ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2015.04.06 11:04

Онцгойгоос төрсөн анхны генерал Т.Бадралын НЭГ ӨДӨР

“Ард олон маань амар амгалан байх болтугай гэж өглөө бүр бурхандаа залбираад ажилдаа гардаг даа” гэж Онцгой байдлын ерөнхий газрын дарга,бригадын генерал Т.Бадралын хэлсэн үг энэ салбар ямар их бэрхшээлийг сөрж ажилладаг болохыг шууд илэрхийлэх шиг санагдав. Хүн бүр өөрийнхөө болоод ойр дотнынхныхоо төлөө залбирдаг бол онцгойгийнхон улс орныхоо, нийт ард түмнийхээ буян заяаг бурхандаа даатгаж, сүсэглэдгээрээ онцлогтой.

“Танайд өнжье”-гийнхээ ээлжит дугаараар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Түвшингийн Бадралыг уншигчидтайгаа уулзуулж байна. Амралтын өдөр гэлтгүй ажилладаг түүний гэртээ байх цаг хугацаа тун цөөхөн.

Тиймээс Т.Бадрал гене­ралын нэг өдрийн ажил хэрхэн явагдаж, хэдийд гэрийн бараа хардгийг сонирхохоор өнгөрсөн баасан гаригт түүнтэй хамт “ажилалаа”.

Т.Бадрал генерал 08.00 цаг болоогүй байхад ажилдаа ирэв. ОБЕГ-ын төв байрны жижүүр Батсайхан даргадаа илтгэж, урьд шөнийн нөхцөл байдлыг танилцууллаа. Төрийн албаны ажил 08.30 цагт эхэлдэг болоод багагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл Т.Бадрал дарга хуучин цагтаа ажилдаа ирдэг нь хэвээрээ байгаа бололтой.

“Эрсдлийн мэдрэмжтэй хөрөнгө оруулалтын төлөв­лөлт ба гамшгийн хохирлын мэ­дээл­лийн сан” сэдэвт зөвлөлдөх уулзалт өглөө эхлэв. ОБЕГ-аас НҮБ-ын Гамшгийн аюулыг бууруулах газар, Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн дэмжлэг, туслалцаатайгаар “Монгол Улсын гамшгийн хохирлын мэдээллийн санг бүрдүүлэх, түүнд дүн шинжилгээ хийх чадавхийг дээшлүүлэх” төс­лийг тун удахгүй эхлүүлэх гэж байгаа гэнэ. Энэ ажлын хүрээнд дээрх уулзалтыг зохион байгуулж байсан юм. Т.Бадрал дарга арга хэмжээг нээж, үг хэлснийхээ дараа Онцгой байдлын дар­гын зөвлөлийн шуурхайг хурал­дуулав. Тэд 7-14 хоногтоо нэг удаа хуралддаг байна. Харин онцгой шаардлагатай тохиолдолд шуурхай шууд хуралддаг ажээ. Энэ удаагийн ээлжит шуурхай хуралдаж байх зуур Т.Бадрал даргатай уулзахаар ОБЕГ-ын “Аврагч биеийн тамир” спорт хорооны Шийрэв дасгалжуулагч иржээ. Түүнтэй хамт саяхан Гүрж, Туркт болсон олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэж, амжилт үзүүлсэн Л.Отгонбаатар Ц.Цогтбаатар нарын тамирчид ирсэн байв.Олимпийн оноо авдаг гранпири тэмцээнд тэдний гаргасан амжилтыг ерөнхий газрын удирдлагадаа танилцуулж, уламжлах ажээ. Төд удалгүй шуурхай тарлаа. Т.Бадрал даргын дараагийн уулзалтын цаг тулсан байв. Иймд Шийрэв дасгалжуулагчийг тамирчдынх нь хамт хүлээж авч амжсангүй. Т.Бадрал дарга “Тамирчдынхаа гаргасан амжилтын талаар танилцсан байгаа. Шадар сайдтай уулзах цаг болсон байна. Дараа та бүхнийг хүлээж авъя” гэж эелдгээр санал тавиадТөрийн ордны зүг хөдөлсөн юм.

