ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2020.09.17 08:09

Н.Энхбаяр: Хөрөнгө оруулалт эрс багассан нь саарал жагсаалтын хамгийн том эрсдэл


Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.


-Зээлийн хүүг бууруулах яриа хөөрөө шийдвэр гаргах түвшинд ид өрнөж байна. Зээлийн хүү тэдээс дээш байх ёсгүй ч гэдэг юм уу тодорхой хязгаар тогтоогоод асуудлыг шийдэх боломжтой юу?

-Зээлийн хүүний тухайд тал болгоны ашиг сонирхол хөндөгддөг учраас бүгд өөр өөртөө ашигтай талаасаа л тайлбарлаад байна л даа. Өнөөдөр зээлийн хүүний тухай маш амархан юм ярих гээд байна. Шууд дээд хязгаарыг нь тогтоогоод өгчих хэрэгтэй гэх мэтээр ярих нь өрөөсгөл. Механик арга. Өчнөөн улсын жишээ яриад байгаа харагдсан. Тэр тусмаа манайх шиг эдийн засаг нь голдиролдоо ороогүй, түүхий эд, уул уурхайгаас хэт хамааралтай нөхцөлд үр дүнгээ санасан хэмжээнд өгөхгүй. Нэг, хоёр жилдээ багасч магадгүй. Цаашлахаараа жолоодогдоход улам бэрх болно. Судлаач хүний хувьд харахад үндсэндээ гурван хүчин зүйл бий. Нэгдүгээрт, улс орны эдийн засгийн бүх макро үзүүлэлтээс хамаарна. Ялангуяа мөнгө, төсвийн бодлогоос. Төсөв алдагдалтай, зээл ихтэй байгаа цагт боломжгүй. Эдийн засаг нь бизнесийн мөчлөгөө дагаад хямраад байвал банкны зардал өснө, чанаргүй зээлүүд бий болно. Хоёрдугаарт, банкны салбарын өөрийн зохицуулалттай холбогдолтой хууль эрх зүйн орчин, ялангуяа төв банкнаас өгч буй зөвшөөрлүүд, манай банкуудын үйл ажиллагаа явуулж байгаа хэлбэр гэх мэт асуудлууд байгаа.Банкны тухай хууль 1994 онд анх гарч байсан. Тэрнээс хойш үндсэндээ яг л нэг чиглэлээр явж байна. Ганц оффис байсан ч банк, улс орон даяар салбартай байсан ч банк. Гадны улс орнууд энэ нөхцөлийг нь илүү төрөлжүүлчихсэн.

-Яг яаж төрөлжүүлсэн байдаг юм бол?

-ХҮН-ынхан саяхан банкуудыг төрөлжүүлэх ёстой гэсэн саналыг Монголбанкинд хүргүүлсэн байна лээ. Манайх шиг банкууд нь жигдрээгүй нөхцөлд эхний ээлжинд тусгай зөвшөөрлөөр төрөлжүүлэх хэрэгтэй. Иргэдэд үйлчилдэг банк тусдаа. Тэр банк нь зээл олгодог, хадгаламж авдаг. Яг хөрөнгө оруулалтын банк гэж тусдаа байх ёстой. Учир нь хөрөнгө оруулалтын банк эрсдэлтэй. Зүгээр нэг найдвартай зүйл зээл олгоод суухгүй шүү дээ. Банк л юм чинь ашиг харна. Банкнаас өөрөөс нь хамаарахгүй түүхий эдийн үнийн циклийн үед хил хаахад л зээл авсан компаниудын чанар муудна. Нэг талд ийм эрсдэлтэй үйл ажиллагаа явуулдаг салбарын зээл, нөгөө талд эрсдэл багатай байх ёстой хадгаламж хоёрыг зэрэг авч болохгүй. Хадгаламжийн хүүний хувьд яг таг гэрээ байгуулаад танд яг төчнөөн хувийн хүү өгнө гээд тохирчихсон байгаа. Энэ тохиолдолд найдвартай эх үүсвэртэй байх ёстой. Товчхондоо эрсдэлтэй, эрсдэл багатай үйл ажиллагаа нэг удирдлаганд байж болдоггүй. Барууны оронд хэрэглээний банк, компаниудад зээл олгодог корпорейт банк, хөрөнгө оруулалтын банк гэсэн гурван чиглэлээр салгасан байдаг юм.

