ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Редакцийн нийтлэл
2015.04.28 10:04

Н.Жуков: Эверестэд авирахын тулд Зайсан толгой руу алхаж бэлтгэлээ базаадаг байлаа

Уулчин Н.Жуковтой ярилцлаа.

-Таныг Эверестэд авирсан анхны Монгол хүн гэдгийг хүмүүс мэднэ. Уулчин гэдэг таны эзэмшсэн мэргэжил үү эсвэл тохиолдлоор холбогдож байв уу?

-Би Баян-Өлгий аймгийн Алтай сумын Урианхай хүн. Эцэг минь насаараа сум, нэгдэлд даргаар ажиллаж ээж 15 хүүхдээ өсгөхөөр ёстой л өглөөн нарнаас үдшийн бүрий болтол борви бохисхийдэггүй байлаа. Шууд хэлбэл 15 хүүхэдтэй айлын нэг нь би. Ер нь би уулчин болж төрөөгүй хүн юм. Яагаад гэвэл би 1983 онд сургуулиа төгсөөд хилийн 0165 дугаар ангид биеийн тамирын офицероор ирсэн ухаантай. Тухайн үед НАХЯ-ны харьяанд Хүч нийгэмлэг байлаа. Хүч нийгэмлэгийн уулчид байнга манай ангид ирнэ. Магванноров гэж Хүч нийгэмлэгийн Уулчдын хорооны дарга, хурандаа хүн байсан. Т.Гүррагчаа хэмээх 74 настай хүн Эверестэд авирах гэж байна гэж яригдаад байсан даа. Тэр хүн уулын ахлах дасгалжуулагч хийдэг байв. Би ийм замаар л уулчидтай холбогдож Хүч нийгэмлэгийнхэнтэй анх удаа Мөнххайрхан, Цамбагаравт авирсан түүхтэй. Гэтэл Магванноров хурандаа “Чамайг хүч нийгэмлэгт авлаа. Чи ууланд шууд гарч, асуудалгүй бууж ирлээ” гээд уулын спортын хоёрдугаар зэрэг олгочихсон юм. Түүнээс хойш жил бүр Хүч нийгэмлэгийнхэн ирнэ. Таванбогд, Цэнгэл, Отгонтэнгэр, Дэглий цагаан гээд Монголынхоо уул бүрт л авирах болсон доо. Ер нь зөвхөн "Хүч" нийгэмлэг бус "Алдар", "Хөдөлмөр" нийгэмлэгээс уулын клубийнхэн бүгд ирнэ.

-Таванбогдод уулчдыг авахаар ярьсан нисдэг тэрэг унасан тохиолдол бий. Тэнд таны нэр нэлээд тод яригддаг байх шүү. Хэдэн он билээ?