УУЛЧИН Т.ГҮРРАГЧААГ ҮДЭВ

Уулын спортын ОУХМ, Гавьяат тамирчин, Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургагч багш, ахмад тамирчин Т.Гүррагчаа Эверес­тийн ноён оргил Жомолунгмад авирахаар мордоод байгаа. Түүнийг ийн шинэ амжилт тогтооход нь Т.Бадрал генерал урам зориг өгчээ. Т.Гүррагчаа уулчны аян замыг ерөөж Шадар сайд У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гаригт хүлээн авах уулзалтад Т.Бадрал дарга ч оролцсон юм. Дэлхийн дээвэр болсон энэ өндөр ууланд авирах гэж буй Т.Гүррагчаад Шадар сайд амжилт хүсээд сарын цалин болох нэг сая төгрөг хандивлана лээ. “Нас гэдэг бол тоо юм байна. Тиймээс таны энэ гавьяа зүтгэл залуу хойч үеийнхэнд үлгэр дуурайлал болж байна. Надаас ийм зориг гарахгүй шүү. Танаар маш их бахархаж байна” гэж Шадар сайд хэлээд Эверестийн оргилд мандуулах Онцгой байдлын албаны тугийг гардуулж байлаа. Т.Гүррагчаа гуай талархаж байгаагаа илэрхийлж “Энэ бол миний мөрөөдөл. Т.Бадрал дарга намайг дэмжиж, хамгийн түрүүнд нэг сая төгрөг өгсөн. Та бүхнийхээ итгэлийг даагаад, Монгол Улсынхаа нэрийг мандуулаад ирэх тавдугаар сард бүгдээрээ баяртай сайхан уулзъя” гэж эрч хүчтэй хэлээд инээв. Тэд ширээний ард сууж энгийн яриа өрнүүллээ. Монгол заншлаар хөөрөглөх үед танхим дүүрэн бөөн инээд болов. Шадар сайд тамхилахаар бага гарын хөөрөг гаргаж ирээд Т.Гүррагчаа гуай руу гараа сунгав. Тэгтэл ахмад уулчин маань хошин урлагийн жүжигт гардаг шиг гарт багтамгүй ланзгар том хөөрөг гаргаад ирэх нь тэр. У.Хүрэлсүх сайд зогтусан “Цагаан сараар хоёулаа олны өмнө тамхилбалби ч байдалд орохоор юм байна” гээд инээлдэцгээлээ. Эрчүүдийн сонирхол болсон хойно доо, тэд хөөрөгний тухай “хошуу холбов”. Т.Гүррагчаа гуайн хөөрөг Өмнөговийн цагаан хаш чулуугаар чамин гэгч нь сийлж хийсэн эд байна лээ. Ийнхүү Эверестийн оргил өөд тэмүүлэх уулчнаа үдсэний дараа Шадар сайд У.Хүрэлсүх, генерал Т.Бадрал нар албан хэргээр ярилцахаар хэсэг хугацаанд саатав.

Т.Бадрал дарга нэг уулзалтаас нөгөө рүү явсаар нэг мэдэхэд үдийн цайны цаг болсон байлаа. Эрхэм дарга ч төв байрандаа үдийн ундаа уучихаад дараагийн ажилдаа шуурхайллаа.

