тоо өсч, уг спортоор хичээллэх идэвх эрс нэмэгдэж байдаг. Хэдхээн жилийн өмнө үндэсний их баяр наадмын 512 бөхийн барилдах тоонд хүрэхгүйн улмаас цэргүүдийг “хүчээр” авчирч барилдуулдаг байсан бол одоо шинэ, шинэ залуу бөхчүүд хүч түрэн орж ирж наадмын ногоон дэнжийг эзэгнэн байгааг бөх сонирхогчид ярьж, хэлж байна. Хөлбөмбөг өнөөдөр дэлхийн спорт болсон нууц нь ч асар их мөнгө, ивээн тэтгэлгээр хөгжсөнтэй холбоотой. Спорт хөгжсөн улс орнуудад дэлхийн том тамирчдын залгамж халаа хэдэн зуугаараа бэлтгэгдсэн байдаг.
Залгамж халаа болон дараагийн дэлхийг шуугиулах тамирчид ард нь бэлэн байдаг. Ингэж байж тухайн улсын үндэсний спорт эрчтэй сайн хөгждөг. Улсынх нь ч хэлэх, тэрэнд ч тийм ч байр, машин өглөө гэж дуу алдах нь зохистой харагдахгүй нь. Тэр сумын эмнэлэгт ч бензин байхгүй байхад энэнд ийм юм өгч суудаг гэх зэргээр элдэвлэх нь хэр ончтой байх вэ. Тэгээд ч сумын эмнэлгийн бензинийг төр засаг нь хангах үүрэгтэй болохоос хувийн аж ахуй нэгжүүд өгөх үүрэг хүлээгээгүй. Сая наадмын үеэр Монгол Улс ес дэх олон улсын шатрын их мастертай болсон сайн мэдээллийг бөхтэй харьцуулж олон хүмүүс үзэл бодлоо илэрхийлж байх шиг байна. Оюун ухааны спортын оргил өндөр цолонд хүрч дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг дуурсгасан байтал өнөө дэмждэг бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд нь хаана явна вэ гэцгээсэн. Монгол хүний оюуны бяр чадлыг гайхуулсан оюунт монгол охин Б.Амина олон улсын шатрын их мастер цол хүртсэн нь үнэхээр бахадмаар, баяр хүргүүштэй явдал болсон нь үнэн.

Сайшаалтай хэрэг. Гэвч шатрын уралдаан тэмцээнд оролцоод явж байхад нь хичнээн олон хүн үзэж, дэмжиж, фэн болж үзэж байсан бэ. Гэтэл наадмаар Увс аймгийн харьяат бөх түрүүлж, Увс нуур дууг зон олон дуулсных нь төлөө нийгмээрээ талцан, бухимдан бархирч Увс ба бусад гэдэг тухай яриа өрнүүлж суухав дээ манайхан. Нийгмээрээ ингэж анхаарсан, олныг хамарсан спорт, олны танил хүмүүсийг өнөө хувийн бизнес эрхлэгч нар дэмжиж, шагнаж урамшуулах нь хорвоо ертөнц дэх бизнесийн алтан зарчим. Түүнээс биш бөх, оюуны спорт хоёрын аль нэгийг нь дээр, доор үзэж ялгаварлаж байгаадаа биш юм аа. Энэ бол тэнгэр, газар шиг ялгаатай, тусдаа өөр асуудал юм.

Тухайлбал, эрэлттэй мэргэжлээр тэргүүлдэг сувилагч мянган сайн үйлс бүтээж баатарлаг гавьяа байгууллаа ч лигт тоглодог сагсчны цалингаас хэд дахин бага хөлс хүртдэг. Дунджаар сувилагч жилдээ 63 мянган ам. доллар буюу 160 сая төгрөгийн цалинтай гэж тооцдог бол Английн Премьер лигийн нэг тамирчны дундаж цалин 3.8 сая ам.доллар буюу 10 орчим тэрбум төгрөгийн хэмжээтэй байх жишээтэй. Жилдээ нэг сувилагч 160 сая төгрөг, нэг хөлбөмбөгч 10 тэрбум төгрөг хүртэж буйг манай сошиал шүүмжлэгч нар овоо хараандаа авбал нэлээн үг урсгахаар байгаа биз. Юун Н.Батсуурь бөх, шатрын мастер охин. Тэгэхээр монгол бөхийн түрүү магнай улсын аварга Н.Батсуурийг лав энэ долдугаар сардаа элдвээр хэлэх нь бусдад мөн ч тэнэг харагдана даа. Сая Н.Батсуурь аварга болоход Увс нуур дууг олноороо дуулж, Увс аймгийн гаралтай хүмүүс ихэд баярлаж хөөрсөнд бухимдах хүмүүс багагүй гарлаа. Фанат, фэнүүд нь баярлаж хөөрөө л биз. Хэрвээ тийм л сүрхий байсан юм бол урьд нь түрүүлж байсан бөхчүүдийн аймгийнхан, гарал угсаатай хүмүүс нь нутаг усныхаа дуугаа дуулж, ингэтлээ их баярлаж хөөрөхгүй байх нь яасан юм бэ.
Өдгөө хөлбөмбөгийн хамгийн том тэмцээн болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ид явагдаж байна. Фанатууд нь баярлан хөөрч, улсаараа, хотоороо, гэр бүлээрээ яаж хөөрч хөгжиж байгааг дэлхий нийтээрээ хангалттай харж байна. Сагс, хөлбөмбөг гэх мэт дэлхийн анхааралд орсон спортын тамирчид, багийнхан амжилт гаргахад манай баг, манай тамирчин гэж Нью-Жерси, Лос-Анжелосаас эхлээд хотоороо тэр чигтээ бүгдээрээ баярлаж, амралтын өдөр болгон зарлаж, бүр улсын төсвөөсөө ч харамгүй мөнгө зарцуулцгаадаг. Нутаг, ус, хот, суурингийнхныгаа дэмжих үзэл бол дэлхийн өнцөг булан бүрийн хаана ч болж байдаг энгийн үзэгдэл. Үүнийг дэвэргээд байх хэрэг үгүй юм. Харин ч овсгоотой улс орон, бизнесийн хүрээнийхэн фанат, фэнүүдээр дамжуулан менежмэнт хийж, хүн төрөлхтөнд бахархал, үнэт зүйлсээ зарлан тунхаглаж суудаг юм.



Онцлох нийтлэлүүд