ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.06.15 11:06

Онгоцны 42 зорчигчийн амийг аварсан гавьяатай анги

Нэг. Байлдааны анги байгуулагдсан түүх


Хилийн цэргийнхэн болон гадаадад үүрэг гүйцэтгэхээр явж буй дайчдын тухай л биз гэж бодож байна уу. Үгүй юм аа. Хүмүүс тэр болгон мэдээд байдаггүй, өөрсдөө ч бид хилээ манаж байгаа гэж цээж дэлдээд явдаггүй, гэхдээ эх орны өгсөн тушаалыг биелүүлэн цэнхэр тэнгэрээ нүд цавчилгүй харуулдаж “байлдсаар” байгаа цэргийн анги байдаг юм. Бүр 50 жил байлдааны үүрэг гүйцэтгэсээр байгаа гээч. Түүх сөхвөл 1960-аад оны эхээр олон улсын байдал их хурцадсан тухай ахмад үеийнхэн мэднэ байх. Манай өмнөд хөршид соёлын хувьсгал гарсан жил л дээ. Улаан хамгаалагчид улс орноо шинэчилнэ хэмээн бужигнуулж, бас манай улсын дархан хилийг удаа дараа зөрчихийн зэрэгцээ дотооддоо ч үймээн самуунтай байсан цаг. Төр засгийнхаа өндөр албан тушаалтнуудаас эхлээд албан байгууллагын дарга эрхлэгч нарыг хүртэл, цаашлаад их дээд сургуулийн багш, профессорууд, үндсэндээ сэхээтнүүдээ бараг толгой дараалан баривчилж, хөнөөхийг нь хөнөөн шоронд хорихыг нь хориод ёстой л нөгөө хөл толгойгоо алдаж байсан эгзэгтэй, эмгэнэлтэй мөч. Батлан хамгаалахын сайд байсан Пэн Ди Хуа гэж генералаа хүртэл зодож нүдээд хөлийг нь хугалан, улаан нялга болгочихсон гудамжаар чирээд явж байсан гээд бодохоор ямар аймшигтай явдал болсон нь төсөөлөгдөж байгаа биз. Энэ үймээн самуун манай улсын аюулгүй байдалд аюул занал учруулах хэмжээнд нөлөөлсөн нь мэдээж. Ямар ч гэсэн өмнөд хил дагуу Хятадын олон мян­ган цэрэг байрлаж өдөөн хатгалт тасрахаа больсон гэдэг. Тэр ч бүү хэл зарим өдөөн хатгагчид “Хятадын цэргүүд хил давж орж ирээд хөвөнтэй өмднүүдээ тайлаад шидэхэд Монголыг бүхэлд нь дарж хүрэлцэнэ” гэх бор шувуу нисгэж байсныг санаж байна.

Түрүүчийн шуугиан ид өрнөж байхтай зэрэгцээд Карибын тэнгисийн эрэг орчим мөн л дайны сүүдэр хүүшилсэн сураг гарлаа. Куба Америктай дайтахдаа тулсан түүхийг хэлж байна. Дэлхий нийтээрээ түгшиж байхад манай улс яаж зүгээр суухав. Цэрэг армиа бэхжүүлэх шаардлага гарч. Тэр үед манай улс ардын армиа татан буулгаад ганц хоёрхон барилгын батальон үлдээж, Батлан хамгаалахын сайд Ж.Лхагвасүрэн генералыг Биеийн тамир спортын Улсын Хорооны даргаар томилсон, их л тайван байсан цаг шүү дээ.

Цэрэг армиа цэгцэлж амжаагүй шахам байтал хойноос орос (ЗХУ-ын) цэргүүд зэвсэг, техникээ агсаад хил дээр бөөгнөчихлөө. Хоёр улсын гэрээ хэлэлцээр ёсоор манай улсын өмнөд хилийг хамгаалах гэж тэр. Монгол цэргүүдийг орчин үеийн байлдааны зэвсэг техникт сургах мэргэжилтнүүд нь ирчихсэн байдаг. Барилгын ганц хоёр ангиасаа аравдугаар анги төгссөн цэрэг цуглуулсан чинь арав хориос хэтэрсэнгүй. АИХ-ын тэргүүлэгчид яаралтай хуралдан тогтоол гаргаж, их дээд сургуулийн оюутнуудыг цэрэгт татахаар болов. Ийнхүү 1964 оны долоогоос аравдугаар сарын хооронд голдуу оюутан залуучуудаас бүрдсэн Ардын Армийн 065, 028 дугаар ангиуд байгуулагдсан түүхтэй. 065 гэдэг нь радио локаторын, 028 нь пуужингийн анги. Эхний нэг жил манай хоёр анги Улиастайд нэг дороо байсан юм. Нэг гал тогоонд ээлжээр хооллож, нэг клубт үзвэр үзэж, нэг хашаанд байрлах боловч дарга нар нь тус тусдаа байлаа. Үе үе өөр зуураа хөөрхөн тэмцэлдэнээ.