-Польш, Герман, Чех улсын цэргийн уулчид ирээд байсан юм. Сүүлд Онцгой байдлынхантай гал түймэр унтраахаар явж байгаад амь эрсэдсэн гавьяат Т.Сугар нисгэгч нь байсан юм. Тэгэхэд Ш.Арвай генерал, НАХЯ-ны хэлтсийн дарга Авирмэд, дэд хурандаа Ганболд гээд бүгд тэнд байсан. Цаг агаарын таагүй нөхцөл үүсээд бид Таванбогдод гарч чадалгүй гурав хоног саатчихаад байлаа. Нэг хоноод эргэхээр товлож зэхсэн хүнсгүй явчихсан учраас бараг л өлсгөлөн, тэр их хүйтэн шуурганд гурав хоног нүдүүлсэн дээ. Тэгэхэд нисгэгч Т.Сугар агаараас багахан хоол, шатахуун өгч бидэнд тус болж байсан. 1988 ны наймдугаар сарын 20-доор болсон асуудал л даа. Шуурга арилж Таванбогдод гарчихаад буцах үед бидэнтэй станцаар холбогдож вертолётоор авах болсноо хэлсэн. Бид ч заасан цэгт ирээд байтал нисдэг тэрэг ойртож бидний дээгүүр эргэлдэн буух газраа хайж байсан юм. Тийм осол ёстой л хормын дотор болдог юм билээ. Яг газардах нь гэж бодоод би бөхөлгөө засахаар тонгойх хооронд миний хажууд зогсч байсан дэд хурандаа Ганболд “Вертолёт” гээд хашхирахгүй юу. Өндийтөл нисдэг тэрэгний сүүл хэсэг нь шидэгдэж харагдсан. Ахиулаад хартал Хоног толгойд нисдэг тэрэгний их бие аль хэдийнэ зоогдчихсон байх жишээтэй. Бид гүйлдээд очиход нисгэгч Чулуунбаатар, Т.Сугар хоёр бэхэлгээтэй учраас ил бэртэлгүй ухаан алдчихсан байсан. Ахмад цолтой цэргийн эр вертолётийн цонхоор 20 гаруй метрт шидэгдчихсэн бас л ухаангүй. Т.Гүррагчаагийн эхнэр Хумбаа, “Эх орны манаа” сонины сурвалжлагч Цэндэв, Герман эмэгтэй Сузана тэгэхэд явж байсан. Вертолёт мөсөн уулыг мөргөөд инерциэрээ дээшээ 100 орчим метр шидэгдсэн юм билээ. Дээшээ хөөрөхөд хаалга, сүүл нь салсан байдаг. Буцаад унах явцад Сузана Хумбааг тэврээд цас руу үсэрчихсэн байгаа юм. Сурвалжлагч Цэндэв за энэ хүний дараа үсэрье гэж хулгасаар байгаад яг үсрэх гэж байхад нь вертолётийн сандал салж ирээд хөлийг нь хуга цохьчихсон юм билээ. Өндөр уулын салхинд цохиулаад арваадхан секундын дотор тийм айхтар сүйрэл болчихсон. Золоор хүний амь эрсдээгүй. Т.Сугар нисгэгч чадварлаг хүн тулдаа тогтоож чадахгүйгээ мэдсэн даруйдаа бүх цахилгааныг салгаж амжсан байдаг юм. Тэгээгүй бол дотор сууж явсан хүмүүс, эргэн тойрон 100 метрт байсан бид бүгд сүйдэх байсан байх.

-Гадны уулчид, цэргийн дарга нар тэгэхэд явсан. Уулнаас буулгах гэж бөөн асуудал үүссэн биз дээ?

-Оросын геодезийн вер­толёт гэж байсан. Холбоогоор дуудахад л хүрээд ирнэ. Ш.Арвай генерал, Авирмэд, Ганболд гээд бүгдээрээ ботинктой. Буух гэхээр цасан дунд явж чаддаггүй. Тэдний хажууд нэг өндөр герман эрийн хавирга, Сузанагийн гар, Цэндэвийн хөл хугарсан байсан. Майхнаараа дам­нуурга хийж дамжлаад л зүтгэцгээсэн. Гэмтэлтэй хүмүүсээ авч явж байгаад эргээд ботинктой дарга нараа дамнуурга дээрээ суулгаж зөөнө. Бараг замынхаа талд орж байхад Оросын вертолёт ирж үндсэн баазад хүргэж ирсэн. Гадныхан тийм зүйлийг ёстой тоодоггүй юм билээ. Бид л айж, мэгдээд сүйд болж байгаа юм.

-Таны амьдралын торгон үе Гималайн нуруу, Эверестэд авирсан өдрүүд байх. Та чинь тийшээ хоёр удаа явсан гэдэг бил үү?

-Анх 1994 Гималайн нурууны Жонли оргилд буюу далайн түвшнээс дээш 6632 метр өндөрт гарсан. Манай баг нийт 10 хүнтэй явсан юм. Эмэгтэйчүүд нь Балбын талд очиж таван мянга гаруй метрийн өндөрт авирсан байдаг. Биднийг ахалж УИХ-ын гишүүн асан Алтайн аав Р.Зориг багш явж байгаа юм. Р.Зориг гуайн санаачилгаар бид Хөх тэнгэр холбоо байгуулсны үндсэн дээр гадаадын уулчдыг эх орондоо урьж, гадныхны урилгаар бид дэлхийн нэртэй оргилуудад авиралт хийдэг байлаа. Ингэж явахад буудлагын О.Гүндэгмаагийн аав Д.Отрядын бие тун муудсан. Тэр хүн чинь бас л эхнээсээ уулын спортын бус шүхэрчин хүн байсан юм. Тэгэхэд таван мянган метрт хүрээд гэнэт уулын өвчинд нэрвэгдсэн. Тэр өвчин их аюултай. Хүнийг ерөөсөө л суумал бурхан болгочихдог. Хоёр нүд харж байна, толгой зүгээр гэх мэтээр ил мэдэгдэх зүйлгүй. Тэгсэн хэрнээ ярьж чадахгүй, хөдөлж чадахгүй болгочихдог. Үг хэлэхээр сонсохгүй. Энэтхэгийн эмч явсан учраас анхан шатны тусламж үзүүлж гуурсаар шээлгэх гэх мэт тусалсан. Нэг удаа шээлгэхэд л гурван литр шингэн гарч байх жишээтэй. Нэн даруй доош буулгахгүй бол тархины үйл ажиллагаа зогсоод нас бардаг. Бидний нэг хэсэг маань доош нь гурван мянган метрт буулгаж Энэтхэгийн нисдэг тэрэг дуудсан. Тэгээд хэд хоногийн дараа бид бууж ирлээ. Ирээд эмнэлгээр ортол нөхөр маань босоод явж байна. Юм асуухаар хариу байхгүй. Уулын өвчин их удаж байж гардаг. Зүгээр болчихсон хэрнээ л гарах хаалгаа олохгүй нөгөө тийшээ явчихдаг юм билээ. Улаанбаатарт ирэн иртлээ түүнийг ээлжээр хөтөлж явсан. Бүхэл бүтэн 14 хоночихоод байхад тийм байсан юм шүү. Элчин сайдын яаманд байсан Р.Зориг багш, Чимэддорж, Очиржав, одоогийн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нар их тус болсон доо.

