ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.11.07 08:11

Н.Энэбиш: Азийн супер сүлжээ ажил болвол Монгол Улс эрчим хүчний дэлхийн тоглогч болно

МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн профессор, доктор Н.Энэбиштэй ярилцлаа.


-Дэлхийн улс орнууд сэргээгдэх эрчим хүч рүү хошуурч байна гэх юм. Үнэхээр тийм хандлага хүчтэй байна уу?

-Таны асуултад хариулахын тулд цөөн тоо хэлье. Өнөөдөр дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэж байгаа эрчим хүчний нийт хэмжээ 2195 гигаватт хүрсэн. Өөрөөр хэлбэл дэлхийн эрчим хүчний нийт хэрэглээний 18.2 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангадаг. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, ялангуяа нар салхины эх үүсвэрийн жилийн өсөлт асар өндөр хурдацтай хөгжиж байгаа. Тухайлбал, 2017 онд дэлхий даяар шинээр ашиглалтад орсон эрчим хүчний нийт хүчин чадлын 70 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр эзэлж байна.

Нарны цахилгаан станцын нийт суурилагдсан хүчин чадал 402 гигаватт хүрсний 98 гигаваттыг 2017 онд барьсан байх жишээний. Өөрөөр хэлбэл нарны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлын жилийн өсөлт 2017 онд өмнөх 2016 онтой харьцуулахад 33 хувиар өссөн. Үйлдвэрлэлийн ийм өндөр өсөлт одоогоор аж үйлдвэрийн бусад салбарт алга. Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ дэлхийн хөгжлийн шинэ хандлага болсныг эндээс харж болно. Цаг уурын өөрчлөлт бол бодит зүйл, дэлхийн өнцөг булан бүрт яг одоо болж буй үйл явдал. Эрдэмтдийн таамаглалаас хурдацтай явагдаж байна. Энэ асуудлыг шийдэх гол гарц нь сэргээгдэх эрчим хүч гэдгийг дэлхий нийтээрээ ойлгож байна л даа.

-Азийн супер сүлжээ байгуулах санаачилга ажил хэрэг болж манайх нар, салхины эрчим хүчээ зараад эхэлбэл гол зах зээл, том хэрэглээ нь Хятад улс. Урд хөрш сэргээгдэх эрчим хүчиндээ хэр анхаарч, ач холбогдол өгч байна?

-Дэлхийн улс орнуудад сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлж байгаагийн нэг тод жишээ нь манай урд хөрш. Хятад улсын эрчим хүчний нийт үйлдвэрлэл 2016 онд 1777 гигаватт хүрсэн гэсэн мэдээлэл бий. Энэ тооцоогоор бол БНХАУ-ын эрчим хүчний сүлжээнд холбогдон ажиллаж буй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадал 667 гигаватт хүрчихсэн. Сэргээгдэх эрчим хүчний тухайд 131.1 гигаваттыг нарнаас, 188.4 гигаваттыг салхин цахилгаан станцаас гарган авч байна. Зөвхөн 2017 онд дэлхий даяар 98 гигаваттын нарны станц ашиглалтад орсны 53 гигаваттыг БНХАУ-д байгуулсан. Өөрөөр хэлбэл, урд хөршид зөвхөн нэг жилд манай улсын өнөөдөр хэрэглэж буй нийт хүчин чадлаас 53 дахин их хүчин чадалтай нарны цахилгаан станцыг 2017 онд ашиглалтад оруулсан гэж ойлгож болно. Үүнээс гадна зөвхөн 2017 онд 19.7 гигаваттын салхин станц ашиглалтад орсон. Энэ бол Хятадад ганцхан жилд шинээр ажиллаж эхэлсэн нар салхины цахилгаан станцын хүчин чадал. Урд хөршид сэргээгдэх эрчим хүчний шинэ “хувьсгал” явагдаж буйг сая хэлсэн тоонуудаас харчихаж болно.

-Хятадаас бусад улсуудад оруулж буй хөрөнгө оруулалт сэргээгдэх эрчим хүч рүү хандаж байгаа гэсэн мэдээлэл хэр ортой вэ?