АЖИЛДАА ЧИНСЭТГЭЛЭЭСЭЭ ХАНДАЖ, ШОУ МАЯГААР ХИЙХГҮЙ, ҮР ДҮНГ ЧУХАЛЧЛАГЧ

Улс оронд болж бай­гаа нөхцөл байдал, мал, амьт­ны гоц халдварт өвчний талаарх мэдээллийг Т.Бадрал даргад Гамшгийн шуурхай удирдлагын дарга, онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэл илтгэлээ. Ту­хайлбал, Ховдод гар­сан цэцэг өвчин, Хан-Уул дүүрэгт гарсан гахайн мялзан өвчний үед авсан арга хэмжээгтанилцуулав. Мөн баасан гаригт цаг агаар муудаж, баруун аймгуудад цасаар шуурч эхэлсэнтэй холбогдуулан Увс аймагт нөхцөл байдал хүндэрсэн тухай Б.Мандахгэрэл дарга уламжиллаа. Үүссэн нөхцөл байдал, авч буй арга хэмжээнийхээ талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарт бичгээр танилцуулах үүргийг Т.Бадрал дарга ажилтандаа даалгав. Тухайн тойргоос сонгогдсон гишүүний хувьд сум орон нутагтаа анхаарал хандуулж, онцгой байдлын албаны дээд удирдлагатай холбогдон тодруулж байгаа бололтой. Цаг агаарын тааламжгүй байдал үүссэнтэй холбогдуулан Т.Бадрал дарга ард иргэдэд сэрэмжлүүлэг сайтар хүргэх үүргийг хариуцсан мэргэжилтнүүддээ даалгав. Мөн малтай хү­мүүс малаа хашиж, бага насны хүүхдүүдийг малд явуулахгүй байхад анхаарах хэрэгтэйг сануулж байсан. Шаардлагатай тохиолдолд улсын чанартай авто замыг хааж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ иргэддээ хүрч чадаж байна уу гэдэгт анхаарч ажиллах заавар нэмэв. Үүний дараа ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар албан тушаалын томилгоог Т.Бадрал генералд танил­цуулав. Налайх дүүрэгт байрлах Уул уурхайн аврах албыг ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах анги болгосон. Ингээд хуучин албанд нь байсан 51 хүний дөрөв нь тэтгэвэртээ гарчээ. Шинэ анги байгуулагдсан болохоор удирдлага, тэтгэвэрт гарсан хүмүүсийн орны ажилтнуудыг томилох асуудалд Т.Бадрал генерал тун гярхай хандаж байв. Тэрбээр Л.Болдбаатар даргын оруулж ирсэн танилцуулга дахь хүн нэг бүрийг судалж, ялангуяа ар гэрийнх нь хөдөлмөр эрхлэлтийн байдлыг анхаарч, зөвшилцөн томилж байсан. Ер нь гэр бүлийн хүмүүс ажилтай байх тусам өрхийн орлого нэмэгдэж, тухайн өрхийн амьжиргаа дээшилнэ гэсэн байр сууринаас хандаж байгаа нь илт. Томилохын хажуугаар түүний амнаас татгалзах санал ч гарна лээ. Учир нь найз нөхдөөрөө нэг дор бөөгнөрч, ажил цалгардах вий гэсэн болгоомжлол төрсөн бололтой.

Дээрх уулзалтуудын дараа Т.Бадрал генерал ОХУ-ын Свердловск мужийн Хууль тогтоох хурлын орлогч дарга А.П.Сухов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээж авлаа. Украины асуудлаас болж Орос улс эдийн засгийн хориг арга хэмжээнд ороод байгаа. Иймд хойд хөршүүд манай улсад хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо салбар бүрт илэрхийлж байгаагийн нэг нь дээрх уулзалт гэж харагдав. А.П.Сухов тэргүүтэй төлөөлөгчид ОБЕГ-т гамшгийн үед ажиллах шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх хүсэлтэй байгаа бололтой. Тэд бүтээгдэхүүнээ танилцуулж явна лээ.

ОБЕГ команд-штабын сур­гуулийг жилдээ гурван аймагт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийнх нь өчигдөр Дархан-Уул айм­гаас эхлэв. Уг арга хэмжээг зохион байгуулах багийнхантай Т.Бадрал дарга уулзаж, үүрэг даалгавар өгсөн юм. Түүний ярианаас анзаарахад Т.Бадрал гэдэг хүн ажилдаа чинсэтгэлээсээ хандаж, шоу маягаар хийхгүй, үр дүнг чухалчилдаг нэгэн болох нь тод байв. Тэрбээр орон нутагт сургалт зохион байгуулахаар зорьж буй албан хаагчдаа архинаас хол байхыг хатуу анхааруулсан шүү. “Харин олон хоногоор орон нутагт амралтгүй ажиллаж ирснийхээ дараа эрүүл мэнддээ анхаарч, сувилалд заавал эмчлүүлэх шаардлагатай” гэж албан хаагчдадаа халамж тавьж байлаа.

