ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.11.10 12:11

Н.Оюундарь: Таван секундээс удаан хугацаагаар ширтэж харвал бэлгийн дарамт үзүүлсэнд тооцно гэж заасан

УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.


-Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой заалтыг Эрүүгийн хуулиас хасч, Зөрчлийн хуульд 100 мянган төгрөгөөр торгохоор болсон нь энэ төрлийн гэмт хэрэг үгүй болсон гэж үзсэнийх үү. Эсвэл хохирогчдыг нь хохироод үлдэг гэсэн басамжлал уу?

-Ажлын байран дахь бэлгийн дарамт чимээгүй тахал шиг л байна. Мэдээж ажил дээрээ ямагт дарамтанд орж байгаа хүмүүс тэр бүр энэ асуудлаа ил зарлаад байх боломж нөхцөл өнөөдрийн нийгэмд алга. Гэлээ гээд ажилтан, албан хаагчаа элдэвлэдэг албан тушаалтнуудыг 100 мянган төгрөгөөр торгоод толгойг нь илээд байж болохгүй. Хохирогчдын тоог цаашид нэмэхгүй, эл чимээгүй тахлыг дарах үүднээс зохих хуульд өөрчлөлт оруулах цаг нь болжээ. Тиймээс бид 2019 оны арваннэгдүгээр сарын 19-нд Төрийн ордонд “Ажлын байр-Аюулгүй орчин” хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Европын холбоо энэхүү хэлэлцүүлэгт ач холбогдол өгч хамтран ажиллаж байгаа. ХЗДХЯ, ХЭҮК, Хүний эрхийн дэд хороо болон төрийн бус байгууллагууд оролцоно. НҮБ, АНУ, Австрали, Унгар, Франц, Герман зэрэг улсын Элчин сайд нар хэлэлцүүлэгт урилгаар оролцоно. Бид олны хүчээр нийгэмд эерэг хандлага түгээж, бэлгийн дарамтын бүх хэлбэрийг утсгахаар далайцтай ажил хийхээр зорьж байна.

-Ямар, ямар хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой вэ?

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Ажил мэргэжил, хөдөлмөрийн харилцаанд дарамтыг хориглох” заалтын хүрээнд ажлын байран дахь бэлгийн дарамтыг хориглох, хариуцлагын тогтолцоог тодорхой болгож тусгахаар ажиллаж байна.

-Дэлхийн 130 гаруй улс ажлын байран дахь бэлгийн дарамтыг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үздэг. Манай улсын хувьд байдаг л зүйл мэт үл тоож байна л даа. Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудлыг ямар хуулиар зохицуулах ёстой байдаг юм бэ?

-Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар энэ асуудлыг зохицуулж ирсэн. Гэхдээ байгууллагууд хуулийг хэрэгжүүлээгүйгээс болоод асуудал даамжирч байгааг анхаарах ёстой болов уу. Яамд, аймаг, сумдын ЗДТГ, төрийн байгууллагууд хуульд заасны дагуу байгууллагын дотоод журмандаа энэ талаар зааж бэлгийн дарамт учруулахыг хориглож өгөх ёстой. Энэ ажил явдаггүй дээ. Хүний эрхийн үндэсний комиссоос 2018 онд ажил олгогчид хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлсэн талаар дүн шинжилгээ хийсэн байдаг. 21 аймгаас асуулга авахад Дорноговь, Говь-Алтай, Ховд, Хөвсгөл аймаг хариу ирүүлээгүй байх жишээний. Хууль байгаад хэрэгжүүлэхгүй бол яах юм бэ. Олон талт асуудал байгаа биз дээ. Хууль гаргаад л, шат шатны байгууллагууд нь мөрдөж, хэрэгжүүлэхгүй бол батлаад яах юм бэ. Манай улсад хариуцлагын тогтолцоо ямар байгааг энэхүү жишээнээс харчихаж болно.

-Ажлын байран дахь бэлгийн дарамтыг зогсоохын тулд байгууллагын дотоод журмыг гаргаж мөрдөх ёстой юу?