-Энэ удаагийн авиралт Эверест рүү дайрах томоо­хон бэлтгэл болж таарсан уу?

-Намайг Эверестэд авирахад буюу 1996 онд Монгол мөнгөгүй байсан. Р.Зориг багш Энэтхэгийн талаас “Гурван хүн явуулаач” гэж хүссээр байгаад нэг л хүний квот зөвшөөрүүлж чадсан. Дараа нь сонсоход намайг зөвхөн хувцаслахад 28 мянган ам.доллар болсон байсан. Тэгээд 300 сарлаг хэрэглэнэ, нэг сар бэлтгэл хийхдээ буудалд байрлана, ачааны машины зардал гээд мөнгөний хэрэглээ асар их. Машинаар Түвдийн өндөрлөгт хүрэхэд л 30 хоног явдаг байсан юм. Машин таван мянган метрт хүрнэ. Зардал их гардаг учраас л нэг хүний квот олгосон юм билээ. Би тун эвгүй нөхцөлд явсан л даа. Монгол Улсаас анх удаа Эверестийн оргилыг очиж үзэх гэж байж өмнө нь явсан ямар ч туршлага байхгүй. Маршрутын, хоол хүнсний, хэл мэдэхгүйн зовлон их. Тэдний хоолыг амандаа ч ойртуулахын эцэсгүй. Товчхондоо хоолгүй, ганцаардлын дунд 9О хоног байлаа.

-Яагаад хоолгүй гэж?