МАНАЙ ГЭР БҮЛД МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨ, АМЕРИКИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ ХОЁР ХҮН БИЙ”

Аливаа албан байгуул­лагын удирдлагын ажил дор дороосоо л ундардаг. Тэр дундаа онцгойгийн салбар дэндүү завгүй, бас хариуцлага өндөртэй алба. Т.Бадрал дарга өдөр тутамд болдог уулзалт, хурал, зөвлөгөөнөөс гадна 70-80 хүн хүлээн авдаг гэсэн. Харин өнгөрсөн баасан гаригийн тухайдхарьцангуй ачаалал багатай байна гэж туслах нь өгүүлж байлаа. Гэхдээ л тэр ажлаа 19.30 цагт дуусгасан. Учир нь түүнтэй хамт гэрт нь очиж, эхнэр хүүхдүүдтэй нь танилцах хүсэлтэй бидний зорилгыг хүндэтгэн үзэж ажлаасаа эрт гарсан нь энэ ажээ.

Тэднийх “Оргил” рашаан сувиллын хажууханд юм билээ. Албан ширээний ард сууж байсан генерал маань гэрийнхээ босгыг давангуутаа л зочдодоо үйлчилж эхлэх нь тэр. Бидний гадуур хувцсыг авч өлгүүрт өлгөөд, ширээний ард саатахыг хүсэв. Гэрийн эзэгтэй охидынхоо хамт оройн хоолоо хийж байлаа. Биднийг харангуутаа гал тогооноосоо дуу алдан инээм­сэглэсээр угтсан юм. Гэргийг Ж.Цэцэгсүрэн гэдэг бөгөөд Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яаманд ажилладаг байна. Тэрбээр гадаад хэлний багшийн мэргэжилтэй бөгөөд Орхон аймгаас ажлын гараагаа эхэлж, тэндээ ханьтайгаа танилцаж байжээ. Тухайн үед Т.Бадрал дарга “Эрдмин” катодын зэсийн үйлдвэрт ажиллаж байсан гэнэ.

Эрхэм генерал маань өрөөндөө орж хувцсаа солих зуур түүний гэргийтэй ийн таван үг сольж амжив. Төд удалгүй цаад өрөөнөөс Т.Бадрал дарга гарч ирэхдээ жинсэн өмд, хүрэн цамц өмссөн байлаа. Тэрбээр цуглуулгаа сонирхуулсан юм. Том өрөөнийхөө хананд гэр бүлийнхээ зургийн цомгийг байрлуулжээ. Мөн дүүрэн номтой шүүгээ, Т.Бадрал даргын хобби болох сувинерүүдийг өрсөн байлаа. Номын шүүгээний дээд тавиур дээр том хүү, охиныхоо инээмсэглэсэн зургуудыг байрлуулжээ. Том хүү нь одоо 26 настай, АНУ-ын Сан Диегогийн “Чейз” банкинд менежер хийдэг гэнэ. Дараагийн охин нь 21 настай бөгөөд мөн л АНУ-д ажиллаж амьдарч байгаа аж. Холливудын оддын тат­вараа төлсөн эсэхийг хянадаг аудитын компанид ажилладаг юм байна. Холливудаас Т.Бадрал даргад “Та охиноороо дамжуулж Холливудын жүжигчдийн нууцтай холбоотой мэдээллийг авахгүй гэсэн баталгаа өг” гэсэн албан бичиг хүртэл ирж байсан гэнэ лээ. “Хоёр том маань АНУ-д, эхнэр маань АНУ-ын Элчин сайдын яаманд ажилладаг. Ямар нэгэн байдлаар Америктай холбогдчихдог юм. Энэ гэрт Монголын Засгийн газрын төлөө, бас Америкийн Засгийн газрын төлөө ажилладаг хоёр хүн байна даа” гээд эрхэм генерал хошигнов. Түүний номын шүүгээнд англи, орос, франц хэл дээр бичигдсэн номууд зонхилно. Мөн дэлхийн нэвтэрхий толь “Britanica” бүрэн эхээрээ, эх хэл дээрээ ч байна лээ. “Манай хүн номыг их сонин уншдаг. Хоёр, гурваар нь зэрэг эхлүүлдэг” гэж эхнэр нь өгүүлэхэд Т.Бадрал дарга унтлагын өрөө рүүгээ биднийг дагуулав. Бурхан шүтээнээ залсан орны хажуугийн жижиг шүүгээн дээр хэд хэдэн ном давхарлан өржээ. “За би одоо ийм ном уншиж байгаа. Тухайн өдрийн байдлаас болж ямар ч хугацаанд номоо уншиж болно. Цалингийнхаа ихэнхийг номонд өгчихдөг юм даа” гээд Т.Бадрал дарга инээв. Гэрийн эзний хобби бол шаазан таваг бүхий сувенир. Тэрбээр очсон улсынхаа бэлгэ тэмдэг бүхий зурагт шаазан тавгийг үнэ өртөг харамгүй худалдаж авдаг гэсэн. Одоо түүнд 300 гаруй ийм цуглуулга байгаа бөгөөд үзэсгэлэн гаргах хэмжээнд хүрнэ гэж “гайхуулав”. Найз нөхөд, албан хаагчид нь хүртэл гадаадаас ирэхдээ түүний хоббиг андахгүй болохоор авчирч дурсгасаар ийм арвин болжээ. “Манай нөхөр бас мод тарих хоббитой. Одоо ингээд хобби нь хөдөлнө. Бараг 400 орчим мод тарьсан шүү. Бидний тарьсан мод болгон ургадаг” гээд гэрийн эзэгтэй нөхрийнхөө хоббиг тодотгов. Харин тэрбээр тасалгааны цэцэг тарих тун ч их сонирхолтой юм билээ. Цонхныхоо тавцангуудаар зүйл бүрийн цэцэг өрсөн байв.