-Яг зөв. Байгууллагын дотоод журам гаргаад түүнийг зөрчиж ажилтандаа хохирол учруулсан, ажиллах боломж нөхцөлөөр барьцаалан дарамталсан бол дор нь хариуцлага тооцдог болцгооё. Байгууллага, ажил олгогч ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх хэм хэмжээг дотоод журмандаа тусгаад өгчихөөсэй. Хэрэв хэрэгжүүлээгүй, эсвэл журмаа зөрчсөн тохиолдолд ажлын байран дахь бэлгийн дарамт үйлдэгчид тооцох хариуцлагыг Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулж зөвхөн 100 мянган төгрөгөөр торгоод өнгөрдөг болмооргүй л байна. Ажлын байран дахь бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцож Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах цаг нь болжээ гэдгийг амьдрал дээр гарч байгаа кэйсээс харж болно. Ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн хохирогчдод сэтгэл зүйн болон нөхөн сэргээх үйлчилгээ, хууль зүйн туслалцаа үзүүлэх, ажлын байрны баталгааг нь хангах, хохирогчийг хамгаалах зохицуулалтыг зохих хууль тогтоомжид тусгах ёстой зэргээр хийх ажил бас их байна. Төрийн албаны тухай тухай хуулийн шинэчилсэн найруулгын 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсгийн болон 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсгийн заалт зөвхөн төрийн захиргааны болон тусгай албан хаагчид хамаарахаар ялгамжтай тусгасныг өөрчилж төрийн улс төрийн болон үйлчилгээний албан хаагчийг мөн адил хамааруулж хуульчлах ёстой.

-Хүйсийн тэгш эрхийн төвөөс хийсэн судалгаанд “Гурван хүн тутмын нэг нь ажлын байрандаа бэлгийн дарамтад өртөж, хохирогч болсон хэн нэгнийг мэддэг”, “Таван эмэгтэйн нэг нь өөрөө хохирогч болсон” гэж дурьдагдсан байдаг. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэг манай улсад чимээгүй тахал болчихсон юм биш үү?

-Тэгж хэлж болно. Хуулийн хүрээнд асуудлыг шийдэх боломж өнөөдөртөө лав алга. Гадаад улс оронд бэлгийн дарамт учруулсан албан тушаалтыг ямархуу журмаар шийдвэрлэж байгааг манайхан харж байгаа байх. Хүний эрхийн үндэсний комисст ирүүлсэн өргөдөл, гомдлуудыг харж байхад үнэхээр яах вэ гэсэн арга барагдмаар зүйлүүд ч гарч ирж байна.

-Хохирогчид ичиж, ажилгүй болохоос эмээж байгаа нь нэг талдаа хуулийн зохицуулалт, нөгөө талдаа ядаж л гэр бүлийнхэн нь ойлгохгүй байх вий гэдгээс түгшиж ил гаргадаггүй, эсэргүүцдэггүй сул тал бий. Ийм тохиолдол гарч байсан уу?

-ХЭҮК-д гаргасан өргөдөл, гомдлууд дунд ийм жишээ олон бий. "Би чамд татагдаж байна. Ганц удаа тэгэх үү, ахиж чамайг зовоохгүй гэснээ сүүлдээ “Чи халагдсан, коммунист зулбасга, ямар ч сэтгэл байхгүй чи муу баас ХУ намын хулгайч нарын хүүхэд, би чамайг ажилд авдаг буруудсан байна. Ямар ч байсан ажлаа ол, чамайг ажиллуулахгүй...” гэх зэргээр 46 мессэжийг дарга С удаа дараа илгээж, хүсэл нь бүтэхгүй болонгуут нь орон тоог нь цомхотгон ажилгүй болгох жишээтэй. Эмэгтэй хүнийг элдэвлээд ажлаас нь халаад зогсохгүй гэр бүлээр нь оролдож муудалцуулж, цагдаагаар дарамтлуулан шалгуулсан ч тохиолдол байна. Хууль, хүчний байгууллагын эмэгтэй ажилтнуудыг арай л дэндүү доромжилж, элдэвлэж байна. Аргаа барсан ганц нэг хүн ажлаасаа гараад явчихдаг юм байна. Нэрийг нь энэ удаа дурдаад яахав. Тэдгээр байгууллагын дарга нарт албан бичиг явуулсан.