-БНХАУ-ын бусад орнуудад оруулж байгаа хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа, тусламжууд сэргээгдэх эрчим хүчний чиглэлд төвлөрч байгаа нь үнэн. Нэг талаас нь харвал дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, үндэснийх нь хэмжээнд гамшиг болсон агаарын бохирдлыг бууруулахын төлөө хийж эхэлсэн бодитой алхам. Нөгөө талаас нь анзаарвал сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх нь эдийн засгийн үр ашиггүй байсан бол ингэж их анхаарахгүй л болов уу. Зөвхөн өмнөд хөршид өрнөж буй сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг анзаарахад л дэлхийн хөгжлөөс харсаар суугаад хоцрох уу, мөр зэрэгцэж зүтгэх үү гэсэн асуулт ургаж байна. Миний түрүүн хэлсэн олон арван нар, салхины станцын 60-70 хувь нь Өвөр Монголд болон Хятадын хойд талын манай улстай хил залгаа мужуудад байгуулагдаж байна. Яагаад гэвэл эдгээр бүс нутаг нар, салхины асар их нөөцтэй.

-Манай улсын нар, салхины нөөц дэлхийн анхааралд яалт ч үгүй орчихсон. Ер нь аль хэсгээрээ их нөөцтэй юм бол?

-Бидний яриад байдаг говь тал (Gobi desert) нутаг манай улс болон Хятадын хил дагуух газар нутгийн нэлээд хэсгийг эзэлдэг. Энэ их говь тал нутаг байгалиас заяасан асар их эрдэнэсийн сан хөмрөгтэй. Газар доор нь нүүрс, зэс, алт байна. Хятадад ч тэр, Монголд ч ялгаагүй. Газар дээр нь нар, салхины түүнээс ч асар их нөөц байна. Сонирхолтой нь эдийн засгийн хувьд үр ашигтай ашиглах боломжтой нар салхины нөөцийн ихэнх хэсэг нь Монголын тал нутагт бий. Олон улсын эрдэмтдийн судалгаа тооцоогоор батлагдсан үнэн. Олон улсын хэмжээнд “Gobi desert” гэж нэршсэн говийн их уудам тал нутгийн нар салхины нөөцийг ашиглан асар их хүчин чадалтай цахилгаан станц байгуулах боломжийн талаар 1999 оноос эхлэн сүүлийн 20-иод жил судалсан. Олон улсын эрчим хүчний агентлагаас дэлхийн цөлийн бүс нутгуудад нар, салхины эрчим хүчний их чадлын станц байгуулах судалгаа хийсэн юм. Уг судалгаанд манай улс бас оролцсон. Би энэ чиглэлд эх орноо төлөөлж 20 гаруй жил ажилласан хүн. Энэ судалгаагаар Монгол орны говийн бүс нутаг нөөц хэмжээ, газарзүй цаг уурын нөхцлийн хувьд нар, салхины эрчим хүчийг ашиглах хамгийн боломжтой төгс газар болохыг олон талаас нь судлан тогтоосон. Нар, салхины нөөц ихтэй бүс нутгуудад БНХАУ-тай хил залгаа Дорноговь, Өмнөговь, Дорнод аймаг мөн Дундговь, Өвөрхангай болон Баянхонгор аймгийн урд хэсэг багтдаг. Яг цаахна талд нь дэлхийн хаана ч байхгүй эрчим хүчний асар том зах зээл байна. БНХАУ, Зүүн хойд Азийн орнуудын эдийн засгийн өсөлт маш өндөр, түүнийгээ дагаад эрчим хүчний хэрэглээ асар их өсч байгаа, байнгын дутагдалтай зах зээл. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс газар зүйн байршил, геополитикийн хувьд Зүүн хойд Азийн эрчим хүчний интеграцид томоохон тоглогч байхад зохицсон байршилтай.

-Нар, салхины нөөцөө эрчим хүч болгож хувиргаад экспортлохын наад захын өгөөж гэвэл та юуг онцлох вэ?