Т.БАДРАЛ ДАРГА ГЭРТЭЭ ИРСЭН ХОЙНОО Ч АЖЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР...

“Манай хүн гэртээ голдуу 21.00 цаг өнгөрөөж ирнэ шүү. Өнөөдөр харин овоо эрт ирлээ” гэж гэрийн эзэгтэй ярилаа. Т.Бадрал дарга гэртээ ирээд удаагүй байтал гар утас нь дуугарч байн байн нөгөө өрөө рүүгээ орчих юм. Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулж УИХ-ын гишүүд сонгогдсон тойргийнхоо талаар мэдээлэл авч, онцгойгийнхныг хэрхэн ажиллаж байгаа талаар лавлаж байгаа бололтой. Эрхэм генерал “За, гишүүн ээ...” гээд л тайван гэгч нь цагийн байдлыг илтгээд байх нь тэр.

Т.Бадрал дарга бол онцгой байдлын салбараас төрсөн анхны генерал. Ерөнхийлөгч генерал цол гардуулах өдөр харин тэрбээр гадаадад томилолттой байж таарсан. Нөхрийнхөө ажлын талаар ямар бодолтой байдгийг нь Ж.Цэцэгсүрэнгээс тодруулбал “Т.Бадралыг ОБЕГ-ын дарга болоход нь би тийм ч их баярлаагүй. Өндөр хариуцлагатай алба болохоор таатай хүлээж аваагүй юм. Харин генерал болоход нь маш их баярласан. Бараг би өөрөө цол авчихсан юм шиг л болсон шүү. Найзууд нь над руу утасдаж, баяр хүргээд л ...” гэв.

Т.Бадрал дарга бас ч гэж улиралдаа ганц, хоёр удаа гал тогоо барьж, гарынхаа хоолыг гэр бүлдээ хийж өгдөг гэсэн шүү. Түүний хийдэг хоол нь голдуу ногоо зонхилдог ажээ. Эдний гэр бүл спортлог. Т.Бадрал дарга бямба гариг бүрт газрын теннис, нямд хөлбөмбөг тогтмол тоглодог ажээ. Есдүгээр ангийн охин нь буудлагаар хичээллэдэг байна. Гэрийн эзэгтэй охидын­хоо хамт усан спортоор хичээл­лэхээр зэхэж байгаагаа биднээс нуугаагүй ээ. Бага охин Б.Индра хятад хэлний “Үй Цай” сургуулийн нэгдүгээр ангийн сурагч. Эмч болох мөрөөдөлтэй энэ бяцхан охин хятадаар хэвлүүхэн гэгч нь шүлэг уншиж, уур амьсгалыг улам хөгжилтэй, дулаахан болгов.