-Би хоёрдугаар сарын эхээр явсан юм. Тэгэхэд намар идэшний үеэр хийсэн борц хатаагүй байсан учраас жил өнжсөн жаахан борц олж авсан. Бас жаахан арвайн гурилтай. Авч явсан ачааныхаа ихэнхийг уулын хэрэгсэл, төмөр чирээд явчихсан. Нөгөө төмөрнүүд нь очоод ямар ч шаардлага хангахгүй учраас хог болж байгаа юм. Түүний оронд жаахан ч болов борц нэмээд авчихгүй дээ гэж тэсгэл алдрах өдрүүд ч байсан. Очсон өдрөө л байдал бишдэж арвайн гурилаа, борцоо буцах өдрөө хүртэл тэнцүү хувааж хуваарилалт хийсэн. Тэгээд өглөө эрхий хурууны хэрийн зуурсан арвайн гурил идэж цай ууна. Өдөр борц үнэртүүлсэн нэг аяга шөл ууна. Оройн хоол гэж байхгүй. Би Гималайн нурууны 6500 метрт хоёр сар болохдоо ийм л хоол идэж байсан. Бас 6500 метрт оччихоор үс өвс шиг болчихдог. Гар хүрэхэд л хугарч унадаг. Тийм байдалд орохоороо хүн үхлээс айхаа больчихдог юм билээ. АН-24 онгоц 6500 метрийн өндөрт нисдэг байсан юм шүү. Тэр өндөрт ийм хоолтой байна гэдэг үнэхээр шөрмөс шалгаж байлаа. 6500 метрээс дээш бид замаа өөрсдөө тавих ажилтай. Байнга 30 килограмм ачаа үүрч явна. Энэтхэг-Монголын багт 35 хүн эхлээд байсан бол явцын дунд 24 нь үлдэж найм наймаараа гурван баг болж хуваагдсан. Эхний ээлжинд бид яваад нэг хэсэг газар олс тавиад ирэхэд маргааш нь нөгөө баг явж жаахан цаашлуулаад ирэх жишээтэй. Ингэж 6500 метрийн өндрөөс дээш бид гурван лагер байгуулах ёстой. Хамгийн сүүлийн лагерийг 8300 метрийн өндөрт байгуулдаг. Шууд хэлбэл 8300 метрт лагер байгуулахын тулд байнга 6500 метрийн өндөр дэх лагераас дээшээ явж жаахан ажиллачихаад эргэж ирнэ гэсэн үг. Бид бүтэн өдрийн турш дээшээ явж явж рельефээ харахад байсан түвшингээсээ ганцхан метрээр л дээшээ ахисан байх жишээтэй. Лагер гэдэг нь найман хүн унтах майхан, идэх хоол, амьсгалах хүчитөрөгч гээд бүхнийг аваачиж байрлуулна гэсэн үг. Ингээд лагер байгуулах ажил дуусч эхний найман хүн 8300 метрт өдрийн 12 цагт очсон юм. Очингуутаа даргалж явсан нөхөр нь уулын өвчинд нэрвэгдсэн. Баг хоёр хуваагдаж хоёр гишүүн нь даргаа доош буулгаж үлдсэн тавыг нь авиралтаа эхлүүл гэсэн команд өгсөн байдаг. Командаар дөрвөн уулчин авиралтаа эхлүүлж нэг нь 8300-гийн кэмпдээ үлдсэн байдаг. Ер нь 6500 метрийн өндрөөс 11 хүн уулын өвчинд нэрвэгдэж доош буусан түүхтэй.

-Амжилтгүй болсон бил үү?

-Өндөр ууланд хамгийн аюултай зүйл нь нар жаргасан л бол харанхуй болдог. Тэр орой Японы уулчид 8300 метрт очиж таарсан. Би хоёр дахь ээлжинд орчихсон хүлээгээд байгаа. Харамсалтай нь хамгийн түрүүлж оргилд гарсан дөрвөн хүн маань бүгд нас барсан. Эхний дөрөв маань яг нар жаргах үеэр оргилд гарч амжсан. Бид оргилыг бусад 14 орны уулчдаас хамгийн түрүүнд эзлээд бөөн баяр болсон ч шөнө болж байгаа учраас хамгийн их айцгааж байсан. Харанхуй болсон ч оргил дээр удаан байж, хонож чадахгүй учраас эргээд буух ёстой. Доошоо буухад тэд гурван цаг зарцуулах ёстой ч ирээгүй. Хүчилтөрөгчийн аппарат нь долоон цаг л барьдаг. Майханд үлдсэн нөхөртэй станцаар байнга холбогдож асууна. Ирээгүй гэсэн ганцхан хариу л өгнө. Тэгээд л шөнө дунд болоход ойлгомжтой боллоо гээд нөгөө их баяр хөөр, бүх зүйл алга болж байгаа юм. Өглөө Японы уулчид авиралтаа эхлүүлж оргил руу давшсан. Тэгээд станцаар танай уулчид 100 метрийн зайтай олсондоо нас барсан байна гэж мэдэгдсэн. Бөөн асуудал үүсч 8300 метрт үлдсэн хүнээ татаж, түрүүлж доошилсон хүмүүс ч хөл гараа хөлдөөчихсөн эргэж ирсэн.

-Заавал орой болсон хойно оргил руу дайрах шаардлага байсан юм уу?

-Удирдлагууд ийш тийшээ яриад л байсан. Шуурга ч ихэсч, цасан нуранги ч ихээр үүсч эхэлсэн. Бидэнтэй параллель авиралт хийсэн Японы дөрөв, Английн гурван уулчин цасан нурангид дарагдаж амиа алдсан мэдээ ч бас ирлээ. Тэр өдөр 11 хүн нас барж авиралт хийж байсан 14 орны багийн удирдлагууд хуралдаад бүх авиралтыг зогсоох команд өгсөн. Би 7850 метрийн өндөрт байгуулсан лагерт дайралт хийхээр зэхэж байсан ч буух команд ирсэн. Биднийг 1996 онд явахад 320 хүн нас барсан байсан юм. Бидэнтэй цуг авиралт хийгээд амиа алдсан 11 хүнийг нэмээд тэр тоо шууд 331 болж байсан, тийм л аюултай газар. Яагаад тэр дөрвөн хүн нас барсан бэ гэвэл тэнд байсан 14 орны уулчид хоорондоо өрсөлдсөн хэрэг. Тэгээд л нэгнээсээ түрүүлж оргилыг эзлэхээр улайрцгааж боломжгүй тохиолдлуудад ч гэсэн команд өгсөөр байсан юм. Эцсийн үр дүнд нь 11 хүн нас барж үлдсэн хүмүүс нь дэлхийн дээвэрт гарах мөрөөдлөө орхиод бууцгаасан байдаг. Ийм л зүйл болсон. Гэхдээ би 8300-гийн кэмп байгуулахаар удаа дараа явж тийм өндөрт хүрч үзсэн. Оргилд хүрэхэд гуравхан цаг, 500-хан метр газар л үлдчихээд байсан юмсан.

-Тэр газар чинь оршуулгын газар шиг байдаг юм гэсэн биз дээ?

-Нас барсан хүнийг авах ямар ч боломж байхгүй. Хүмүүс өөрсдөө 30 килограмм ачаатай явна. Тэр их өндөрт чинь хүн хөдлөх ч тэнхэлгүй болчихдог юм билээ. Унагасан бээлийгээ ч авч чадахгүй тийм тэнхэлгүй болдог.

-Гурван сар шахам хугацаанд 6500 метрээс өндөр газар амьдарчихаад нам дор газар бууж ирэхээр ямархуу байдаг юм байна?

-Тэр нөхцөлд хоёр сар болоход үнэхээр дасан зохицчихдог юм билээ. Машинд явж чадахгүй, амь тэмцээд л байна. Таван мянган метрт бууж ирэхэд л амь тэмцэж эхэлнэ. Эхний шөнө нэг секунд ч унтаж чадаагүй. Хоёрдугаар сарын 25-нааставдугаар сарын 25-ны өдөр хүртэл явсан минь энэ. Ерөөсөө л тэр цасны хүн буюу алмас гэдэг шиг болчихсон байна билээ. Би 14 килограмм турсан. Хилийн цэргийн Даш генерал, ах дүүс минь намайг тосохдоо “Огт зүс үзээгүй хүн шиг болчихсон байна” гээд нулимс унагаж байсан юм.

-Ер нь та ямар шалгуураар Монголоос Эверестэд авирах анхны Монгол хүнээр сонгогдож байсан юм бэ?

-Нийт 100 уулчнаас 10-ыг нь шигшиж тэр арваас Б.Ганбаатар, П.Болдсайхан бид гурвыг үлдээсэн бид нэг сарын турш бэлтгэл хийгээд эмчийн үзлэгээр орж би явсан. Бид гурвуулаа Оргил рашаан сувилалд байрлаж Зайсан толгой руу байнга алхаж дасгал хийнэ. Эверестийн оргил гэдгийг анх очиж харсан түүх минь ингэж л эхэлсэн. Сүүлийн үед 120 сая төгрөгтэй болчихвол эрсдэл багатай авиралт хийдэг болчихсон байна. Г.Өсөхбаяр миний шавь. Л.Готовдорж хэмээх спортын мастер хүн бол түүний аав нь. Бас уулчин хүн. Би ийм зүйлийг авч явах ёстой, үүнийг анхаар гээд анх явахад нь мэддэг бүхнээ л хэлж өгөхийг хичээсэн дээ. Гэхдээ тэр үеэс өнөөдөр тэс өөр болчихсон юм билээ. Г.Өсөхбаяр маань “6500 метрийн өндөрт очлоо. Энд ирэхэд миний майхны дөрвөн буланд цэцэг хатгасан байна” гээд ярьж байсан. Би хоёр сар шахам өлөн явсны зэрэгцээ өөрөө очиж майхнаа барьдаг байсан бол одоо бүх зүйл нь бэлэн болчихсон юм билээ. Цаг үе ингэж сайхан өөрчлөгджээ. Компаниуд ивээн тэтгэдэг болчихож. Одоо хүн төрөлхтөн дэлхийн дээвэрт гарах бус харь холын гаригт хөл тавих нь хамгийн сонирхолтой зүйл болсон бололтой. 20 жилийн дотор л хүн төрөлхтөн ингээд өөрчлөгдчихөж байна.

Л.Мөнхтөр

Онцлох нийтлэлүүд