-Нар, салхины эрчим хүчээ ашиглаж, хэдэн арваас хэдэн зуун гигаваттын станцуудыг говийн бүс нутагт байгуулж бүс нутгийн орнуудад эрчим хүч нийлүүлэх нь манай улсын хөгжлийн нэг том гарц яах аргагүй мөн. Нар салхины станцуудыг олноор байгуулбал орчин үеийн аж үйлдвэрийн өндөр технологиуд орж ирнэ. Монголын инженер техникийн ажилтнууд дэлхийн улс орнуудад бүтээгдсэн хамгийн сүүлийн үеийн өндөр түвшний технологитой харьцах боловсон хүчин болж бэлтгэгдэнэ. Манайх шиг цөөхөн хүн амтай жижиг оронд өндөр технологи эзэмшсэн, нэмүү өртөг ихтэй мэдлэгт суурилсан бүтээгдэхүүн гаргах боломжтой аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлбэл хөгжих өндөр боломжтой. Ийм боломжийг олгох нэг чиглэл нь сэргээгдэх эрчим хүч л дээ. Зүүн хойд Азийн орнууд болох Солонгос, Япон БНХАУ эдийн засгийн өндөр өсөлттэй, эрчим хүчний хомсдолд орж буй орнууд. Монгол орны сэргээгдэх эрчим хүчний их нөөцийг эргэлтэд оруулж, Зүүн хойд Азийн орнуудын эрчим хүчний тодорхой хэсгийг хангах хангалттай нөөц, эдийн засгийн боломж, үндэслэл бий.

-Технологийн хувьд ямар нэг асуудал байна уу?

-Би өмнө хэлсэн. Манай орны хувьд нар, салхины эрчим хүчний асар их нөөцөө эргэлтэд оруулж, Зүүн хойд азийн бүс нутгийн орнуудад нийлүүлэх явдал улсын хөгжлийн нэг гарц гэж. Өнөөдөр, нар салхины станц байгуулах технологи төгс болсон, хурдацтай хөгжиж байна. Үүнийг дагаад үнэ өртөг нь ч асар хурдан буурч байгаа. Өнөөдөр нэг мегаватт нэгж хүчин чадалтай нарны цахилгаан станц, эсвэл салхин станц байгуулах хөрөнгө оруулалтын хэмжээ нүүрс, хий, усан цахилгаан станцын хөрөнгө оруулалтаас багассан. Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг алс хол зайнд, хэдэн мянган километрт дамжуулах өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамын технологи ч бас төгс төгөлдөр хөгжиж, өртөг зардал нь буурсаар байна. Өөрөөр хэлбэл, техник технологи талаас нь авч үзэхэд өнөөдөр Зүүн хойд Азийн супер сүлжээ төслийг хэрэгжүүлэхэд ямар ч хүндрэл байхгүй, хэрэгжих бүрэн боломжтой. Эдийн засгийн хувьд ч үр ашигтай.

-Азийн супер сүлжээ төслийг хэрэгжүүлэх нь манай улсын эдийн засгийн хувьд ямар ач холбогдолтойг тодруулаач?