-Манайд банкийг ингэж гурав салгах ёстой гэж үү?

-Манайд дор хаяж хоёр салгах хэрэгтэй. Ялангуяа томоохон салбарт зээлж өгч байгаа банкны хувьд хэчнээн банкны дүрэм журам байсан ч эцсийн эцэст зээлийн хороо л шийднэ. Тухайн үед зээлийн хороонд нэг төсөл үнэхээр ашигтай харагдаж болно. Нүүрсний үнэ өссөн үед Засгийн газар 40 сая тонн нүүрс гаргана гэхээр өнөө өсөлтийг нь дагаад нүүрсний тээвэр хийж байгаа компанид маш их хэмжээний зээл өгчихдөг. Гэтэл дараахан нь нүүрсний үнэ унаж, хил хаахад л өндөр эрсдэл үүснэ. Тийм учраас эрсдэлтэй зээл олгодог үйл ажиллагаа тусдаа байх ёстой. Ийм банкинд тавигдах шаардлага өндөр байх ёстой. Хэвийн журмаар өдөр тутмын үйл ажиллагаа явуулдаг, хэрэглээний зээл өгдөг, иргэдийн хадгаламжийг байршуулдаг бол өөр хэрэг. Угаасаа тийм өндөр ашиг олохгүй, бас өндөр эрсдэлтэй үйл ажиллагаа байхгүй. Ийм банкуудад тавигдах шаардлага нь арай нам байх ёстой. Гадны улс орнуудад ийм жишээ зөндөө бий.

-Таны хэлснээр банкуудыг хөрөнгө оруулалтын хэрэглээний гээд шууд төрөлжүүлэхэд цаг хугацаа шаардагдах байх...?

-Нэг арга хэмжээгээр шийдэгдэхгүй. Гурав дахь арга нь одоо манайхны яриад байгаа зээлийн стратегитай холбоотой буюу зардал бууруулах асуудал. Энэ бол хамгийн сүүлийн гурав дахь арга хэмжээ. Эхний хоёр нөхцөл бүрдэж байж гурав дахь нь бүрдэнэ. Шууд л банк доторх зардлыг хасна гэж ярих нь боломжгүй хэрэг. Яахав, өмнөх жилүүдэд тийм стратеги гаргасан нь үнэн байх. Харамсалтай нь түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө тууштай яваагүй. Макро эдийн засгийн бодлого нь зөв явахгүй бол ямар ч хэрэг байхгүй л дээ.

-Засгийн газрын бонд дээр ямар байр суурьтай байгаа вэ. Тогтвортой бодлого алга л даа, нэг хэсэг хааснаа нь дахиж гаргаад...?

-Банкны салбар бол санхүүгийн салбарын 97 хувийг эзэлдэг. Тэр утгаараа санхүүгийн салбарыг зайлшгүй хөгжүүлэх ёстой. Банкны хэт том нөлөөг багасгах шардлага бий. Тэр сонголтыг нь бий болгож байгаа газар нь хөрөнгийн зах зээл. Хөрөнгийн зах зээл дээр олон бүтээгдэхүүн байж худалдан авагч нь ирнэ. Тэр бүтээгдэхүүний нэг нь Засгийн газрын хувьцаа, бонд, үнэт цаас.Манай хөрөнгийн зах зээл Азийн бусад орнуудтай харьцуулахад жижигхэн. Эдийн засаг маань 13-хан тэрбум ам.доллар. Хөрөнгийн зах зээл сайн үедээ л жилд 1.5 их наяд төгрөгөөр хэмжигдсэн. Үүнийг цааш хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Хөгжүүлэхийн тулд хөрөнгийн зах зээл дээр байнга байх ёстой бүтээгдэхүүн нь Засгийн газрын бонд. Засгийн газрын бонд нь бусад бондынхоо жишиг, суурь болдог. Эхлээд Засгийн газрын бонд гаргаад түүн дээр нь зээлжих зэрэглэлийн компаниуд үнэлгээ өгч байж дараа нь тэрийг дагаж гарсан тухайн улсын банкуудын ч юм уу, компанийн бондын зэрэглэл тогтдог. Тэр утгаараа засгийн бонд гарч байснаа тасарч алга болоод байж болохгүй. Төсвийн тодотгол хийх үү, хийхгүй юу, гэдэг чинь бүгд хуулиар зохицуулагдчихсан асуудал. Яг үүнтэй адилхан Засгийн газрын бонд байнга байж байх ёстой. Тухайн жилийнхээ эрэлт хэрэгцээнээс хамаараад ихээр гаргах уу, багаар гаргах уу гэдэг л асуудал бий. Төсвийн орлогоор дутаж байгаа бол магадгүй оны эхэнд дутагдлыг нь нөхөхийн тулд түлхүү гаргах ёстой. Эдийн засаг гайгүй бол хэмжээг нь багасгаж болно. Ийм л арга хэрэгсэл байхаас биш крантыг нь хаачихдаг байж болохгүй. Ингэчихээр тогтолцоогоо тэр чигээр нь эвдээд байгаа юм.

