ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2016.06.28 10:06

Олигархижсан удирдлагуудаасаа болж Оросын ард түмэн минь ядрах ньуу даа

Оросын ард түмэнтэйгээ бид олон жил найз явсаан. “Орос ах нар” гэж нэрлэтлээ л явж ирсэн. Оросоос бидний монголчууд их зүйлийг сурсан, мэдсэн, авсан. Үнэндээ Орос орон саяхан болтол бидэндээ барууны соёлт ертөнц байв. Тийм болохоор Оросын соёл Монголд онцгой нэвт шингэжээ. Хөдөө аж ахуй, газар тариалан, техникжилт, боловсрол, эрүүл мэнд, тэр байтугай төр засгаа удирдахуйн ухааны соёл ч Оросынх гэж болно. Энэ бүгд яг хэвээрээ өнөөдрийн Монголыг авч явна.

Харин сүүлийн үед Оросууд олигархи удирдлагуудаасаа болж олон улсад ганцаардах болов. Авторатори дэглэмээсээ болж дэлхийд нүд үзүүрлэгдэх зам руугаа орлоо. Ганцаардсанаа баталсан үгийг хүртэл удирдагч нь сүүлийн үед хэлэх боллоо. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн сарын 20-ны өдөр Москвад үг хэлэхдээ, “Хэн ч Оросыг ганцаардуулж чадахгүй, өдгөө дэлхийн байдал тогтворгүй, эрсдэл тасралтгүй нэмэгдэж, олон улсын хуулиас гадуур, сүрдүүлэлт, өдөөн хатгалга, эдийн засаг болон мэдээллийн дарамт шахалт үзүүлэх, үндэстний тусгаарлах байгууллагад туслах зэргээр бусниулахаар оролдож байна” гэж хэлснээр ганцаардаж эхэлснээ баталсан юм. Зарим улс төр судлаачид ч дүгнэлт хийхдээ, “Барууны орнуудын явуулж буй улс төрийн бодлогын цаад мөн чанарыг ухан харахад, тэдний бүхий л үйлдлээс харахад, гол зорилго нь Украин дахь нөхцөл байдлыг тогтворжуулахад бус харин Оросын хөгжилд садаа болоход чиглэгдэж байна” гэх мэтээр ярих боллоо. Аль нь ч байсан хамаагүй, Орос орон ганцаардлын замдаа орсон нь бодитой боллоо. Саяхан ОУОХ-ноос энэ зуны олимпод ОХУ-ын Хөнгөн атлетикийн баг тамирчдыг оролцуулахгүй болсноо мэдэгдлээ. Тамирчдын эцсийн горьдлого нь ОУ-ын Арбитрын шүүхэд хандах. Тамирчдын энэ хориг нь хүйтэн дайны үеийг эргэн санагдуулав. 1980 оны Москвагийн зуны олимп яг ийм үйл явдал дунд өрнөж аргаа бараад Москвад цөөхөн хэдэн орны хүрээнд олимп нэр зүүсэн юм шүү дээ. Яг л тийм юм болох нь. Энэ бүх дуулиантай зэрэгцээд ОХУ-аас хөнгөн цагаан авдаг орнууд хоригт нэгдэж буйгаа илэрхийллээ. Байдал улам хүндэрч ганцаардал нүүрлэж буй Орос оронд одоо эдийн засгийн ганц том, урт хугацааны найз нь Хятад болж байх шиг байна. Орос, Хятад хоёрын хооронд шинэ зэвсэг, техник нийлүүлэх хэлэлцээр өндөрлөх шатандаа оржээ. Нисэх онгоц бүтээх нэгдсэн корпорацийн ерөнхийлөгч Михаил Погосян энэ тухай мэдэгдсэнийг “China Times” мэдээлжээ. Түүний яриагаар Хятад Су-35 сөнөөгч онгоцнууд, зенитийн пуужингийн С-400 цогцолборыг авах сонирхолтой байгаа гэнэ. Мөн хөлөг онгоцны эсрэг далавчит пуужинг худалдан авах аж. Энэ бүгд нь Оросын ганцаардсан эдийн засагт маш том мөнгөний эргэлт болно.

Нэгэнт дэлхийд ганцаардсан сайн ах нараа монголчууд бид ийм үед нь дэмжихээс өөр арга алга. Бидний хоорондын түүх ч нэгэндээ өмөг түшиг болж байсан байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны хүнд жилүүдэд дэлхий нийт Оросыг ганцаардуулж байхад зөвхөн монголчууд тэдний талд баттай зогсож байсныхаа төлөө Сталин хийгээд хойших бүх удирдагч нь Монголд сайнаар хандаж өнөөдрийн хөгжингүй Монгол Улсын эдийн засгийн үндсэн суурийг тавьж өгсөн юм.

Гэхдээ өнөөдөр Орос орон яагаад ганцаардах болов гэдгийг эхлээд сайн харцгаая. Энэ бүхэн бол олигархижсан, дарангуйлсан удирдлагуудаасаа болжээ. Гэтэл өнөөдрийн зарим монголчууд үүнийг яаж харж байна гэхээр “Бид ийм л ганц сайн удирдагчтай болмоор байна” хэмээн хөөрцөглөж байгаа юм. Бүр ийм удирдагч ярьж хөөрсөн хэсэг бүлэг бий боллоо. Дэлхийгээс таслагдах гээ юу. Өнөөдрийн Орос орон бол олигархижсан удирдлагуудаа ард түмэн нь хөөргөн дэвэргэсний гай. Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Ганцаардсан Орос орны удирдагчид бол өнөөдрийн хүн төрөлхтний хөгжлийн зүй тогтлоос гажсан хүмүүс. Учир нь олигархи удирдлага гэдэг бол нэгээс арай олон гэсэн үг. Тодорхой тооны эрх мэдэлтнүүдийн бүлэг. Тэгээд энэ бүлэглэлд хууль үйлчлэхгүй байна гэсэн үг. Үүнийг олигархижсан удирдлагатай Орос гэж хэлээд байгаа юм. Энэ бол монголчууд бидний урьд нь туулсан зам. Өнөөдөр дэлхийд ганцаардаж эхэлсэн Оросын ард түмнийг бид дэмжиж байна. Гэхдээ ийм замаар явж болохгүй гэдгийг бас мэдэж байя.

Онцлох нийтлэлүүд