Ялангуяа нэг анги хоол­лож дуусаад нөгөө анги хоо­лондоо орох үед аяга хал­багаа булаацалдахаас эхлээд хоолоо ч шидэлцэх нь байх. Өлссөндөө биш л дээ. Залуучуудын дунд байдаг л нэг гэм хоргүй өрсөлдөөн юм даа. Оюутан цэргүүдийг голдуу барилгын ангиас ирсэн харьцангуй хуучин цэргүүд даргалдаг байлаа. Бага дарга нар гэсэн үг. Салааны дарга нар хүртэл Цэргийн Ерөнхий сургуулийн төгсөх ангиасаа шууд томилогдож ирсэн, халимагаа ч ургуулж амжаагүй залуухан бага дэслэгчүүд.

Нөгөө барилгын цэргээс ирэгсэд маань бас ч гэж цэргийн карантинд 45 хоног нухлуулсан болохоор юм үзэж нүд тайлсан, нэг ёсондоо цэрэг хэрхэн дэглэдэг талаар анхны мэдэгдэхүүнтэй. Тэд л асуудлыг өдөөлгүй яахав. Яриад байвал сонин сонин хууч зөндөө дөө зөндөө. Ямар ч байсан бид Халх голын дайны домогт жанжин Лхагвасүрэн, Б.Цог нарын удирдлагад цэргийн алба хааснаараа бахархаж явдаг. Бас их дээд сургууль, техникумаас цэрэгт татагдсан анд нөхдөө хэзээ ч мартдаггүй. Арга ч үгүй биз бүтэн гурван жил нэг казарма (цэргүүдийн байрыг ингэж нэрлэдэг)-д амьдарч нэг тогооноос хооллож, хөл нийлүүлэн жагссан юм чинь. “Ээжийн бор аяга”-ын Нанзадын Чулуунхүү бид хоёр давхар орон дээр зэрэгцэн унтдаг байлаа. Чулуунхүү, Ядамсүрэн, Равдан бид хэд ойролцоохон офицер болцгоосон юм. Манай Чулуунхүү тэр үед ингэж сайн дуулдаггүй байж билээ. Хүүхэд байхдаа уртын дуу дуулдаг байсан гэсэн. 1970 онд байх бүх ард түмний урлагийн үзлэгийн нэгдүгээр шат эхэлж, цэргийн анги бүр концерт бэлтгэдэг юм. Тэр уралдаанд манай ангийн концерт армидаа тэргүүн байр эзэлж иж бүрэн хөгжмөөр шагнууллаа. Манай хөгжмийн салааны ахлагч Жогоогийн Төмөрбаатар, улс төрийн ажилтан Дамбын Мятав бид гурав цирк дээр очиж, тэдний хөгжмүүдийг иж бүрнээр нь хүлээж авсан юм даг. Манай концертонд Цэвээнравдан (яагаав нөгөө ангийн байцаагч) “ гэрийн гадаа пид пад...” гээд л шүлэг уншина. Өөр нэг цэрэг ард нь зогсож суган доогуур нь гараа оруулаад хөдөлгөөн хийнэ. Харин найруулагч Доржсамбуу хөдөөгийн салбарт байсан болохоор оролцож амжаагүй. Цэргийн ансанбелиас манай ангид хоёр сайн бүжигчин холбоочин болохоор ирсэн үе ч таарсан. Долгор, Баярсайхан