-Санхүүгийн систем хөрөнгийн зах зээл, банк, даатгал гэсэн гурван тулгууртай. Хөрөнгийн зах зээлийн талаар хоёулаа сая ярилаа. Даатгал ямархуу байна?

-Даатгалын салбар их төвөгтэй. Манай эдийн засаг түүхий эдээс хамааралтай. Даатгалын тухайд эрсдэлийг даатгаж байгаа. Жолоочийн хариуцлагын гэх мэт даатгал бол жижиг даатгал. Үндсэндээ гол томоохон даатгалууд нь хөрөнгийн даатгал, газар тариалангийн эрсдэлийн даатгалууд орно. Эдний тухайд маш эрсдэлтэй. Тэр эрсдэлийг үнэлэхийн тулд маш нарийн үнэлгээ хийдэг. Энэ бизнес эрсдэлд орох боломж нь хэд вэ гэдгийг тооцож байж үнэлгээг нь тогтоодог. Жишээ нь галд өртөмтгий, өртөмтгий бус хоёр объектыг ялгахын тулд түүн дотор ямар үйл ажиллагаа явуулж байгааг нь судалж байж эрсдэлийг тогтооно. Нийтийн хоолны газар бол галд эрсдэлтэй. Сургууль, цэцэрлэг арай бага эрсдэлтэй гэдэг ч юм уу. Үүнтэй адил бизнес болгоны эрсдэлийг үнэлээд ирэхээр томроод явах боломж нь маш бага болчихдог. Тийм учраас давхар даатгал руу явдаг л даа. Энгийнээр хэлбэл, том компанийг даатгалд хамрууллаа гэхэд заавал олон улсын давхар даатгалын үйлчилгээ авдаг. Том бизнесийн тухайд даатгалын компани дангаараа даатгал хийдэггүй гэсэн үг.

-Саарал жагсаалтаас болоод хэд хэдэн дансаа хаалгачихсан бизнес эрхлэгчид байна. Саарал жагсаалт бизнесийнхэнд яг ямар сөрөг нөлөө үзүүлж байна, энэ жагсаалтаас гарахын тулд засаг зүгээс юу хийж байгаа бол?

