ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2017.02.20 10:02

Ордонд шар мэдээ болох л үйл явдал өрнөдөг гэж ойлгохоор байна

Сүүлийн үед мэдээллийн сувгуудын бүх шуугиантай мэдээлэл нь төрийн ордны шар мэдээ боллоо. Уг нь бол сенсаци арай өөр газруудаас дуулддаг байж. Өнөөдөр тэгсэн төрийн ордон л шар мэдээллийн гол “бай”, ганц эх сурвалж нь болчихсон тууж явна. Тэндээс өлгөж авч болох бүгдийг сошиал ертөнц айхавтар дэвэргэж байна. Сошиал, редакцитай мэдээллийн байгууллага хоёрын дунд газар тэнгэр шиг ялгаа байдгийг улстөрчид сайн ойлгохгүй байснаа сүүлийн үед ойлгож эхлэх төлөвтэй боллоо. Редакцитай мэдээллийн байгууллага нь өөрийн контентыг үйлдвэрлэдэг, хариуцлага хүлээх чадвартай, хуулийн этгээд байдаг юм байна гэж. Харин сошиал ертөнц, редакцигүй сайтууд гэдэг нь буух эзэн буцах хаяггүй, хэнийг ч яаж ч доромжилж болдог, нийгмийн эрээвэр хурааврууд байдгийг бас ойлгов бололтой. Энэ их сайн хэрэг. Үнэндээ Монголын парламентад бохьчин, боовчин, архичин, өөрийгөө ихэд бодсон... гээд эмэгтэй хүнд л байж болох зан чанар бүхий хүмүүс төр түшилцэнэ гээд ороод ирснийг нөхдүүд айхавтар баримтжуулж, сошиалаар цацаж, сайтууддаа байршуулж, нийгмээр нэг юм болгосныг сэтгүүл зүй өөрөө анзаарахад хүрэв.

Сүүлдээ юу л нээнэ, юу л сөхөж харна, тэр чигээрээ төрийн ордонд унтаж буй, унгаж буй авгай, мансуурсан эмгэний тухай мэдээллүүдээр дүүрэн байх боллоо. Үгүй ер нь юу эсийг үзэв ээ, та бид чинь. Одоо ганцхан тайчигч эмэгтэй парламентад битгий сууж байгаасай л гэж залбирах үлдлээ дээ, М.Энхболд дарга аа. Таны бүгдийг нь үзэж шалгаж, өөрийн гараараа сортолж оруулж ирсэн эмэгтэйчүүд. Та хашир хүн багцаалж байгаа байлгүй. Хэрэвзээ тайчигч орж ирсэн бол тэгээд л есөн жор нь бүрдсэн эмэгтэйчүүдийн бүлэгтэй УИХ боллоо гэсэн үг. Төрийн ордондоо шалдан эмэгтэй гүйж явахыг харчихгүйхэн шиг энэ дөрвөн жилийг өнгөрөөх юмсан. Мань мэт шиг ордны хонгилоор таваргаж явдаг нөхдийн хувьд гэнэт нэг өрөөнөөс шалдан хүүхэн гараад ирвэл лав л утсаараа зургийг нь дарах ухаанаа олохгүй нь лавтай. Аягүй бол өнөөхийн чинь хувцсыг өмсгөх, ядаж өрөө рүү нь чирч оруулах маягтай үйлдэл хийж байж өнөөхийг нь сошиалынхан, сайтынхан утсанд бичиж авснаар хэрэгт орох байлгүй. Энэ олон эмэгтэй гишүүдийн чинь төрийн хүний ёс зүйгүй байдал нь эцэстээ ийм нэг үр дагаварт хүрч балрах вий л гэж бодох боллоо. УИХ-ын дарга М.Энхболдын хувьд бүр ч эрсдэлтэй. Тэр жил Л.Гүндалай чуулганы танхимд лоозон барьж зогсоход хамгаалалтынхан хуулиараа биед нь хүрч хориглож болохгүй эцэстээ Их хурлын дэд дарга Ж.Бямбадорж дүүлж очин лоозонг нь урж хаясан удаатай. Яг түүнтэй агаар нэг юм болбол яана. Мансуурсан эмгэн чуулганы танхимд суудлаа олохгүй нааш цааш алхахад журмын нөхөд нь яаж ч чадахгүй, эцэстээ нэг нь “Миний хөгшөөн, утас чинь дуугараад нөхөр чинь залгаад байгаа юм биш үү” гэж анхаарлыг нь төвлөрүүлж байгаад “Одоо гарч харь, хүмүүс хараад байна” гэж сэм хэлсэн байх. Үүн шиг бас нэг эмэгтэй гишүүн нь мансуураад чуулганы танхимд нүцгэлээд ороод ирвэл ойртох хүн байхгүй, хуулиараа хамгаалалтынхан халдах эрхгүй учир УИХ-ын дарга М.Энхболд та л индрээсээ дүүлж очин гялс манас хувцсыг нь өмсгөх хэрэг гарах байх. Яагаад гэвэл УИХ-ын чуулганы танхим бол Монголын төрийн хүндэт индэр. Хоёрдугаарт, таны удирдаж буй намын асар том нэр хүнд цаана нь байна. Иймэрхүү санаа зовнил их байна аа. Хүний өмнөөс ичих шиг хэцүү юм байдаггүй гэж үнэн.