-Хурандаа нар охидод бэлгийн дарамт учруулдаг байсан гэж та хэлсэн. Ер нь энэ төрлийн маш олон кэйс байдаг байх...

-Мэдээллээ нуудаг болохоор тэр бүр энэ төрлийн гэмт хэргийг шийдэх боломж тааруу. Хүчний нэг байгууллага дээр бүр 28 эмэгтэй бэлгийн дарамтад ямар нэг байдлаар өртсөн тоон мэдээ, өргөдөл, гомдолтойгоо бий. Арга хэмжээ аваад даргыг ажлаас нь халахаар удахгүй өнөө бэлгийн дарамт үзүүлэгч этгээд өөр газрын дарга болчихсон явж байгаа эмгэнэлтэй тохиолдол байна. “...даргатайгаа хэзээ уулзах юм. Санаа зоволтгүй, бид нас биед хүрсэн эр, эм хүмүүс. Би чамаас хайр халамж хүсч байна. Чи сэтгэл гаргавал би чадах бүхнээ хийнэ. Би чамайг маш их хүсдэг. Ойлгооч муу даргыгаа. Хүүе! Чи даргатайгаа хэзээ уулзах юм. Чамайг гурван жил хүлээж байна...” гэх зэргээр олон удаа мессэж бичиж ажилтнаа гурван жил дарамталсан тохиолдол байна. Түүний хүслээр бэлгийн сонирхлыг нь дагахгүй бол нэр төрийг нь гутаана, ажлаар дарж орой үдэш толгой тархиа бариулж, архиар шахаж, ширээний хүүхэн болгож адаг сүүлдээ нөхөртэй нь муудуулж цагдаад барьж өгөх наад захын хэрэг болсон. Ажлын байрны бэлгийн дарамт жирийн үзэгдэл болсны жишээ энэ. Даргын хүслийг хүлээж авахгүй бол элдэв яриа, цуурхал тараана гэх мэтээр сэтгэл санаагаар тухайн хүн хэчнээн хүнд байдалд байдгийг хамт олон нь ч гэсэн ойлгож эерэг хандлагатай болох цаг иржээ. Өөрийн биеэр хүрч ирж учраа ол гэж шаардана. Байгууллагын даргадаа энэ талаар гомдол гаргахаар “Та хоёр хайр сэтгэл, ор хөнжлийн асуудлаа өөрсдөө шийд” гэж хариулдаг юм байна, цаана чинь. Ийм хүмүүст одоо уучлаарай, та ажлаа өгнө үү гэдэг шаардлага хүргүүлдэг болцгооё. Боловсрол, соёл урлаг, спортын байгууллагад ч бэлгийн дарамт зөндөө байна. Залуу тамирчдыг тэмцээн уралдаанд оролцуулахгүй боох, эсвэл гадаадад тэмцээнд авч явахдаа өвгөн багш, дасгалжуулагчид нь охидыг оролдож хүчиндэхээр завдах муухай зүйлүүд мэр, сэр гарсаар л байна. Энэ бүх дарамтаа гэр бүлийнхээ хүрээнд л яриад хүнд битгий хэлээрэй гээд хаачихдаг. Цагдаа, хуулийн байгууллага гээд явахаар аль муугаа үздэг юм байна.

-Таван секунд ширтвэл ажлын байрны бэлгийн дарамт гэж үзнэ гэдгийг тодруулахгүй юу?

-Засгийн газрын 6-ны өдрийн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хуульчлах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн тухай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлсэн. Төрийн албан хаагч ёс зүйн дүрмээ зөрчсөн тохиолдолд ажлаас нь шууд чөлөөлөх зохицуулалтыг шинэчлэн оруулах нь зүйтэй гэж үзсэн байна лээ. Төрийн албан хаагч бизнес ангиллаар зорчихгүй байх, албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байх, төрийн албан хаагч цалингаасаа үнэтэй бэлэг авахыг хориглох, тэр дундаа ажлын байранд бэлгийн дарамт учруулахгүй байх тухай заалтыг нарийвчлан оруулах, жишээлбэл, таван секундээс удаан хугацаагаар ширтэж харвал бэлгийн дарамт үзүүлсэнд тооцно гэж заасан юм билээ.


Онцлох нийтлэлүүд