Нийгэм
2021.03.03 05:03

ОБЕГ: Үндэсний оролцогч талуудын семинарийг зохион байгууллаа

Онцгой байдлын ерөнхий газраас Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” мэдлэгийг дэмжих техник туслалцааны төслийг 2020 оны есдүгээр сараас хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

2022 оны дөрөвдүгээр сар хүртлэх хугацаанд хэрэгжих уг төслийн Үндэсний оролцогч талуудын семинарыг өнөөдөр цахимаар зохион байгууллаа.

Тус семинарын үеэр төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч, хамтрагч талуудад төслийн зорилго, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, сургалтын хөтөлбөрийг танилцуулж, оролцогч байгууллагууд хоорондын хамтран ажиллах механизмыг хэлэлцэж, санал солилцсон юм.

“Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэлийг шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” энэхүү төсөл нь гамшгийн эрсдэлийг үнэлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлт, санхүүжилт, даатгалын тогтолцооны эрхзүйн орчныг бүрдүүлж, Монгол Улсад хэрэгжүүлж байгаа гамшгаас хамгаалах бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд