Спорт
2021.04.06 12:04

Олимп, дэлхийн аварга Жордан Барроуз, дэлхийн хошой аварга Жейден Кокс нар олимпийн эрх авч чадсангүй

Жордан Барроуз, Кайл Дэк нар барилдааны дараа

Токио-2021 олимпод оролцох багийн бүрэлдэхүүнээ АНУ-ын бөхийн холбоо Техасын Форт-Уорт хотноо тодрууллаа. Шалгарсан 12 бөхөөс 11 нь Токиод барилдах эрхээ шууд авч байгаа бол зөвхөн эрэгтэй 65 кг-ын бөх Жордан Оливер л Болгарын Софид олимпийн эрхийнхээ төлөө хүч үзэх юм.

Чөлөөт бөх сонирхогчдын анхаарлын төвд байсан тус тэмцээн дуулиан шуугиантай болж өндөрлөлөө. 2012 оны олимпийн аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга домогт бөх Жордан Барроуз 74 кг-д дэлхийн аварга Кайл Дэйкид 3:2-оор ялагдсан нь гол дуулиан байв. Ингэснээр мэргэжлийн тамирчны замналдаа 129 ялж ердөө 12 удаа л хожигдож байсан Жордан Барроуз аварга Токиогийн олимпийг зурагтаар үзэхээр болж байна.

Мөн 92 кг-ын жингээс жин өгсөж 97 кг-д барилдахаа зарласан дэлхийн хошой аварга Жейден Кокс жин үзүүлэхдээ хоцорч очиж тэмцээнээс хасагдсан нь өөр нэг шуугиан байлаа. Олимпийн наадамд түрүүлнэ, медаль авна гэдэг АНУ-ын бөхчүүдийн хувьд тун чухал байдаг. Зөвхөн нэр төрөөс гадна их хэмжээний мөнгөн шагнал дагалддаг. Улсын төсвөөс мөнгөн урамшуулал олгодоггүй ч “Мөрөөдлийн медаль” байгууллагаас олимпийн аварга бөхөд 250 мянга, мөнгөн медаль хүртсэн бөхөд 50 мянга, хүрэл медальтанд 25 мянган ам.доллар шагнал гардуулдаг юм.

Дээрх үйл явдлын талаар Жейден Кокс “Снайдерийг олимпод явуулах сонирхолтой хүмүүс надад саад хийлээ. Тэд санаатайгаар жин үзэх цагийг буруу хэлж, намайг хорлосон” гэж мэдэгдсэн байна. Орон нутгийн хэвлэлд Коксын дасгалжуулагч нь шавийнхаа эсрэг хуйвалдаж дээрх үйл явдлыг зохион байгуулсан байж болзошгүй талаар мэдээлж байгаа юм.

Гол өрсөлдөгчийн эзгүйд дэлхийн Снайдер олимпийн аварга цолоо хамгаалахаар Токиогийн олимпийг зорихоор болсон юм. Тэрбээр Коллин Мурыг 10:0, 5:1-ээр хялбархан ялсан юм. Хэрэв Жейден Кокс сорил тэмцээнд оролцсон бол Снайнедрийг ялна гэж мэргэжилтнүүд тооцоолж байсан юм.

Сэтгүүлчид ОХУ-ын бөх дэлхийн аварга Абдулрашид Садулаевийн гол өрсөлдөгчөөр Жейден Коксыг нэрлэж олимпийн наадмын шигшээд таарч барилдах талаар онцолж байлаа. Улмаар Жейден Коксыг олимпийн аварга болох магадлал өндөр байгаа тухай мэдээлж байсан юм.

Мөн 125 кг-ын жинд ДАШТ-ий хошой медальт Ник Гвяздовскиг өсвөр үе залуучуудын дэлхийн аварга Гэйбл Стивсон илт илүүрхэж Токиогийн дэвжээнд хүч үзэхээр болоо. Гэйбл Стивсоны тухайд өнөө жил 21 настай бөгөөд анх удаагаа олимпийн наадамд оролцохоор болж байна.

Онцлох нийтлэлүүд