-Салхитын 50 мегаваттын цахилгаан станц жилдээ дунджаар 140 сая киловатт цаг орчим цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байна. Хоёр жилийн өмнө ашиглалтад орсон Дарханы 10 мегаваттын нарны цахилгаан станц жилдээ дунджаар 17 сая киловатт цаг эрчим хүч үйлдвэрлэдэг. Говийн бүсэд байгуулагдаж буй нарны станцууд жилдээ дунджаар 18 сая киловатт цаг эрчим хүч үйлдвэрлэнэ. Тэгвэл 10 гигаватт хүчин чадалтай нарны станц барьчихвал жилдээ Дарханы нарны станцаас 1000 дахин их буюу 17000 сая киловатт цаг эрчим хүч үйлдвэрлэнэ. БНХАУ-д нэг киловатт цагийг нь 0.10 ам доллар буюу 10 центийн үнэ тарифаар экспортолно гэж үзэхэд 10 гигаватт хүчин чадалтай нарны станц жилдээ 1.7 тэрбум ам долларын борлуулалт хийнэ. Өнөөдрийн дэлхийн зах зээлийн үнээр 10 гигаватт хүчин чадалтай нарны станцын эхний хөрөнгө оруулалт дунджаар 7-8 тэрбум ам.доллар байдаг. Үүгээр тооцвол 4-5 жилд хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөж, цаашид жил бүр 1.7 тэрбум орчим ам.долларын ашигтай ажиллана. Нарны цахилгаан станцын ашиглалтын зардал маш бага, хүлэмжийн хорт хий ялгаруулахгүй, жилд 3-4 удаа нарны зайн нүүрийн шилийг угааж цэвэрлэхээс бусад зориулалтаар ус ашиглахгүй, байгаль орчинд онцын сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн давуу талууд бий. Азийн супер сүлжээ байгуулан Зүүн хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний интеграцид орсноор манай улсад алдах зүйл юу ч байхгүй. Харин ч манай орон өндөр технологийн орон болж, эдийн засгаа солонгоруулан тэлж, Зүүн хойд Азийн эрчим хүчний томоохон тоглогч байх боломжтой.

-Ийм том төсөл хэрэгжүүлэх эдийн засаг санхүүгийн боломж ямар бол? Нар, салхинаас эрчим хүч гаргаж экспортлохын тулд багагүй хөрөнгө оруулалт шаардлагатай. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулалт босгох амархан гэсэн давуу тал бас байна уу?

-Дэлхий дахинд, тэр дундаа Зүүн хойд Азийн улс орнууд энэ төрлийн төслийг нэн тэргүүнд санхүүжүүлэх сонирхолтой. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк зэрэг олон улсын банк санхүүгийн байгууллагууд нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагынхаа үүднээс сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлтийн төслүүдийг нэн тэргүүнд санхүүжүүлнэ гээд байр сууриа зарлачихсан. Би өнгөрсөн долоо хоногт Украины нийслэл Киевт болсон Европын холбоо, Европын сэргээн босголт хөгжлийн банкны хамтран зохион байгуулж буй “Глобал сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн стратеги” гэсэн олон улсын зөвлөлдөх уулзалтад оролцоод ирлээ. Энэ уулзалтад Европын сэргээн босголт хөгжлийн банк дэлхийн 40 гаруй оронд, түүний дотор манай улсад сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулалт хийж эхэлснээ дурдаад цаашид нэн тэргүүнд сэргээгдэх эрчим хүчний үүсвэрүүдийг санхүүжүүлнэ гэж онцолсон. Атомын цахилгаан станц, нүүрс, нефтиэр ажилладаг цахилгаан станцыг санхүүжүүлэхээс татгалзаж эхэлснээ албан ёсоор мэдэгдлээ. Олон улсын банк санхүүгийн олонх байгууллага дээрхтэй адилхан байр суурьтай байгаа. Миний оролцсон зөвлөлдөх уулзалтын үеэр дэлхийн улс орнууд эрчим хүчний хөгжлийн бодлогоо шинэчлэн, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих шилжилтийг хийх ёстой гэж үзэж эхэлсэн тухай онцгойлон хөндсөн.

-Зүүн хойд Азийн орнууд сэргээгдэх эрчим хүч авахаас аргагүй шалтгаан байна уу? Яагаад Монгол оронтой хамтрах өндөр сонирхолтой яваа гэж та бодож байна вэ?

-Зүүн хойд Азийн бүс нутагт ОХУ, Монгол, БНХАУ, Япон, Өмнөд ба Хойд Солонгос улс багтдаг. Эдгээр орнуудыг аваад үзэхээр, бүгд маш их аж үйлдвэржсэн, эдийн засгийн өсөлт нь асар өндөр, түүнийгээ дагаад эрчим хүчний хэрэглээ ихтэй орнууд. Эрчим хүчний хэрэглээ нь цаашид ч улам нэмэгдэх хандлагатай. Гэтэл Япон, Өмнөд ба Хойд Солонгос улс гэхэд эрчим хүчний түүхий эдийнхээ ихэнх хэсгийг гаднаас импортолдог. Мөн бүгдээрээ Парисын хэлэлцээрт нэгдэж хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах үүрэг амлалт хүлээсэн. Тэр утгаараа сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд онцгой анхаарч байна. Гэтэл эдгээр улсад манайхтай харьцуулахад сэргээгдэх эрчим хүчний нөөц харьцангуй бага. Нөгөөтэйгүүр, геополитикийн талаас нь аваад үзвэл Монгол Улс бүгдээс нь давуу талтай. Аль нэг оронтой нь газар нутаг, улс төрийн маргаантай асуудалгүй. Бүс нутгийн бүх оронтой найрсаг харьцаатай. Тэгэхээр нар салхины нөөц ихтэйгээс гадна бүх орнуудад адил түвшинд хамтран ажиллах боломжийг бий болгосон том давуу талтай гэсэн үг. Тийм учраас Монголд эх үүсвэрээ байгуулъя гэж байгаа.

Ер нь сайн анзаарвал хил дамнаагүй л болохоос БНХАУ, ОХУ зэрэг орнуудад, ялангуяа БНХАУ-д өөр өөрсдийн улсын хэмжээнд бие даасан супер сүлжээ аль хэдийн амжилттай хөгжиж байна. Хойд Солонгос болон манай оронд супер сүлжээ хараахан байгуулагдаагүй. Япон, Өмнөд Солонгос улсад алс хол зайнд өргөн цар хүрээг хамарсан байдлаар супер сүлжээ хийгдээгүй байгаа ч супер сүлжээний технологи аль хэдийнэ өргөн ашиглагдаж эхэлсэн. Бүс нутгийн хэмжээний супер сүлжээ байгуулах асуудал шинэ зүйл биш, түүнийг барьж байгуулах нь техник, технологийн асуудал ч биш. Бүс нутгийн хэмжээний эрчим хүчний интеграцид орох улс төрийн бодлого шийдвэр, эрчим хүчний хамтын ажиллагааны асуудал л бий.

-Ерөнхийлөгч Азийн супер сүлжээ байгуулах талаар хамтран ажиллах санаачилга гаргачихлаа. Одоо Засгийн газар жаахан анхаарчихвал ажил болоход ойрхон л юм байна...?

-Санал нэг байна. Х.Баттулга Ерөнхийлөгч гайхалтай цаг үеэ мэдэрсэн сайхан санаачилга гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод болж өндөрлөсөн Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцох үеэрээ “Зүүн хойд Азийн орнуудыг цахилгаан эрчим хүчээр хангах, оргил цагийн ачаалал хуваалцсан, нөөц ашиглалтын оновчтой шийдэл болох “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах ажлыг хамтран, цаг алдалгүй, шуурхай эхлүүлье” гэсэн уриалга гаргалаа. Ерөнхийлөгч “Монголоос Хятад руу 1500 км үлэмж өндөр хүчдэл бүхий цахилгаан дамжуулах тогтмол гүйдлийн шугам татна. Цогцолборын судалгааны ажил, ТЭЗҮ бэлтгэгдэж дууссан.

Удахгүй бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Зүүн хойд Азийн супер сүлжээ нь бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаа, хөгжлийн шинэ боломжийг нээнэ” гэж байр сууриа илэрхийлсэн. Тэгэхээр одоо Засгийн газрын оролцоо хэрэгтэй байна. Маргааш (өнөөдөр) Улаанбаатар хотод эхлэх гэж байгаа “Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагааны форум”-ын үеэр “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” байгуулах техникийн шийдэл, хамтын ажиллагааны талаар чухал саналууд гарах байх. Энэ форумд Засгийн газар онцгой ач холбогдол өгч оролцож, тодорхой яриа хэлэлцээрүүд хийгдэх болов уу гэсэн хүлээлт байна.


Онцлох нийтлэлүүд