ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.06.18 08:06

Н.Наранбаатар: Өнөө жил “Монгол орон мөнхөд бат оршиг” гэсэн утга дор наадмаа найруулна

Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатартай ярилцлаа.


-Та үндэсний баяр наадмын найруулагчаар гурав дахь удаагаа ажиллахаар болсон. Өнөө жилийн наадмын найруулга ямар онцлогтой байх вэ?

-Би төрийн ажилтай хүн. Иргэн хүнийхээ хувьд, мөн уран бүтээлч хүнийхээ хувьд үүргээ биелүүлэх ёстой. Уг нь энэ жил амаръя гэж бодож байсан юм. Гэвч төрийнхөө наадмыг найруулах үүргээ аваад ажиллаж байна. Үүндээ баяртай байна. Энэ жил “Монгол орон мөнхөд бат оршиг” гэсэн утга дор наадмаа найруулна. Үндэсний эв эеийн дуулал тусгаар тогтнолын бат илэрхийлэл бол гэр бүлийн аз жаргал, төр, газар шороо, эх хэл, өв соёл, түүхэн уламжлал байдаг. Хамгийн гол нь монголчууд олуулаа болох гэсэн утга санааг гаргаж байгаа. Өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн гурван орчилд уялдуулж үзэл санаагаа хийж байна. Өмнөх жилүүдийн наадамд шинэ дэгүүдийг бий болгосон. Ямар цаг үеийг дамжиж байсан, ямар түүхтэй гэдгийг, түүхийн явцад ямар онцлогууд байсан юм, сэтгэл зүрхэнд юу нандин үнэтэй байдаг зэргийг харуулна. Энэ жилийн наадамд ямарваа нэгэн түүх өгүүлэхгүй, гол дүрийн баатаргүй, монгол хүний аж амьдрал ахуй соёл, "Хэл, хил, мал гуравтайгаа байвал хэн баян Монгол баян" гэсэн утган дээр наадмын нээлтээ хийж байгаа. Эрийн гурван наадмын гол мөн чанар нь юу байдаг, дөрвөн улирлын онцлог чанарыг илэрхийлсэн, 12 жилүүдийг гаргаж ирж байна. Түүхийн эх сурвалжаас харахад хулгана жилд хөлгөн судар үүсчээ гэдгийг үзүүлэх жишээтэй. Нэг талаараа танин мэдэхүйн шинжтэй болж байгаа юм. Бас нэг жилд нь Их монгол улс байгуулагдсан талаар үзүүлэх. Бид нэг талаасаа бие биенээ их шүүмжилж байна. Хамгийн гол нь ололттой зүйлийг харж хэлэх хэрэгтэй. Хүн гэдэг чинь урмын амьтан. Урмаар тэтгэгддэг. Худлаа үгийг мянга давтахаар үнэн болдог гэгчээр муулаад байвал бүх л юм болохгүй. Бид эхлээд сэтгэлээ засах хэрэгтэй. Энэ жил хугацаа их тулгуу эхэллээ.

-Наадмын бэлтгэл хэзээнээс эхлэх вэ?

-Дуу хөгжмийн бэлтгэл эхэлчилсэн. Талбайн бэлтгэл зургадугаар сарын 25-наас эхэлнэ.

-Нээлтэд ямар уран бүтээлчид оролцож байна?

-Энэ жил бүх урлагийн байгууллагууд оролцож байгаагаараа онцлогтой. Жил бүр тусалдаг Батлан хамгаалах яамныхан оролцоно. Цэнхэр дуулгатнуудаасаа бидэнд өгдөг. 800 гаруй хүн оролцож байна. Жинхэнэ монгол адуучин залуучууд мөн үндэстэн, ястнуудын төлөөлөл оролцоно.

-Жил бүрийн наадмын нээлт нэгэн хэвийн, ялгагдахааргүй байдаг тал бий шүү. Сүүлийн үед гадны улс орнуудын аливаа наадам, олон улсын хэмжээний арга хэмжээний хаалт, нээлтэд технологийн дэвшил, дроныг ихэд ашиглах болсон?

-Хүн бүхэнд хийх боломж байна. Тендер зарласан. Бид хөгжингүй улс биш гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Бид өндөр хөгжилтэй оронтой зүйрлэж чадахгүй. Намайг шүүмжилж байна. Миний мэдлээс хэт давсан асуудал. Хэрвээ орой үдэш хийвэл гэрлийн гайхамшигт шийдлүүдийг хийж болно. Гэтэл тэр хууль тогтоомж эрх зүй нь байхгүй. Өдрийн хамгийн хурц наранд гэрэл технологийн шидийг яаж үзүүлэх вэ дээ. Ноднин япончууд үзчихээд өдрийн гэрэл нь цэгцтэй кино кадр шиг үзүүлж чадаж байна гэж хэлсэн байгаа юм. Уран бүтээлчдийн чадварыг хэлж байна. Монголд маш олон авьяаслаг уран бүтээлчид бий. Ганц Наранбаатар гэж ярих биш. Энэ хүний ард олон мянган хүний хүч хөдөлмөр үр шим оршдог гэдгийг бодож ярих хэрэгтэй. Төрийн наадмынхаа төлөө бүгд хичээдэг. Олон хүний сэтгэл оюун ордог. Их сайхан болсон юм амархан санагддаг. Тэрийг гаргах гэж маш их хичээл зүтгэл гаргадаг гэдгийг мэддэггүй.

