Нийгэм
2021.04.08 07:04

"Ойрын хавьтлыг тусгаарлах байранд үнэ төлбөргүй тусгаарлана" гэв


УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг уржигдар мэдэгдэл хийхдээ ойрын хавьтлыг тусгаарлах байранд тусгаарлагдах төлбөрийг иргэн өөрөө төлнө гэж хэлж байсан. Тэгвэл өчигдрийн хийсэн мэдэгдлээ залруулга хийж, дээрх заалт Эрүүл мэндийн тухай хуульд нийцэхгүй тул өөрчилсөн гэлээ.

Шуурхай штабын дарга хурандаа Ц.Ганзориг “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын 2.1-д "Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр нь тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлүүлж долоо хоног тусгаарлан ажиглана" гэсэн заалт дээр өнөөдөр залруулга хийж байна.

Энэ заалт нь Эрүүл мэндийн тухай хуулийн 26.4-ийн 4-т "Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа, гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчин дэгдэлтийн үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх буюу төр хариуцна" гэсэн хуулийн заалттай зөрчилдсөн.

Залруулж "Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тандалтын багийн санал эсхүл тухайн хүний хүсэлтийг харгалзан долоо хоног тусгаарлах байранд тусгаарлана" гэж оруулсан. Өөрөөр хэлбэл тусгаарлах байрны зардлыг төр хариуцна, ямар нэг төлбөр төлөхгүй. Эрүүл мэндийн тухай хуультай нийцүүлж өөрчилсөн учир энэ залруулгыг хийж байна" гэлээ.

Онцлох нийтлэлүүд