гэж. Манай ангийн бүжиг их сайн байсан нь энэ хоёртой холбоотой. Манай Мятав, Төмөрбаатар хоёр баян хуур хөгжим сайхан тоглоно. Готовын Нямаа (цэргийн ансамбельд дуучин байгаад хойшоо сургуульд явж зохиолч болсон), Барамбай (цэргийн ансамбелийн 60 харын нэг шүү дээ), Хашчулуун, Батмөнх (Дарханы чуулгын дуучин болсон МУСТА), Цэндсүрэн, Дуламсүрэн гээд мундаг авьяастай залуусыг нэрлэж болно. Хөдөөгийн салбаруудад олон авьяаслаг залуус байсан л даа. Тэр болгоныг татаад авчрах боломж хомс. Яагаад гэхээр тэд маань байлдааны үүрэг гүйцэтгэж байсан болохоор тэр. Баавгайн Цэрэндорж гэж гоё дуулдаг байлдагч байлаа. Хожим нэртэй дипломатч болсон. Барамбай Мятав бид дөрөв гитардаж байгаад л орос дуунууд дуулдагсан. Үүнээс гадна манай анги Монголдоо анх удаа КВН буюу АСК-ийг телевизээр явуулсан түүхтэй. Архивт байдаг эсэхийг мэдэхгүй юм. Эвлэлийн төв хороо (тэр үеийн нэрээр)-ны байранд урьдчилж бичээд тэр жилийн наадмаар гарсан юм. Өрсөлдөгч баг маань 028 дугаар ангийн баг. Манай Чулуунхүү ангийн уран сайханд бүжиглэдэг байсан чинь хожмоо гитар тоглож сураад, улмаар дуучин, ая зохиогч, гавьяат болчихдог байгаа. Миний доод талын орон дээр Гаваадайн Гомбожав гэж Налайхын хүү байрлах. Одоо ч бид найз нөхөд хэвээр. Тэр маань ахмад уурхайчин, бас бэлтгэл офицер, хошууч байх. Цаашаа үргэлжлүүлээд Үлэмжийн Чангаа (хүний их эмч), Ален (их эмч), Жумай (эм зүйч), Шархүү (эрүүл ахуйч эмч), Эрдэнэбаатар, Батнасан (гэмтлийн алдарт эмч болсон), гээд л Нэргүй, Буджав (сайн боксчид болсон), Санжжав гээд л цуварна даа. Манай ротынхон ихэнх нь хожмоо цэргийн том том дарга нар болсон доо. Ядамсүрэн бригад, дивиз командлагч хурандаа, Налжир хурандаа Ерөнхийлөгчийн зөвлөх, ОХУ-д цэргийн атташе байсан, Чулуунхүү хурандаа, Дашзэвэг хурандаа Армийн улс төрийн Газрын дэд дарга асан, Тунтуу хурандаа Армийн эвлэлийн ажлын Хэлтсийн дарга асан, Даваасамбуу хурандаа ПВО-ийн дарга асан, Доржпалам хурандаа химийн цэргийн командлагч асан, Наранбаатар, Батцэнгэл, Үрстэмийн Хусаан, Дуламын Бямбаа, Цэрэнтогоочийн Бямбаа, Дамбын Мятав, Маднет гээд хурандаа, дэд хурандаанууд.