-Улсаас төсөвлөсөн мөнгө хүрдэг үү?

-Хүрдэггүй. Наадмын нээлт хаалт 600 сая төгрөг гээд төсөв батлаад өгчихсөн. Үүндээ л багтаана.

-Наадмын хүндэтгэлийн тоглолт ямар байх вэ?

-Би төрийн концертыг хоёр дахь удаагаа хийх гэж байна. Энэ жил арай өөр дэгээр тавина. Төрийн шагнал бол бүтээлд өгдөг шагнал. Жилд нэг, хоёр л бүтээл уг шагналыг авдаг. Энэхүү бүтээлүүдийг төрийнхөө концертэд үзүүлнэ. Монголын бахархал болсон бүтээлүүд байх болно. Жишээ нь, О.Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла” шүлэг байна. Мөн уран зургуудийг оруулж байгаа. Бүх бүтээлүүдийг зохиомжлоод хүмүүст хүргэнэ.

-Наамдын нээлт, хаалтын ёслолыг сарын өмнөөс бэлтгээд бэлэн болгочихоод 11-ний өдөр тэр бүхнээ харахад ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Мэдээж миний найруулсан, манай хүмүүсийн оюун санаанаас гарч байгаа учир догдолдог. Би хүний хийсэн юмыг шүүмжлээд суудаг хүн биш. Ядаж би хэлэхээсээ өмнө би энийг хийж чадах уу гэж өөрөөсөө асуудаг. Зарим итгэхгүй байгаа хүн надтай цуг ажиллаад үз. Ямар их цаг зав зардгийг үзэг л дээ. Гэртээ харих ч завгүй байдаг. Бүх юмыг надаас асууна. Хөгжмийн нот, ая, хэнээр дуулуулах вэ гээд л. Тог цахилгааны асуудал, хөгжмүүд гэнэт унтарвал ямар арга хэмжээ авах вэ гэх мэт. Эрчим хүчний асуудлыг хүртэл шийдэх хэрэгтэй болдог. Энэ бол тоглоом биш. Өмнө нь хийсэн бүх найруулагчдаар би бахархдаг, тэднийг хүндэлдэг. Өөрөө найруулж байж энэ ажлыг нарийн ширийнийг ойлгож байна.

-Нийт хичнээн хүн оролцох вэ?

-Одоогоор нарийн тоо гараагүй байна. 1500 гаруй хүн оролцох байх.

-Дээхнэ үед драмын театрын тасалбар хэдэн сарын өмнөөс дуусчихсан байдаг гэсэн. Харин сүүлийн үед үзэгчдийн тоо нэмэгдэж байгаа гэж дуулсан?

-Театр урлаг бол амьд урлаг. Хамгийн орлоготой, үзвэртэй ганцхан байгууллага бол Улсын драмын эрдмийн театр. “Би эндээс явахгүй” жүжгийг бүтэн сар битүү тоглосон. Театр яагаад мөнх оршдог вэ гэхээр тэнд хамгийн шилдгүүд байдаг. Өдөр бүр найруулагчийн тавьсан стандартыг яг нэг янзаар тоглоно гэдэг чадвар. Өдөр бүр өнөөдөр шигээ байхыг шаарддаг. Тайзны урлаг бүхэн театр. Найруулагч нэг юмыг хэлэх гэж л тэр бүхнийг бүтээдэг, хичээдэг, зүтгэдэг. Харин сүүлийн үед юу хэлэх гээд байгаа нь тодорхойгүй болчихсон бүтээл их байх боллоо.

-Соёл, урлагийн үндэсний зөвлөл байгуулагдахаар болсонд урлагийнхан их ам сайтай байна?

-Монголын соёл урлагийнхан бүгд баярласан. Урлаг руугаа өнгийж харж байгаа маш том алхам. Урлаг гэдэг бол тухайн нийгмийн нүүр царай өмсгөл, зүүлт гоёл. Төр анхаарч эхэлж байгаа нь сайхан санагдаж байна. Уг зөвлөл Ерөнхий сайд солигдонгуут алга болдог тийм биш байгаасай, мастер том төлөвлөгөөтөй байгаасай гэж бодож байгаа. Урлагийн залгамж халаа бага байна, том бодлого, соёлын дархлаа хэрэгтэй. Театр бол нийгмийн толь. Тэнд хүн өөрийгөө мөн бусдыгаа хардаг. Одоо энэ гарч байгаа бүтээлүүдэд цензур тавих хэрэгтэй.

Ухаалаг залуус их байна. Чадалтай залуучууд төрөн гарч ирж байна. Бид олон болох хэрэгтэй. Олуулаа болох тусам олон чадварлаг хүмүүс төрнө.

Бид цээжээ дэлдэж хашхирах биш, хийж бүтээж хашхирмаар байна. Хүн шүүмжлэхээсээ өмнө би юу хийж бүтээж байна гэдгээ мэдэх хэрэгтэй. Өөрөөрөө дуусах юм шиг амьдарч болохгүй. Хойч үеэ заавал бэлдэж байх хэрэгтэй. Би дэг журмыг их баримталдаг. Бас хүний үг сонсдог. Үүгээрээ хойч үедээ гарын авлага болж байна гэж боддог.


Онцлох нийтлэлүүд