ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.09.11 09:09

Н.Учрал: Цахим сүлжээтэй холбогдуулж хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай

УИХ-ын Цахим бодлогын түр хорооноос зохион байгуулж буй “Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гаригт Төрийн ордны их танхимд боллоо. Уг арга хэмжээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, мөн НҮБ-ын хүүхдийн сан зэрэг байгууллагууд оролцсон. Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Нийслэлийн боловсролын газар, Монголын оюутны холбоо, Монголын сурагчдын холбоо дэмжин оролцлоо. Уг нээлттэй хэлэлцүүлэг нь урьд урьдын ийм төрлийн хэлэлцүүлгээс оролцож буй байгууллагын хүрээгээрээ харьцангуй өргөн хүрээг хамарч зохиогдсон ба ЦЕГ-аас өрнүүлж буй Unfriend аяныг дэмжин явагдсанаараа онцлогтой байв. Нээлттэй хэлэлцүүлэг нь “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал”, “Цахим орчны зохистой хэрэглээ” гэсэн хоёр панелийн хүрээнд явагдсан.

Энэ үеэр дээрх хэлэлцүүлгийг санаачлагч УИХ-ын гишүүн Н.Учралаас зарим зүйлийг тодрууллаа.


-Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулж буй нь цаг үеэ олсон зүйл байлаа гэдгийг оролцогчид хэлж байна. Уг хэлэлцүүлгийн талаар тодруулахгүй юу?

-Цахим бодлогын түр хороо өнгөрсөн хаврын чуулганы сүүлээр байгуулагдсан. Байгуулагдсанаасаа хойш дөрвөн сар өнгөрчих үү дээ. Энэ хугацаанд манай түр хороо гурван чиглэлээр ажиллаж байна. Дижитал шилжилт, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд бэлтгэх, нийгмийн сүлжээнд хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаалах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудалд голчлон анхаарч ажиллаж байгаа. Өсвөр насныхан, залуучууд цахим орчинд цагийг их зарцуулдаг. Биднийг хүүхэд байх үед ээж, аав “Чи орой үдэш гадуур явж болохгүй, танихгүй хүнтэй уулзаж болохгүй, мэдэхгүй хүнд хаалгаа битгий нээж өгөөрэй” гэж захидаг байсан. Харин одоогийн хүүхэд залуучуудад эцэг, эх нь ингэж хэлдэг ч өдөр тутам танихгүй хүмүүстэй тааралдаж, харилцаж байдаг. Энэ танихгүй хүнтэй харилцах харилцаа цахим орчинд элбэг байна. Цахим ертөнцөд нэр, зүс нь үл мэдэгдэх хүн таны хүүхдэд өдөр болгон садар самуун зүйлийг сурталчлах, татан оруулах, гэмт хэрэгт уриалах, холбогдогч, хам хэрэгт унагах аюулд уруу татаж байна. Үүнээс болж цахим гэмт хэрэг манай улсад нэг дахин өссөн гэдэг үзүүлэлтийг Цагдаагийн газраас мэдээлсэн. Тиймээс энэ асуудлаас хүүхдээ хамгаалахын тулд эцэг эх, багш, нийгмийн ажилтнууд хамтран ажиллаж, хараа хяналтаа сайжруулах нь зөв. Өмнөх өмнөхөөсөө хэд дахин илүүтэйгээр хүүхдэд анхаарлаа хандуулах цаг үе иржээ. Тиймээс УИХ-ын Цахим бодлогын түр хорооноос өнөөдөр цахим орчин дахь хүүхдийн хамгааллын чиглэлээр уг хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

-Хэлэлцүүлгийн үр дүнг та бүхэн хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Хэлэлцүүлгээс гарах үр дүн их чухал. Гарах үр дүн нь яг одоогоор нөхцөл байдал ямар байгаа вэ гэдгийг тодорхойлно. Үүнийг хэрхэн шийдэх вэ гэдэг дээр технологийн шийдэл гэж гарч ирнэ. Тухайлбал, фэйсбүүк нээхдээ зөвхөн гар утаснаасаа нээдэг байх ч гэдэг юмуу, иймэрхүү технологийн шийдлээр асуудлыг зохицуулахад нөлөөлнө. Хамгийн чухал нь цахим сүлжээтэй холбоотой эрх зүйн орчинг боловсронгуй болгож, хүүхдийн эрхийг хамгаалах хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн зохицуулалтыг чангатгах хэрэгтэй. Өөр нэг чухал зүйл нь соён гэгээрүүлэх ажлыг идэвхжүүлэх юм. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас “Unfriend” хөдөлгөөнийг эхлүүлсэн. Манай түр хороо үүнийг нь дэмжин ажиллаж байгаа. Өнөөгийн нийгэмд эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал хандуулах зайлшгүй шаардлага байна. Тэр дундаа орчин үеийн технологи, цахим сүлжээнээс хамгаалах чиглэлээр соён гэгээрүүлэх ажлыг идэвхтэй өрнүүлэх хэрэгтэй юм. “Un­friend” хөдөлгөөний хүрээнд нэр, зүс нь үл мэдэгдэх тэр хүмүүсийг хүүхдийнхээ цахим сүлжээнээс хасах, хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх нийтлэлүүдийг устгах ажлыг эцэг, эхчүүд нэн даруй хийх шаардлагатай.

