ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.12.05 08:12

Н.Цэрмаа: Монгол бичгийг 21 хоногийн курсээр суучихаад сурагчдад зааж байлаа


Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 20 дугаар сургуулийн бага ангийн багш, боловсролын тэргүүний ажилтан Н.Цэрмаатай ярилцлаа.


-Та зах зээлийн нийгэмд шилжиж байх 1990-ээд оны үед бага ангийн багшаар ажиллаж эхэлсэн юм билээ. Ер нь энэ мэргэжлийг яагаад сонгох болсон бэ. Тухайн үед эцэг, эхчүүд үр хүүхдээ хоол ундтай, мөр бүтэн байлгахын тулд борви бохисхийлгүй зүтгэж хичээл номонд нь анхаарал сул хандуулдаг байсан байх?

-Би 1984 онд Төв аймгийн Зуунмод хотод аравдугаар ангиа төгссөн. Уг нь Дарханы Политехникумд уул уурхайн цахилгааны ангид орсон ч цэцэрлэгт ажиллахаар шийдсэн юм. Анх багш болох гараа маань ингэж л тавигдсан даа. Ер нь хүүхэд байхдаа ихэвчлэн багш болж тоглодог байлаа. Бүр багаасаа энэ мэргэжилд дурласан. Ингээд 1986 он хүртэл цэцэрлэгт хоёр жил ажиллаад багшийн сургуульд элсэн суралцсан. Сургуулиа 1990 онд төгсөж Төв аймгийн Атрын сангийн аж ахуйд нэг жил ажилласан юм. Тухайн үед Төв аймгийн Дөрөвдүгээр сургууль анх нээгдэж байлаа. Тэнд бага ангийн багшаар 5-6 жил ажилласан. Улмаар Улаанбаатар хотод ирээд 20 дугаар сургуульд ажиллах болсон. Энэ сургуульдаа 22 дахь жилдээ ажиллаж байна. Төв аймагт хоёр бага анги төгсгөсөн. Энэ сургуульдаа зургаа дахь ангиа хүлээн авч ажиллаж байна. Анх багш гуравдугаар анги хүртэл дааж, төгсгөдөг байлаа. Дараа нь дөрөв, тэгээд таван жилээр төгсгөх болсон.

Ажлын гараагаа эхэлсэн Төв аймгийн Дөрөвдүгээр сургуульд малчны хорооллын хүүхдүүд явдаг байлаа. Сургууль шинээр байгуулагдсан тул багш нар нь шинэ, шижигнэсэн залуус байсан юм. Төмөрчөдөр, Ариунсайхан гэж хоёр найзтайгаа багшлахаар ирж байлаа. Тухайн үед хүүхдүүдийг одоогийнх шиг цаг наргүй шахдаггүй байсан. Найман настайдаа сургуульд орно. Нэг хэсэг кириллийн оронд монгол бичиг заасан юм. Бид өөрсдөө 21 хоногийн курст суусан. Монгол бичгээ сайн мэдэхгүй. Цаанаас “заа” гэсэн учраас маргаашийн хичээлийг гэртээ оройжин бэлдээд ордог байлаа. Бид зарим үгээ уншиж чадахгүй. Тэрийгээ хүүхдүүдэд мэдэгдүүлэхгүйг хичээнэ. Харин хүүхдүүд маань маш амжилттай суралцсан. Хөдөө 20 орчим хүүхэдтэй ажиллаж байгаад Улаанбаатарт 1998 онд ирж багшилахад 40 гаруй хүүхдийн дунд хэсэг самгардсан. Хүүхдүүдийнхээ эцэг, эхийг ч танихгүй.

Зах зээлийн нийгэм рүү шилжиж байсан 1990-ээд оны үед амаргүй байлаа. Хүүхдүүдээ хаячихсан. Өөрсдийн зөнгөөр л суралцсан даа. Багшаас их зүйл хамаардаг байлаа. Эцэг, эхийн хурал хийхэд хүртэл мөнгө нэхэх гэж байна уу гэж хардаг байсан. Одоо бол өөр. Эцэг эхчүүд хүүхдүүддээ их анхаардаг болсон. Энэ нь багшийн ажлыг их хөнгөвчилж өгдөг. Манай анги 53 хүүхэдтэй.