-Саарал жагсаалтад ороход нөлөөлсөн хоёроос гурван хүчин зүйл бий. Нэгдүгээрт, олон улсын тавиад байгаа шаардлагууд байна. Мөнгөн гүйлгээг ил тод байлгах, бүртгэлжүүлэх гэх мэт аль болох далд эдийн засгийг байхгүй болгохыг л шаардаад байгаа. Тэр талаар дорвитой арга хэмжээ авахгүй яваа. Хэдэн төлөвлөгөө л гаргасан байх. Хоёрдугаарт, олон улсын түвшинд энэ талаар юу хийж, яаж анхаарч явааг ерөөсөө тоохгүй байна. 2017 оны тавдугаар сард Италид их долоогийн орнуудын Сангийн сайд нарын уулзалт болсон юм. Тэр жилийн уулзалтын зохион байгуулагч нь Италийн засгийн газар байсан. Их долоогийн төрийн тэргүүнүүдийн уулзалтын өмнө салбар салбарын сайд нарын уулзалт болдог л доо. Тэр дагуу их долоогийн Сангийн сайд нар уулзсан хэрэг. Италийн Засгийн газар тэр жил олон улсын түвшинд мөнгө угаах асуудалтай тэмцье гэсэн санал дэвшүүлээд уриалга гаргачихсан. Энэ мэдээллийг гарсан үед нь би холбогдох хүмүүст нь танилцуулсан л даа. Гэвч тоогоогүй. Олон улсын санхүүгийн зах зээл дээр ил тод бус үйл ажиллагаа явуулдаг Иран, Ирак гэх мэт улс орнууд бий. Бүр томоохон гэвэл манай хоёр хөрш хоёулаа ороод ирж байгаа юм. Бүх бүртгэл нь ил тод явдаггүй. Ялангуяа банк санхүүгийн гүйлгээ нь. Үүнийг илрүүлэхийн тулд авч байгаа арга хэмжээ л дээ. Манайд ч тийм асуудал бий. Жишээ нь, уул уурхайн компанид урдаас нэг нөхөр хөрөнгө оруулна гээд мөнгө биш машин нийлүүлчихэж байгаа юм. Нүүрсний арван машин нийлүүлээд хамтарсан компани байгуулчих жишээний.Тэр компанийн эзэн нь монгол, хувь оролцогч нь хятад хүн болчихдог. Буруу замаар олсон мөнгө ийм маягаар угаагдсан байх өндөр магадлалтай. Үүнийг илрүүлэх зорилгоор улс орон болгонд шаардлага тавьсан. Жишээ нь, манай улсад гэхэд л Монголд байгаа гадна дотны бүх иргэдийн, өөрөөр хэлбэл гадна дотны хөрөнгө оруулагчдын мэдээллийг өг гэж шаардсан юм. Тэгэх ч ёстой. Гэтэл манайх тэр агуулгыг нь огт ойлголгүйгээр захиа явуулчихсан.

-Хаанаас ямар захиа явуулсан гэж?

-Сангийн яамны Татварын хэлтсийнхний хийсэн ажил л даа. Манайх мэдээллээ өгөх боломжгүй гэсэн хариу биччихсэн. Тийм уриалга гаргасныг мэдсээр байж дотооддоо өөр зуураа харилцдаг шигээ зан гаргачихсан.

-Асуудлаа сайн ойлгоогүй явуулчихсан болж таарч байна уу. Уг нь ийм асуудлаар ядаж л Гадаад харилцааны яамтайгаа зөвлөлдмөөр юм?

-Гадаад яамтай зөвлөж болох байсан. Их долоогийн түвшинд яригдчихсан, өндрөө авчихсан, АНУ, ОХУ гэх мэт бусад орнууд хамтран ажиллана аа гэчихсэн байхад бид тийм хариу өгч болохгүй байсан л даа. Гэтэл манайхаас тийм хариу өгчихөөр нуух юмтай улс байна л гэж ойлгоно.

-Саарал жагсаалтаас гарахын тулд идэвхтэй ажиллаж чадаж байна уу, манай улс?

-Зүгээр л нэг хэдэн тушаал журам гарлаа гэж мэдэгдсэн. Тэр бүхний хэрэгжилтийг нь олон улсын байгууллага өөрсдөө үнэлнэ. Манай Засгийн газрын бичсэнээр хүлээж авахгүй. Банк бус байгууллагуудын эздийг тодорхой болгоно гэж байгаа. Мөнгө нь хаанаас орж ирснийг нарийвчилж шалгана. Тэр бүх процессийг хөндлөнгийн байгууллагаас шалгаж цааш мэдээлэл өгнө. Түүний дараа л жагсаалтаас гарах эсэх нь тодорхой болно. Түүнээс Засгийн газрын ч юм уу, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны бичсэнээр, нэг талын мэдээллээр дүгнэхгүй.

-Саарал жагсаалтад орсноор компаниудын олон улсын дансыг хааж байна, олон улсын хэмжээнд мөнгөн гүйлгээ хийх боломж иргэд, компаниудад хэцүү боллоо гэж байна. Өөр ямар бодитой эрсдэлүүд тулгарч байна вэ?

-Хамгийн том эрсдэл нь манайд хөрөнгө оруулалт орж ирэх нь эрс багасчихаж байгаа юм. Гүйлгээ явахад төвөгтэй болсон нөхцөлд хэцүү л дээ. Өмнө нь бусад үзүүлэлт нь арай давуу байсан бол одоо банкны гүйлгээ хийхэд ч хэцүү болчихсон улс байна, больё гэчихэж байна л даа. Тэгэхээр хөрөнгө оруулалтын асар том боломжоо алдчихсан гэсэн үг.

М.МӨНХСАЙХАН

Онцлох нийтлэлүүд