-Дан ганц нийгмийн сүлжээ гэлтгүй зарим нэг цахим сайтуудад гарч буй нийтлэл, хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөөлөх мэдээ, мэдээлэл, садар самуунд уруу татсан зураг, дүрс бичлэгийг хэрхэн зохицуулах вэ?

-Үүнийг хэрхэн зохицуулах асуудлаар холбогдох мэргэжлийн хүмүүстэй уулзаж, хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд янз бүрийн гэмт хэргийг сурталчилж буй сайт, фэйсбүүк пэйжүүдийг “Хар жагсаалт”-д оруулах, энэ төрлийн сөрөг мэдээлэлтэй цахим хуудаснуудыг ядаж гэртэй IP-гаараа хаах боломжийг шийднэ. Энэ ажлуудыг эхлүүлэхийн тулд хууль, эрх зүйн орчинг эхэлж бүрдүүлэх нь чухал. Тиймээс ирэх намрын чуулганаар Хүүхдийг цахим орчинд хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр ажиллах болно. Уг хуулийн судалгаан дээр НҮБ-ын Хүүхдийн сангийнхан туслалцаа үзүүлж байгаа. Герман, Америк, Орос, Япон зэрэг олон улс уг хуулийг хэрэгжүүлээд эхэлчихсэн. Тиймээс эцэг эх, багш, нийгмийн ажилтнуудаа ирээдүй болсон үр хүүхдээ танихгүй хүмүүсээс хамгаалъя. Энэ бол цахим орчин шүү. Энэхүү хэлэлцүүлгээс дээрх зөвлөмжүүдийг гаргана. Үүнийгээ Төрийн гурван өндөрлөгт хүргүүлэх болно. Манай түр хороо, бусад төрийн байгууллага энэ асуудлаар бодитой үр дүн гартал нь ажиллах болно.

-Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулж цахим ертөнцийг хэрхэн зөв ашиглах талаар хичээлийн цаг нэмэх үү. Энэ асуудлыг хэлэлцүүлгийн үеэр хөндсөн үү?

-Америк, Япон зэрэг улсуудад цахимын зохистой хэрэглээний талаарх хичээлийг оруулдаг юм билээ. Бид энэхүү аяны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиудад цахимын зохистой хэрэглээний талаарх бэлдсэн хичээлийг нэвтрүүлэх гэж байна. Хоёрдугаарт, манай түр хорооноос Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яаманд Цахим зохистой хэрэглээний талаарх тусгайлсан хичээлийг оруулах шаардлагатай байгаагаа албан ёсоор илэрхийлсэн. Удахгүй уг хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулж, мөрдүүлж эхэлнэ.

-Цахим бодлогын түр хороо өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд ямар асуудлаар Засгийн газарт санал, санаачилгаа хүргүүлж, хамтран ажиллаж байна вэ?

-Төрийн цахим шилжилтийг хийх асуудалтай холбоотойгоор Төрийн байгууллагууд дээр хэрэгжиж байгаа 230 сая ам.долларын программ хангамжийн үйлчилгээний төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлсэн. Эдгээр төслийн хэрэгжилтийн явцыг шалгах ажлын хэсгийг байгуулаад энэ сарын 15-аас Төрийн байгууллагуудад ажиллах гэж байна. Ингээд ирэх сард хөнгөлөлттэй зээлээр хийгдсэн Төрийн цахим шилжилтийн ажил үнэхээр үр дүнд хүрсэн эсэх нь тодорхой болно. Энэхүү мэдээллийг УИХ-д танилцуулна.