Өнөөдөр төрийн ордноор микрофон барьж хатирсан хүүхнүүд дүүрэн болсон. Ер нь бол бүсгүй хүнийг элдвээр хэлж ерөөсөө болохгүй. Зүгээр төрийн ордны соёл талаас нь бичиж байгаа юм. Монгол эрчүүдийн хамгийн хоншоортой нь ямар ч эмэгтэй хүнд аясаар нь ханддаг юм. Энэ тухай дуучин Сарантуяа маш сайхан, баримт нотолгоотой ярьсан нь бий. Яадаг гэхээр, өнөө микрофон барьж хатирсан сурвалжлагч хүүхнүүдийн өөдөөс “Миний ажилд битгий садаа бол” гэж хэлдэг нэг ч эрэгтэй гишүүн байхгүй. Тэгсгээд л “Аятайхан ч хүүхэн юм уу” гэж хүлээж аваад араас нь ажил төрөл, юу ярихаа боддог. Яхир ёдор гэх Ц.Нямдорж хүртэл тийм юм. Ийм нөхцөлд хэн тэдгээр микрофон барьж ордны хонгилоор, өрөө өрөөгөөр хатирсан хүүхнүүдэд халтай хандаж, ёс зүйг ойлгуулж, улс төрийн хатуу хүтүүг мэдрүүлэх билээ. Өнөөдрийн парламентад залуу гишүүд ядаж их хэмжээгээр ороод ирж. Тэдний харц буруугүй шүү дээ. Ямар ч хамаагүй сайтын аятайхан хүүхэн хажуугаар нь өнгөрөхөд анхаарал нь сулардаг. Уг нь бол төрийн төлөө, энэ улсын хөгжлийн төлөө, хуулийн төсөл дээр ажиллаж бодол чилээж байсан байлгүй дээ. Энэ мэтээр хаанахын, аль мэдээллийн хэрэгслийнх нь мэдэгдэхгүй сурвалжлагчийн мандат хүзүүндээ зүүж хатирсан хүүхнүүд асуудал тарьж байна. Үүнийг цэгцлэх хэрэгтэй. Дийлэнх нь УИХ, Засгийн газрын нэр дээр ордон руу орох эрх авсан юм билээ. УИХ-ын хэвлэлийн албаны дарга Батбаатар, Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Отгонбаяр нарын хувьд Их хурлын эрэгтэй гишүүд шигээ хатирч орж ирсэн хүүхэн бүхэнд намирах хэрэггүй. Та хоёр ордны хонгилоор микрофон барьж хатирсан хүүхнүүдийг харж битгий бас саасганаад бай. Төрийн ордон дотор хэний, хаанах нь мэдэгдэхгүй жороолсон хүүхнүүдийг хазаарлах эрх та хоёрт л эхлээд бий шүү.

Ингэж эмхэлж цэгцлэхэд ерөөсөө ядах юм байхгүй. Ордон руу орох босго журмаа өөрчил. Тогтмол хэвлэлийн хувьд дор хаяж 3000-аас дээш уншигч захиалагчтай сонины сэтгүүлчид ордон руу орох эрх олгоно. Албан ёсны, байнгын эфиртэй, тодорхой хугацаанд үйл ажиллагаагаа таслалгүй явуулсан, хөлөө олсон телевизэд, өөрийн өнгө төрхтэй, хандалт өн-дөр, өөрийн редакцитай сайтын сэтгүүлчид ордон руу орж сурвалжлах үнэмлэх олгоно. Ийм л босго тогтоож, журам батлаад явахад дороо цэгцэрнэ. Энэ журмыг хангаагүй бол битгий оруул. Ордон руу орох, сурвалжлах эрхийг хавтгайруулж олгосноос чинь болж Монголын төрийн нэр хүнд өдрөөс өдөрт шалан дээр унаж байна. Шороотой хутгалдаж байна. Редакцийн бодлого байтугай редакци ч гэх юмгүй, өөрөө эзэн нь, эсвэл нөхөр нь эзэн, ганц хүнтэй сайтууд ордны хаанаас ч хамаагүй сонссон дуулсан, үзсэн харснаа нийгмийн сүлжээ рүү шидэж, үймүүлдэг бүхэл бүтэн давхарга төрийн ордон дотор бий боллоо. Тэд л унтаж байгаа авгай, ууж мансуурсан авгай, боовчин, бохьчин болгоны зургийг авч нийгмийн сэтгэл зүй рүү шидэж байна. Тэдний шидсэн болгоны тоогоор ард түмэн Монголын төрийг зүхэж байна. Редакцитай, редакци нь бодлоготой хэвлэлийн газруудаар хэзээ ч дамжихгүй, мэдээлэгдэхгүй тийм л шар бор мэдээллийг төрийн ордноос тэд олж, цацаж байгаа нь “Төрийн ордонд шар мэдээ болох л үйл явдлаас өөр зүйл болдоггүй юм байна” гэсэн муухай хандлагыг бий болгосоор... Тэрнээс биш төрийн ордонд энэ улсын хувь заяаг шийдсэн, шийдэх гэж буй өчнөөн үйл явдал өрнөдөг гэж боддог. Сая бас л Эрүүл мэндийн сайд эмэгтэй “Төрийн ордонд нэг муу төрийн бус байгууллагын төлөөлөл юу хийж орж ирчихээд тэнээд явна аа” гэсэн утгатай ярилцлага өгснөөр төрийн ордны шар мэдээг үргэлжлүүлж эхэллээ. Ардчилсан нийгмийн бас нэг дархлаа нь иргэний нийгмийн байгууллага байдаг. Тийм болохоор төрийн сайд хүн ТББ-ын тухай ингэж хэлж, ярьж болохгүй. “Өө муу тэнэг авгай” гээд л эхэллээ дээ. Эрэгтэй нэгэн байсан бол ингэж ярихгүйгээ басчиг нэг муу юм мэдэх байсан байх. Ингээд л энэ төр дэх “эргүү авгай” нарын тоо нэмэгдсээр байна.