-Та бага ангийн багшаар 20 гаруй жил ажилласан. Мэдээж хөгжилтэй, сургамжтай олон дурсамж байгаа байх. Энэ талаар дурсахгүй юу?

-Мэдээж маш олон сайхан дурсамж бий. Манай 20 дугаар сургуульд Лхагваа гэж хичээлийн эрхлэгч байлаа. Одоо тэтгэвэртээ гарсан л даа. Тун чанга хүн байсан. Үүний ачаар бид жинхэнэ багш болж төлөвшсөн гэж ярьдаг юм. Лхагваа багш дуудаж байна гэхэд шатаар өгсөж явах үед сүүлийн нэг сарын амьдрал нүдний өмнүүр өнгөрдөг байлаа. Би хэнтэй буруу ярьж, ямар эцэг, эхтэй муудсан билээ, биелүүлээгүй төлөвлөгөө байгаа бил үү гэх зэргээр тэрүүхэн хугацаанд түмэн бодолд дарагдана. Одоо бид “Та их хатуу хүн байсан шүү” гэж ярилцаад инээлддэг юм. Улаанбаатарт ирээд миний анх хүлээж авсан анги бол 1"ж". Тэд одоо болтол холбоотой байдаг. Цагаан сараар ирж золгоно. Мөн миний гурав дахь төгсөлтийн хүүхдүүд их холбоотой байна. Утсаар ярина. Баяр наадмаар ирнэ. Тэд гуравдугаар ангид байхад манай ангид гурван охин шилжиж ирэв ээ. Манай анги хоёр Намуунаатай байсан юм. Шилжиж ирсэн гурван охинтойгоо танилцлаа. Эхнийх нь Намуунаа гээд танилцуулж байна. Тэгэхээр нь “Дараагийнх нь бас Намуунаа биш шүү” гэж хэлтэл “Багшаа яана аа, намайг бас Намуунаа гэдэг” гэж хэлээд бөөн инээдэм болж билээ. Ингээд дөрвөн Намуунаатай болж байсан. Ер нь багш мэргэжлийн хамгийн сайхан нь эерэг энергитэй орчинд ажилладаг нь. Хүүхдүүдээ хараад муу муухай, гачигдаж дутагдсан бүхэн мартагдана. Би багшийн мэргэжил сонгосондоо бахархадаг. Тэр ч байтугай, би багш болоогүй бол өөр юу ч хийж чадахгүй байх байсан гэж боддог.

-Бага ангийн хүүхдүүд ямар хичээлдээ илүү дур сонирхолтой вэ. 20 жилийн өмнөхтэй харьцуулахад одоогийн хүүхдүүд илүү их мэдээлэлтэй болсон, түүнийгээ дагаад сурах арга барил нь ихээхэн өөрчлөгдөж байгаа байх?

-Ер нь анх уншаад, бичээд сургачих юм бол боллоо гэж боддог байсан. Одоо бол хүн болох талаас нь давхар анхаарч, ажиллаж байна. Хичээлүүд нь ч гэсэн тэгж ороод эхэлсэн. Монгол хэл, математикаас гадна ёс зүй, хүн орчин зэрэг хичээлүүд бас л харилцааных. Ёс суртахууны хичээл энэ жилээс хоёр цагаар ороод эхэллээ. Хуучин иргэний боловсрол гэж нэг цагаар л ордог байсан. Манай ангийнхан ёс суртахууны хичээлдээ хамгийн их дуртай. Бичдэггүй, дандаа харилцан ярилцдаг, зүрх сэтгэлийг нь хөдөлгөсөн хичээл байдаг тул дуртай, идэвхтэй оролцдог. Даваа гаригийн эхний хоёр цагт орно. Өглөө хүүхдүүд орж ирээд багшдаа сануулдаг. Хүүхдүүд харилцан ярилцах, санал бодлоо илэрхийлэх, аливаад дүн шинжилгээ хийх, юмыг ухаж ойлгох, танин мэдэх асар их сонирхолтой байгаагийн жишээ бол энэ юм. Тухайлбал, нэг сэдэв ярихад хүүхдүүдийг буруу зөв, сайн муу ч бай хамаагүй яриулаад байдаг. Ингээд хичээлийн сүүлийн арван минутад нэг шийдэлд хүрч, дүгнэлтээ хийдэг. Ингэснээр тэд үзэл бодлоо илэрхийлж сурах, мөн зөв бурууг тунгааж, эргэцүүлдэг. Ер нь одоогийн хүүхдүүд их чөлөөтэй болсон шүү дээ. Дээр үед багшийн буруу байсан ч хэлдэггүй байлаа. Одоо бол тэр чинь буруу байна гээд шууд хэлнэ. Дадлагын багш нарыг бараг л алдааг нь хянаад сууж байгаа юм. Та хоёрын тоогоо тэгээд биччихсэн байна шүү дээ гэнэ. Тэгэхээр хүүхдүүд хөгжиж байгаа. Илүү их мэдээлэлтэй болсон.