МОНГОЛД ХОЁР САЯ 900 ГАРУЙ МЯНГАН ХҮН ИНТЕРНЭТ АШИГЛАДАГ

Сүүлийн таван жилийн хугацаанд гэхэд Монгол Улсад интернэт хэрэглэгчийн тоо 4.5 дахин хэмжээгээр нэмэгдэж 2012 онд дөнгөж 654.000 байсан уг тоо өнгөрсөн 2017 онд 2.910.778-д хүрсэн гэсэн судалгаа гарсан байна. Түүнчлэн цахим орчноор дамжуулан хүүхдийн эрхэд халдсан зөрчил өнгөрөгч онд 44 удаагийн тохиолдол бүртгэгдсэн бол энэ оны эхний найман сарын байдлаар аль хэдийнэ 200 даваад байгаа аж. Манай улсад өнөөдрийн байдлаар цахим орчинд тавих хяналтын чиг үүргийг Харилцаа холбооны зохицуулах хороо төсөөтэй байдлаар зохицуулж байна. Төсөөтэй гэсний учир нь одоогийн Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, эрх зүйн актуудаар тус хороо нь цахим веб хуудас, радио телевизийн үйл ажиллагаа, тэдгээрийн контентод хяналт тавихаар зохицуулагдсан байдаг. Гэвч фэйсбүүк, твиттер зэрэг иргэн бүрийн үзэл санаа, үйлдэл эс үйлдэхүйн чөлөөт индэр болсон платформууд бий болж, улмаар Монгол Улс тэдгээрийн хэрэглээгээр Ази тивд нэгдүгээрт, дэлхийд 10 дугаар байрт жагсах болсон нь биднээс дараагийн бодлого, төлөвлөлт, алхмуудыг шаардаж эхэллээ. Иймээс уг арга хэмжээг зохион байгуулах болсон талаараа зохион байгуулагчид ярьж байна. Уг хэлэлцүүлэгт хууль хүчний байгууллага, харилцаа холбоо мэдээллийн технологийн чиглэлийн газар албадуут, хүүхэдтэй ойр ажилладаг ЕБС-ийн багш, нийгмийн ажилтан, сурагч болон эцэг эхийн төлөөлөл гээд нийт 800 гаруй оролцогч оролцсон юм.

Д.ДАГИЙМАА: СОХОРТЛОО Л УЙЛАВ ГЭЖ ДЭЭ, ЭЭЖ МИНЬ

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх газрын дарга Г.АРСЛАНХУЯГ: -Хүмүүсийн хамгийн сайн мэддэг сэдвээр ярилцаж байна. Цахим хэрэглээний талаар эцэг, эхчүүд хүүхдээсээ дор мэдлэгтэй байна. Хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавина л гэх юм, чадах уу гэсэн асуудал гарч ирнэ. Un­friend аяны зорилго нь цахим хэрэглээнд иргэдийг соёлтой болгох, хүүхэд, залуучуудыг цахим ертөнц дахь аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх юм. Манай улсад цахимаар үйлдэгдэх гэмт хэрэг хувиар биш тав дахин өссөн. Монголчууд нийгмийн сүлжээгээр явж буй сөрөг мэдээлэлд хэт их дасч. Үүний хамгийн ноцтой нь хүүхдийн ёс суртахуун, хүмүүжилд хүчтэй сөрөг нөлөөлөл үзүүлж байна. Хуулиараа хүүхдийг таван орчинд хамгаална гээд заачихсан байдаг. Үүний нэг нь цахим орчинд хүүхдийг хамгаалах юм. Ингэхийн тулд эцэг, эх, багш нарын үүрэг оролцоо хамгийн чухал. Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд технологийн шийдэл дутагдаж байна. Энэ асуудлыг нэн яаралтай шийдээд, аль аль талдаа хариуцлагатай, анхааралтай хандаж чадвал хүүхдээ цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой” гэв.

Мөн ХИС-ийн Мэдээлэл харилцаа, менежмэнтийн сургуулийн захирал Д.ДАГИЙМАА: -Энэ цаг үеийнхнийг судлаачид дэлгэцийнхэн гэж онцолж байгаа. Учир нь хөгшин залуу гэлтгүй бүгд дэлгэцээс хамааралтай болчихсон. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр фэйсбүүкийг хог гэсэн шинжтэй харагдаж байна. Би хоёр жилийн өмнө өөрийнхөө фэйсбүүк хуудаснаа “Сохортлоо уйлав гэж дээ, ээж минь” гэсэн пост оруулсан юм. Энэ нь ямар агуулгатай вэ гэхээр дээхнэ үед нэг эрх хүүхэдтэй айл байж. Нэг өдөр хүүхэд нь унинд хавчуулчихсан хайч авна гэж уйлаад, ээж дээ хэлж л дээ. Учир зүггүй уйлаад, арга ядахдаа тэр ээж хүүхдэдээ хайчийг аваад өгчихөж. Гэтэл эрх хүүхэд хайчаар тоглож байгаад болгоомжгүйгээсээ болоод нүдээ сохолчихож л дээ. Хожим тэрхүү хүүхэд нас биед хүрээд ээждээ “Ээж минь та надад тэр хайчийг яах гэж авч өгсөн юм бэ. Би хайч авч өгсөнгүй гэж сохортлоо л уйлав гэж дээ” хэмээн эхийгээ зүхсэн гэдэг яриаг бид сайн мэднэ. Үнэхээр тэр хүүхэд сохортлоо уйлав л гэж дээ. Энэ сургамжтай адил одоогийн эцэг, эхчүүд бид утас нэхээд уйлж байгаа хүүхдэдээ гар утсаа өгчихдөг. Хожим хүүхэд нь нүдний эмгэгтэй болж, зарим нь гар утас зэрэг дижитал хэрэгсэлд донтож, сэтгэцийн өвчтэй болж байна. Тиймээс үр хүүхдээ цахим орчны зохисгүй хэрэглээнээс хамгаалах, орчин үеийн технологитой зөв зохистой харилцах ухаанд багаас нь сургах нь зөв гэв.


Онцлох нийтлэлүүд