Хоёр. Эх орноо хамгаалан “байлдах” тушаал авсан нь

Дээр дурдсан хоёр ангийн дайчид бид нэг жил Зөвлөлт (тэр үеийн нэрээр)-ийн мэргэжилтэн офицеруудаар цэргийн эрдэм заалгасныхаа дараа буюу 1965 оны зургаан сард шиг билээ, АИХ-ын тэргүүлэгчдийн зарлиг, Батлан хамгаалахын сайдын тушаалаар байлдааны үүрэг гүйцэтгэх даалгавар авч Дорнод, Хэнтий, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Говь-Алтай аймгийн нутагт анхны салбаруудаа нээснээс хойш өнөөдрийг хүртэл 50 жил улсынхаа агаарын хилийг хамгаалах байлдааны үүргийг гүйцэтгэсээр байдаг. Манай салбар тэр жил Өвөрхангай аймгийн төвөөс урагш тав зургаан км зайд Дайрганы голын хөвөө орчим байрласан юм. Бид 45-уул байсан юм. Анхны дарга нар маань Цэрэнтогоочийн Бямбаа, Чадгаа, өндөр Бадам, Кавкай, эмч Санги, ахлагч Таяийн Дэмбэрэл, Батчулуун, Жаграй гэж сайхан залуус байлаа. Тэр өвөлдөө байр баригдаж дуусаагүй тул дан майханд өвөлжиж билээ. Өвлийн хүйтэнд гадаа хооллох л их хэцүү санагддагсан. Тэр үед голдуу л шар будаатай хярамцагтай шөл иднэ. Амандаа хийж амжаагүй шахам байхад л царцана. Зарим шөнө цас шуураад, салхинд майхан маань хийсчихнэ. Босохоосоо түвэгшээгээд тэр чигтээ л хөнжилдөө шургаад, нэхий дээлээрээ хучаад, цасанд даруулаад хоночихно доо. Залуу насны аагаар л даарч хөрөхийг тоолгүй л өвлийг давсан байх. Увсын Авгаан гэж бүдүүн бор цэрэг тогооч хийнэ. Дарга нар маань ч гэсэн дээ, дан бүрээстэй гэрт л даарч хөрөн өвөлжсөн дөө. Салбар маань идэшний хэдэн хоньтой. Сант сумын нутагт нэг цэрэг хариулдаг. Дараа жил нь манай ангийн хоньтой саахалт Лоохууз гэж малчных буулаа. Сураг сонсвол нам төрийн эсрэг хуйвалдсан эсэргүү, нутаг заагдаж ирсэн нь тэр гэх. Хониндоо явахдаа хурганы уутанд дүүрэн ном хийж аваад явдаг гэж хоньчин цэрэг хуучлах. Хожмоо цагаадаж, АИХ-ын орлогч дарга хүртэл болсон алдарт Лоохууз гуай шүү дээ. Бид ээлжээр станц дээр жижүүрлэнэ. Локаторын цэргүүд болохоор станц бүхий машиндаа тухтайхан сууна. Харин морзчин цэрэг дан бүрээстэй гэрт станцынхаа өмнө сууна даа. Ээлжинд гарахдаа хоёр хөнжил авч гарна. Нэгээр нь толгойгоо, нөгөөгөөр нь хөлөө ороож аваад суудагсан. Хоёр цаг болоод нэг мэдээ дамжуулна. Долоо хоногийн бямба гаригт нэг жаргана. Дарга нар маань дагуулаад аймгийн төв орж халуун усанд мулз угааж аваад, дараа нь бүжгэнд ор­но, заримдаа бөхийн ба­рилдаан үзнэ. Манай салбараас гурав дөрвөн цэрэг барилданаа. Баянхонгорын Дуламын Бадарч гэж залуу сайн барилдаж дараа жил нь аймгийн начин болсон юм даг.


Нутгийнхан биднийг ни­сэхийн цэргийн анги л гэдэг байлаа. Анх 1965 оны тэр нэг өдөр хотоос үүр шөнийн заагаар л түргэн авч машин машиндаа суугаад гурван тийш гарсансан. Улиастайгаас Говь-Алтай аймгийн Гуу­лингийн талд байрлах ангитай хамт урт цуваа болж гараад бид замдаа үлдсэн юм. Тэр дороо л том нуувч ухаад машин техникээ далдалж, өөрсдөө майхан, палаткаа барин тухалчихав. Бямбаа дарга аймаг давхиад айраг, хэдэн шуудай өргөст хэмх олж ирээд дэргэд тавьж байгаад өдөр шөнийн дотор л машин техникээ далдалж билээ. Хожим нутгийнхан гайхдагсан. Нэг өглөө харсан зөндөө олон машин техник зогсож байсан маргааш нь алга болоод хэдэн ногоон дов болчихсон байсан гэж. Тэгээд л байлдааны үүрэг гүйцэтгэхэд бэлэн болсноо төвд дамжуулснаар “байлдаж” эхэлсэн гэсэн үг. Салбарын дарга маань Цэрэнтогоочийн Бямбаа цэргийн хүн ийм л байдаг гэж хэн ч бодохоор, гялалзсан дэслэгч залуу байлаа. Баянхонгор нутгийн уугуул. Зөвлөхөөр нь Бабаев гэж дээд урууландаа сахалтай, ахмад очлоо. Хотод би энэ ахмад, бас Яремчук гэж хоёр метр гаруй өндөр түрүүч хоёрын орчуулагч хийдэг байсан болохоор Бабаев ахмад намайг энд дагуулж очсон хэрэг. Бабаев ахмад радио техникийн, Яремчук түрүүч морзын хичээл заана.