-Ихэнх эцэг, эхийн хувьд бага ангийн хүүхдээ уншуулж бичүүлж сургана гэдэг амаргүй даваа байдаг. Үсэг нүдлүүлж, тоо бодуулж, даалгавар хийлгэх гэж багахан “дайн” дэгддэг гэр бүл олон бий. Та эцэг, эхчүүдэд хэрхэн зөвлөдөг вэ?

-“Миний хүүхэд яаж байна” гэж битгий асуу гэж хэлдэг. Би мэдээж муу байна гэж хэлэхгүй. Цагаан цаас шиг хүүхдүүдийг авчихаад танай хүүхэд тийм ийм байна гээд хов зөөгөөд сууж таарахгүй. Мөн бусдын дэргэд, эсвэл эцэг эхийн хурал дээр хүүхдийг харьцуулж дүгнэх, ярих нь тун зохимжгүй. Тиймээс хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах, урам зориг өгөх талаар эцэг, эхчүүдэд тус бүрт нь зөвлөдөг. Хүүхэд ямар ч түвшинд байж болно. Гол нь тасралтгүй ахиц гарч, дэвшиж байх хэрэгтэй. Сүүлийн үед би хэт их даалгавар өгөхөө больсон. Энэ нь дарамт болдог. Тоогоо арай ядан дуусгачихаад цаана дахиад монгол хэл байгаа шүү дээ гээд дарамт болдог. Хүүхдүүдийн хувьд маш том асуудал шүү дээ. Тиймээс нэг даалгаврыг нь түлхүү өгөх байдлаар явдаг. Ер нь манай эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ маш сайн ажилладаг болсон шүү дээ. Сурлагын ахиц гаргахад байнга анхаарна. Мөн дугуйлан, сургалтуудад тогтмол явуулж хүүхдээ хөгжүүлж байна.

Ер нь хүүхдэд зөв цагт нь урам өгч сурах хэрэгтэй. Хүүхдүүдээ өдөр орж ирэхэд нь харна. Ээж, аавдаа загнуулж уу, хоол ундтай байж уу гэх зэргээр бүх зүйл хүүхдийн нүүрэн дээр харагдана. Зарим хүүхдийн нүдэнд нулимс цийлэгнээд ороод ирэх жишээтэй. “Яасан юм” гээд асуухаар “Даалгавар хийгээгүй. Миний төрсөн өдөр болж тэмдэглэсээр байгаад даалгавар хийж амжсангүй” гэнэ. Ер нь хүүхэд гэнэн цайлган, иймэрхүү зүйл дээр үнэнээ л хэлнэ. Тэгэхээр нь “За яахав, төрсөн өдөр чинь байсан юм бол баяр хүргэе, нэг удаа даалгавар хийгээгүйг чинь харж үзье” гэхэд нүдэнд нь оч гэрэлтээд явчихдаг. Удаан даалгавраа хийж амждаггүй, эсвэл хичээлээ сайн ойлгохгүй байгаа хүүхдүүдийн дэвтэрийг шалгахад хоёр тоо зөв бодсон байвал “Энэ хоёр тоо чинь хамгийн хүнд нь байхгүй юу. Чи бодож чадсан байна” гэхэд инээгээд буцаж суугаад үлдсэн тоогоо нухсаар байгаад дуусгачихдаг. Тиймээс хүүхдэд урам өгөх нь тун чухал.

Г.БАТЗОРИГ

Онцлох нийтлэлүүд