Улс төр
2015.02.27 02:02

Н.Энхбаяр даргыг АТГ-т дуудсан

Сар шинийн өмнөхөн эх орондоо ирсэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр намын байрандаа байхад АТГ-ын ажилтнууд ирж саатуулсан талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл энэ асуудлаар дөнгөж сая тус намын байранд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж нар мэдээлэл хийлээ.

Тэрбээр хэлэхдээ “Манай намын даргыг өчигдөр АТГ-аас н.Эрдэнэсайхан, н.Ганбаяр гэх хоёр залуу ирж саатуулсан. Мөн тэд ирэхдээ 2015 оны 02 сарын 27-ны өдөр буюу өнөөдөр 15 цагаас АТГ-т ирэх Зарлан дуудах бичиг өгсөн. Ямар шалтгаанаар дуудаж байгаагаа хэлээгүй. Намын даргаа маань энэ үеэр өмгөөлөгчгүйгээр ямар ч Зарлан дуудах бичиг авахгүй гэдгээ хэлсэн. Мөн дуудсан шалтгаанаа мэдэхгүйгээр очихгүй гэдгээ ч хэлсэн. МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн байсан хүнтэй ингэж харьцаж байгаа юм чинь жирийн иргэдийг яаж ч болохоор нийгэмд бид амьдарч байна.

Ардчилал нэрээр хүнийг хэлмэгдүүлж, эрхийг нь зөрчих үйлдэл улам бүр нэмэгдэх болсныг хэдхэн хоногийн өмнө болсон өлсгөлөн зарласан иргэдийг албадан саатуулсан бичлэгээс харагдаж байгаа.
Н.Энхбаяр дарга өнөөдөр 15 цагаас МАХН-ын төв байрандаа манай намд итгэл үзүүлсэн 350 гаруй шинэ гишүүндээ батламж гардуулах арга хэмжээнд оролцоно. Тиймээс АТГ-ын дуудсан цагт очих боломжгүй гэдгийг хэлмээр байна. Гэм буруугүй гээд Монгол Улсын Ерөнхийлөгч өршөөл үзүүлчихсэн хүнээс АТГ дахиад ямар мэдээлэл авах гээд байгааг мэдэхгүй байна” гэлээ.

Онцлох нийтлэлүүд