Өвөрхангайд үлдсэн хоёр жилийн албаа хаасан манай салбар одоогийн 103 дугаар салбар болсон аж. Бид бол энэ салбарын анхны цэргүүд гэсэн үг. Уг нь бүх цэргүүдээ овог нэр, нутаг усаар нь мэддэг байж билээ. Одоо нилээдийг нь мартчихсан байх юм. Лав л Отгивийн, Оригийн, Бадиагийн, Надмидын гээд дөрвөн Батсүхтэй байсныг мартаагүй. За тэгээд Хорлоогийн Сумьяа, Санж-осорын Пүрвээ (хожим хурандаа болсон), Намжилын Лхагвасүрэн, Үрстээмийн Хусаан, Аятбайн Аманбай, Жүжингийн Үрчээн, Дүүдэйн Сорогжоо, Жалцангийн Найдан, Жүгдэрийн Даваахүү, Өжөөгийн Нямаа, Жахирхааны Казбек, Нямбуу, Дашийн Бямбаа (хожим Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын ИТХ-ын дарга асан),Нурдаан, Хүрэлчулуун, Жамьянгийн Чулуун, Цэрэнпилийн Бааяа, Пүрэвдорж, Хусмаан, Аманбай, Нурдаан, Чулай, Сумьяа гээд санаанд орж ирж л байна. Үрстээмийн Хусаан, Намжилын Лхагвасүрэн, Цэрэндоржийн Өлзийбат бид гурав Анагаах ухааны дээд сургуулиас хамт цэрэгт татагдаж очсон нөхөд. Өлзийбат бид хоёр бүр арван жилээ хамт төгссөн гээч. Нэр нь бичигдээгүй үлдсэн дайчин андууд минь битгий гомдоорой. Мартаагүй шүү. Тэр үед зургийн аппарат ховор байсан болохоор эргэн дурсахаар зураг хөрөг ховорхон үлдэж.

1965 онд Аймгийн наадмаар анх удаа цэргийн парад алхсан нь бид хэд. Дарга нар урд талд нь араас нь АК (тэр үед дөнгөж ирж байсан автомат буу) буу элгэндээ авсан бидний дөчин цэрэг, алхаад л... Бүгд нэг дороо болохоор жижүүрт гарах ч амар. Орноосоо нойрмог босоод станцынхаа ард суучихна. Нойр хүрээд байвал цэргүүд унтаж байгаа байранд ороод нөхдийгөө шоглоно доо. Өглөө босоход бүгд л сахалтай, урт сормостой алиалагч шиг л эрээн алаг болчихсон, бөөн инээд наадам болно. Шоглуулсан нөхөд дараа нь хариугаа янз бүрийн хэлбэрээр авна даа.

Гурав. Олон зорчигчийн амь насыг аварсан манай даргын гавьяа

Манай анги их сайхан, өвөрмөц анги байлаа. Манай салбарынхан нэг гавьяа байгуулсан юм байна. Манайхан иргэний агаарын тээврийн бүх онгоцыг маршрутаар дагуулан бичиж, том самбар дээр зураад тэр дагуу төвд мэдээлдэг байлаа. Яг үүнтэй зэрэгцээд пуужингийн ангиуд хяналтанд орж, пуужингууд онгоцны чигийг даган онилдог байсан гэсэн үг л дээ. Дайсны онгоц байвал шууд устгахад бэлэн байдаг гэж ойлгож болно. Тэгсэн иргэний тээврийн онгоц Өвөрхангайд дөхөж ирээд төвтэйгөө холбоо тасарч бөөн сандрал үүсэхгүй юу. Тэгсэн манай локаторынхон явж буй маршрутыг нь мэдэж байсан болохоор холбоо тогтоож, шатахуун нь дуусан, бас дугуй нь буухаа больсон онгоцыг аймгийн төвөөс урагш 30 гаруй км зайд байх, говийн элсэн дунд элгээрээ гулсаж буух боломж олгосон юм. ИЛ-18 онгоц байсан биз, одоо санавал 42 зорчигч байсан нь эсэн мэнд газардаж, нэг ёсондоо онгоц болон тэдгээр 40 гаруй иргэний амь насыг аварсан гэсэн үг л дээ. Бид яахав үүргээ л гүйцэтгэсэн цэргийн албан хаагчид болохоор ямар нэг гавьяа байгууллаа гэж төсөөлөө ч үгүй л өнгөрсөн юм даг. Гэхдээ мэдээж арай ч зүгээр биш ээ. Нисэхийн зүгээс талархал илэрхийлж баяр хүргэсэн л дээ. Бас яамнаас, төр засгийн зүгээс манай зарим дайчдыг шагнаж урамшуулсан байх. Харин гол үүрэг гүйцэтгэсэн манай салбарын дарга дэслэгч (одоо бол бэлтгэл хурандаа) Бямбаа маань зүгээр л магтуулаад өнгөрсөн шиг билээ. Магад ч үгүй тухайн ослыг (одоогоор бол осолд тооцогдох байлгүй) нэг их дэлгээд зарлаад байхыг хүсээгүй л болов уу. Улсын нэр хүндийн асуудал гэж үздэг байсан цаг шүү дээ. Уг онгоцонд голдуу л Өвөрхангай, Баянхонгор аймгийн иргэд зорчиж явсан гэдэг. Сураг сонсвоос зарим нэг зорчигч нутагтаа энх тунх амьдарч байгаа гэх юм билээ. Манай Бямбаа дарга ч жинхэнэ эр хүн тэр тусмаа цэргийн хүн байсан. Одоо ч тэр л хэвээрээ тэв тав хийгээд л гялалзаж яваа шүү. Бэлтгэл хурандаа. Тэтгэвэрт гарсан хойноо ч гэсэн хилийн цэргийн Зэлтэрийн заставт сайн дураараа очиж хэдэн жил гэрээт үүрэг гүйцэтгээд ирсэн гэж байгаа.