Дээр нь хэлэхэд улстөрчид нь өөрсдөө ордонд хатирч яваа хүүхнүүдийнхээ хэмнэлд орчихсон, тэдэнд зориулсан улс төр хийдэг болчихож. Камер хараад, аманд нь микрофон тулгахаар шууд жүжигчид болж, юун эх орны эрх ашиг, төрийн хар хайрцагны бодлого. Ямар ч нууцыг дэлгэж ухаанаа алдчихдаг болсоор удлаа. УИХ-ын гишүүд, сайд дарга нарын энэ жүжиглэлтийн талаар манай сонин удаа дараа бичсэн. Чуулганы нээлт хаалт, хүндэтгэлийн хуралдаан гэж төрийн хүндэтгэлийн албан ёсны ажиллагааг бол шууд дамжуулж болно. Бусад үед чуулган, байнгын хороодын хуралдааныг хаалттай болгоё гэж. Чуулганы дараа юм уу, дундуур ч байж болно, хэн нэг нь гарч ирээд юу ярих нь нээлттэй. Сөрөг хүчнийхэн нь гарч ирээд “Эрх баригчид ингэлээ, улс орны эрх ашгийг ингэж умартлаа” гэж мэдээлэхэд зөрүүлээд эрх баригчдын аль нэг нь гүйж гарч ирээд “Тийм биш, энэ нь ийм учиртай юм” гэхчилэн сэтгүүлчдэд мэдээлэл хийж болно шүү дээ. Энэ нь шар мэдээлэл анаад, хайгаад хатирч явдаг нөхдүүдийн дамжуулдаг мэдээтэй эгнэшгүй бодитой, амьд халуун, тэсрэлттэй мэдээлэл болж ард түмэнд хүрнэ.

Ингээд Их хурлын чуулганыг хаалттай болгоё гэхээр нийтээрээ нэг л тэнэг үгийг хэлдэг. Тэр нь “Муусайн хулгайч нар нууцаар эх орноо хуваагаад зарчихна” гэж. Энэ бол үнэхээр тэнэг яриа. Эрх биш ийм тэнэгийг та бид сонгоогүй юм байгаа биз дээ. Та чинь л “Энэ хүн нь Их хурлын гишүүн болоход тохиромжтой, шударга, эх оронч” гэж гэр бүлийнхэндээ хүртэл нөлөөлж байгаад өнөөдрийн УИХ-ын гишүүдийг сонгосон юм байгаа биз дээ. Өөрийнхөө сонголтод итгэлтэй байгаа бол өнөөдрийн Их хуралд сууж байгаа нөхдүүдэд бас итгэхээс өөр арга байхгүй. Харин итгэлцэл аль аль талдаа мөхвөл энэ улс орон сөнөх нь тэр юм байгаа биз дээ. Ингэж л харах цаг иржээ. Тэгэхээр бид эх оронтой хүмүүс. Хөгжил цэцэглэлт өөд явцгааж байгаа. Энэ замд засч залруулах ажил байна. Үүний нэг нь төр засгийн бодит мэдээллийг ардаа хариуцлага хүлээсэн редакцитай, олон уншигч, захиалагч, үзэгчтэй, өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй мэдээллийн байгууллагууд л нийгэмд хүргэж чадна шүү гэдгийг хэлэх байна.

Онцлох нийтлэлүүд