ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.09.04 10:09

Онцгой байдлын дөрвөн албан хаагч автомашины ослоор амиа алджээ

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баяндавааны ар гэдэг газарт автомашины ноцтой осол гарч Багануур дүүргийн онцгой байдлын дөрвөн алба хаагч амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 1-нд гарчээ. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд 19:30 цагийн орчимд осол гарсан талаарх мэдээлэл ирсэн гэнэ. Ирсэн дуудлагын дагуу Төв аймгийн Эрдэнэ сумын замын цагдаа нар “Цонжин болдог” цогцолбор газрын цагдаагийн постноос  очсон байна. Цагдаа нарыг осол болсон газарт очиход “Соната 6” маркийн автомашин “Форд” маркийн автомашинтай мөргөлдөж дөрвөн хүн ослын газарт амь насаа алдаж гурван хүн хүнд бэртэл авсан байжээ. Ослын улмаас “Соната 6” машинд сууж явсан Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа С.Цэндсүрэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, онцгой байдлын ахмад Ч.Ганхүү, онцгой байдлын ахмад Ж.Эрдэнэбаяр, нягтлан бодогч, онцгой байдлын ахмад Б.Намжилмаа нар харамсалтайгаар амиа алдсан байна. Амь насаа алдсан албан хаагчид сар бүрийн 1-ний өдөр болдог  Нийслэлийн онцгой байдлын газрын зөвлөлийн хуралд оролцоод буцаж явахдаа ийнхүү осолдсон байна. Энэ талаар сурвалжлахаар осол болсон Төв аймгийн Эрдэнэ сумын Баяндаваа, Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс рүү явсан юм. Энэ үед Улсын онцгой комисс хуралдаж осол болсонтой холбогдуулан ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлсэн байв. Ажлын хэсгийг ОБЕГ-ын дэд дарга Т.Бадрал ахалж байлаа. Улсын онцгой комиссын шийдвэрээр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүнийг Багануур дүүрэгт ээлж ээлжээр 72 цаг ажиллуулах шийдвэр гарч замд явж байсантай тааралдав. Бид Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баяндавааны ар гэх газарт бага үдийн алдад очсон юм. Осол болсон газарт очих үед Төв аймгийн Замын  цагдаагийн хэлтсийн албан хаагчид,  замын шинжээчийн багийнхан хэргийн газарт  хэмжилт хийгээд дууссан байв.  Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Онцгой байдлын хэлтсийн алба хаагч нар нийслэл хотоос Багануур дүүрэг рүү буюу Баяндавааг уруудаж явсан байна.

 Давааг уруудаж явахдаа хурд хэтрүүлсэн байна гэж хэргийг мөрдөж байгаа цагдаа нар таамаглаж буй гэнэ. Харин Төв аймгийн Баяндэлгэр сумаас хөдөлсөн “Форд” маркийн автомашин Баяндавааг өгсөж явахдаа   хурд хэтрүүлэн явсан байжээ. Гэхдээ Онцгой байдлын албан хаагч нарын зорчиж явсан автомашин эсрэг талынхаа замаар буюу урсгал сөрсөн  бололтой. Осолдохдоо замын хойд хэсэг рүү шидэгдсэн байжээ. Цагдаа нар “Соната 6” маркийн автомашины жолооч  гүйцэж түрүүлэх үйлдэл хийж урсгал сөрсөн байж магадгүй гэж үзэж буй гэнэ. Мөн тормос­ны мөр нь эсрэг талын замд тод гарсан байна. Гэхдээ осолдсон машины жолооч нар хоёр талаас тулж ирээд тоормос гишгэсэн ул мөр үлд­сэн байжээ. Ослын газарт энд тэндгүй автомашины эд ангийн хэлтэрхий байх аж. Мөн хагарсан тоглоом, цус тунарч газарт шингэсэн бай­дал, цустай алчуур, бээ­лий, гарын саван зэрэг үлджээ.

Харин урсгал сөрж явсан машины байсан тэр хавьд цусан дээр цагаан идээ асгарсан бололтой харагдав. Баяндэлгэр сумаас гарсан жолооч болон түүний найз нар авч явсан бололтой ундааны савтай  айраг, сүү, цагаан идээ тэр хавиар цацагджээ.   Ундааны савтай сүү ослын улмаас бөөрөөрөө задарсан байв. 

ФОРДМАРКИЙН АВТОМАШИНЫ ЖОЛООЧ СОГТУУ БАЙСАН ГЭВ

 