Дөрөв. 50 дахь жилдээ “байлдсаар” байгаа ангийн алдар үл мартагдмуу

Монголын мянга мянган хөвгүүд Зэвсэгт хүчний 065 дугаар ангид цэргийн албаа нэр төртэй хааж, байлдааны үүрэг гүйцэтгэсэн гэхэд болно. Харин тэдгээр дайчдын гавьяа зүтгэлийг төр засгийн зүгээс анзааран үнэлж байсан нь ховор талдаа. Буудалцаагүй болохоор анзаардаггүй биз ээ. Хилийн цэргийнхэн халагдахдаа “Онц хилчин” тэмдгээ зүүгээд буцна. Гадаадад тэр дотроо Ирак, Афганистанд, Чад гээд улс орнуудад алба хаасан дайчид бараг бүгд эх орноо хамгаалсан гэх тодотголтой төрийн одон медаль шагнуулна. Харин 065-ынхан өргөсөн тангарагтаа үнэнчээр “байлдсаар” л, халагдсаар л.

Одоо бол манай анги 103 дугаар салбар гэдэг нэртэй, Баянхонгор аймгийн Баянлиг суманд үүргээ гүйцэтгэж байна. Хугацаат цэргүүд алба хашихаа больж гэрээт дайчидтай болсон гэсэн.

Ангийнхаа тухай бичээд байвал бүхэл бүтэн хэдэн боть ном ч багадах байлгүй. Харин тавин жил байлдааны үүрэг гүйцэтгэсэн энэ алдартай ангийг яам, төр хэрхэн анхаарахыг мэдэхгүй юм. Халх голын дайнд оролцсон дайчдад ”Цагаан морь” гэх дурсгалын тэмдэг өгөөд хожим нь гучин жилийн дараа төрийн одон болгох зарлиг гаргасан байдаг. Тэгвэл 065, 028 дугаар ангид алба хаасан дайчдад байлдааны үүрэг гүйцэтгэснийх нь хувьд дурсгал болон үлдэх төрийн одон үгүй юм гэхэд нэг сайхан дурсгалтай “тэмдэг” үлдээх талаар Батлан хамгаалахынхан санаачилга гаргаасай гэж бодох юм. Лав л манай Чулуунхүү нэг сайхан дуу хийх байлгүй. Яруу найрагч СГЗ Б.Хүрэлбаатар үгийг нь бичих байх. Яагаав нөгөө “Цэцэгт нуурын хөвөөнөөс цэргийн албанд мордлоо доо .. “ гээд бичдэг. Ийм л түүхтэй, алдартай анги. Эх орноо хамгаалан 50 жил байлдсан, одоо ч байлдсаар байгаа дайчид шүү дээ.

Олхонууд ШААБАР


Онцлох нийтлэлүүд