ДИПЛОМАТЧААС ГЕНЕРАЛ БОЛСОН ТҮҮХ

Т.Бадрал дарга эцэг, эхээс тавуулаа. Айлын хоёр дахь нь. Түүний аав Увс аймгийн Хяргас сумын харьяат бөгөөд инженер мэргэжилтэй аж. Харин ээж нь Эрдэнэт хотын МАН-ын хороонд тасаг, хэлтсийн дарга, намын дарга, Үйлдвэрчний эвлэлийн даргаар олон жил ажиллаж байсан настан бий. Т.Бадрал дарга ЗХУ-д оюутан байхдаа ээжээсээ ирдэг байсан захид­луудыг одоо болтол нандигнан хадгалдаг байна.Ээж нь түүнд их л зузаан захидал илгээдэг байжээ. “Сайн байна уу миний хүү, за тэгээд сайн сураарай...” гэснээ МАН-ын II бүгд хурлаар ийм ийм асуудал шийдлээ гээд л баахан намынхаа хурлаар хэлэлцсэн асуудлуудыг бичээд явуулчихдаг байсныг Т.Бадрал дарга дурсаж инээлээ. Тэрбээр англи, орос, франц хэлтэй. Нэг хэсэг Францын түүх их судалжээ. Харин сүүлийн үед Азийн тухай сонирхон судалж байгаа гэнэ. Гадаад харилцааны чиглэлээр боловсрол эзэмшсэн дипломатч хүн онцгойгийн салбартай холбогдсон түүх их сонин юм билээ. Тэрбээр “Дархан Эрдэнэтийн замын зураг төслийн ажлыг Энэтхэгийн том компани хийж байхад эхнэр маань орчуулагч хийгээд, тэр ажлынхаа шугамаар сургалтад явсан юм. Тухайн үед охин маань ээжийгээ санаад байна гээд хоёр ч удаа сургалт болж байгаа газар нь очиж билээ. Тэнд П.Даш генералтай танилцсан юм. 2013 оны намар байсан санагдаж байна. 2014 онд ОБЕГ байгуулагдаж, П.Даш генерал даргаар нь очлоо. Би баяр хүргээд утсаар ярьсан юм. Сарын дараа над руу залгаад ажлын санал тавьж билээ. Дөнгөж шинээр байгуулагдаж байгаа энэ газрын гадаадхарилцааг хариуцан ажилла гэсэн юм. Ажиллаад үзтэл боломжийн санагдлаа. Тэр үеийн цалин ердөө 90 мянган төгрөг байсан. Сар ажиллаад үзсэн чинь маш сонирхолтой санагдав. Би цалинд нь дурлаж энэ албанд ороогүй. Цалин бол өдөр тутмын хоол ундандаа таардаг байсан. Манайхан намайг ямар ч орлогогүй ийм ажил хийлээ гэдэг байв. Хүн бол аливаа ажилд сэтгэл зүрхнээсээ хандах учиртай. Тэрнээсээ кайф авдаг байх ёстой. Анх ОБЕГ-ыг байгуулагдахад нь гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтэст хоёр хөрш орны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Дараа нь ахлах мэргэжилтэн, бод­лого төлөвлөлт хамтын ажил­лагааны газрын даргаар ажил­лалаа. 2006 оны зургадугаар сард ажлаасаа жил гаран чөлөөлөгдсөнийхөө дараа дахин ороод Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн даргаар томилогдсон. Дэлхийн банкны төслийн удирдагчаар, зохицуулагчаар дөрвөн жил гаран ажиллав уу даа. Ингээд 2009 оны наймдугаар сарын 30-нд ОБЕГ-ын дэд даргаар томилогдсон. Энэ оны нэгдүгээр сарын 7-нд Засгийн газрын шийдвэрээр энэ албан тушаалдаа томилогдоод ажиллаж байна даа.Манай алба бол хүнд ажил. Монгол Улсын хэмжээнд хичнээн хүний амь аврав, эд хөрөнгийг хамгаалав гэдэг шалгуур үзүүлэлтээр ажилладаг” гэлээ.