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа С.Цэндсүрэнгийн  жолооч амьд үлджээ.  Тэрбээр ослын улмаас хүнд гэмтэл авч ухаан алдсан байсан гэнэ. Түүнийг Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэжээ. Эмч нар “Биеийн байдал маш хүнд байгаа. Тархи, нуруу, нугасны яаралтай хагалгаа хийнэ. Гэхдээ өвчтөн ухаан орсны дараа мэс заслын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа” гэжээ. Харин осолдсон улаан хүрэн өнгийн “Форд” маркийн автомашины жолооч болон түүнтэй хамт хүний бие хүнд байдалтай ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Тэд ослын улмаас ухаан алдсан, өчигдөр орой ухаан оржээ. Төв аймгийн Замын цагдаагийн хэлтсээс “Форд” маркийн автомашины жолооч Б-д Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн аж. Тэднээс ослын талаарх эхний тайлбарыг авсан байна. Б нь тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн өндөр хувийн согтолттой байсан гэнэ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явснаас болж осол гарсан бололтой.  Цагдаа болон шинжээч энэ долоо хоногтоо багтаан  ослын талаарх урьдчилсан  дүгнэлтийг гаргах гэнэ. Баяндавааны ар гэх газарт байрлах цайны газарт очиж  ослын талаар тодруулсан юм. Автобусны буудал бүхий цайны газрын ажилчид энэ сарын 1-нд гарсан энэ ноцтой ослыг харсан гэнэ. Тэд “Автомашины ослоор Онцгой байдлын газрын дүрэмт хувцастай дөрвөн хүн амиа алдсан. Тэд хүн харахын аргагүй болсон байсан. Гар, хөл нь хугарч, тархины яс нь цөмөрсөн. Тэр хавиар дүүрэн цус болчихсон байсан. Япончуудын барьж өгсөн замаар машины жолооч нар нисэж байгаа юм шиг л хурдан давхидаг. Засмал замд хагархай, нүх гээд бартаа саад болох зүйл байхгүй. Толь шиг тэгшхэн зам болохоор замаар явж байгаа машин 120 километр цагийн хурдтай давхидаг. Үүнээс болоод олон автомашины осол гарч байсан” гэв. Бид ослын газраас Багануур дүүрэг рүү хөдөллөө. ОБЕГ-ын дэд дарга Т.Бадрал тэргүүтэй ажлын хэсгийнхэн явж байсан юм. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст очих үед Баянзүрх дүүргийн Онгой байдлын 63 дугаар ангийн  албан хаагчид ээлж хүлээн авч байлаа. Дарга болон мөр зэрэгцэж явсан алба хаагч нараа харамсалтайгаар алдсан Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэн 72 цаг амрахаар болжээ. Гэхдээ онцгой байдлын аврагч нар талийгаач нарын ар гэрийнхэнтэй уулзахаар явсан юм. Мөн  Нийслэлээс ирэх лам нарыг тосч авахаар болжээ. Харамсалтайгаар амиа алдсан төрийн алба хаагч нарын ар гэрийнхнийг Багануур дүүрэгт авчрах аж­лыг Улсын онцгой комиссын хуралдаанаар шийдвэрлэжээ. Талийгаач Ж.Эрдэнэбаярын ар гэрийнхнийг Өмнөговь аймгийн Гурван тэс сумаас авчирч байв. Автома-ахмад Б.Намжилмаа нар гурав, дөрвөн хүүхэдтэй юм байна. Талийгаач нарын  ар  гэрийнхэн сэтгэл санааны хувьд хүнд байдалтай байна лээ. Талийгаач нарын эхнэр, нөхөр, хүүхдүүдийн биеийн байдал муудаж Багануур дүүргийн эмнэлэгт очиж тайвшруулах тариа, эмчилгээ хийлгэсэн аж.

 

ИРЭХ ЖИЛИЙН ЕСДҮГЭЭР САРЫН 1-НД  ААВ НЬ ХҮҮХДҮҮДДЭЭ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ НЬ ЗААВАЛ ХҮРГЭЖ ӨГНӨ

Талийгаач  Багануур дүүр­гийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа С.Цэндсүрэнгийн хувьд Онцгой байдлын газар, хэлтэст гал сөнөөгчөөс эхлэн ажилласан нэгэн гэнэ. Олон хүний амь насыг аварч байсан аж. Мөн хэлтсийн даргаар олон жил ажилласан чадварлаг удирдагч байсан гэдгийг  түүнтэй мөр зэргэцэн ажиллаж байсан Онцгой байдлын албан хаагчид хэлж байв. Харин онцгой байдлын ахмад Ж.Эрдэнэбаяр, нягтлан бодогч, онцгой байдлын ахмад Б.Намжилмаа нар Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст олон жил ажиллажээ. Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, онцгой байдлын ахмад Ч.Ганхүүгийн хувьд чадварлаг боловсон хүчин байсан гэнэ. Тэрбээр гурван хүүхэдтэй гэнэ. Энэ талаар түүний найз “Найз минь харамсалтайгаар амиа алдлаа. Талийгаач маань онцгой байдлын шилдэг алба хаагч нарын нэг байсан. Ажлаа хийж яваад осолдож цэл залуугаараа бурхан болчихлоо. Ар гэрийнхэн нь сэтгэл санааны цочролд ороод хэцүү байна. Талийгаач есдүгээр сарын 1-ний өглөө 06:00 цагт гэрээсээ гарсан байна лээ. Хамгийн сүүлд  эхнэртэйгээ “Орой ирэх байх. Хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж  өгөөрэй. Орой хотоос ирээд  хичээлийн шинэ жил тэмдэглэж гэр бүлээрээ хоолонд орно шүү. Ирэх жилийн есдүгээр сарын 1-нд аав нь хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь заавал хүргэж өгнө гэж хэлээрэй гэж хэлээд  гэрээсээ гарсан байна лээ” гэв.

Э.ХҮРЭЛБААТАР

 

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Онцлох нийтлэлүүд