Онцгой байдлын сал­барын энэ том айлын өрхийг татсан хүмүүсээр Т.Бадрал генерал бахархаж явдаг юм билээ. Тодруулбал, сал­бараа хүмүүнлэгийн байгууллага гэдэг талаас нь хууль эрх зүйн актуудыг боловсруулж, шинэчлэлийн үйл ажиллагааг эхлүүлсэн эцэг гэгдэх хүмүүс нь О.Үржин генерал, П.Даш, Ж.Гүррагчаа, Ж.Бямбаноров, Я.Санжмятав, Ц.Амгаланбаяр нарын үүрэг гавьяа гэж тэрбээр яриандаа тодотгож байлаа. Онцгойгийн салбарт одоо олон шинэчлэл хийж буй. Тэр болгоныг энд дурдвал барагдахгүй. Хууль сахиулах сургуулийн харьяанд Онцгой байдлын сургууль байгуулагдсан бөгөөд 2017 онд эхний төгсөгчид нь төгсөнө. Т.Бадрал даргын хувьд салбартаа жендерийн тэгш байдлыг хангахад нэлээд анхаарч, дэлхий нийтийн чиг хандлагыг баримталдаг. Учир нь эмэгтэйчүүд гарч байгаа аливаа бодлого шийдвэрийг зөөлрүүлнэ. Гамшгаас хамгаа­лах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд маш чухал үүрэгтэй. Эрэгтэйчүүдийг бодвол сэтгэл зүйн заслыг зөв хийж чаддаг зэрэгтэй холбоотой гэнэ. Иймд Мэр­гэжил дээшлүүлэх давтан сургалт, сэтгэл заслын төв байгуулахаар зорьж буй аж. Онцгойгийнхон байнга л таагүй дуудлагаар ажилладаг. Халуун гал дээр ажилладаг хүмүүсээ сувилж, сэтгэл зүйн засал хийх зайлшгүй шаардлагатай. Иймд Засгийн газар шийдвэр гаргаж, ийм төв байгуулах эхний алхмууд хийгджээ. Мөн Т.Бадрал дарга салбарынхаа нийтлэг төрхийг өөрчлөхөөр хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргасан байна. Тэрбээр “Ажилчдаа гэр бүлээр нь цалинтай болговол өрхийн орлого нэмэгдэнэ. Ажлынхаа хажуугаар хамт олноороо аж ахуй эрхлэх боломжийг хангаж өгөх хэрэгтэй. Харин манай албан хаагчдын ихэнх нь орон сууцгүй. Тэтгэвэрт гарсан хүмүүсээ харахаар нэг газар харуул, манаач хийчихсэн, өөрийн гэсэн унаагүй хүмүүс байна. Нийт­лэг энэ төрхийг өөрчилье гэж бодож байгаа юм. Төрд зүтгэснийхээ дараа үр шимийг нь хүртэж байх ёстой” гэлээ. Төрд ажиллаж байгаа түүний баримталдаг гол зарчим нь сэргэн мандалтын үеийн Английн томоохон сэтгэгч Жон Локкын хэлсэн үгнээс шууд харагдана. Энэ нь “Төрд хүний амь нас эд хөрөнгийг хамгаалахаас илүү эцсийн зорилго гэж үгүй” хэмээх үг юм. “Ард түмэн, үйлдвэрчин, баялаг бүтээгч нар нийлж байж төр оршин тогтнодог. Тиймээс энэ баялгийг бид хамгаалах ёстой” гэж Т.Бадрал генерал хэлж байсан шүү. Үнэхээр салбарынхаа талаар гарын арван хуруу шигээ мэддэг, ажилдаа сэтгэл зүрхнээсээ ханддаг түүнд онцгойгийнхон ам сайтай байхаас ч аргагүй.

Түүний ажил, амьдралтай танилцсан нэг өдөр ийн өнгөрөв. Нэг мэдэх нь ээ нар аль хэдийнэ жаргаж, харуй болсон байлаа.

М.МӨНХЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Онцлох нийтлэлүүд