ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2018.02.12 12:02

Оросын хөгжмийн нэрт зохиолч с.в Рахманиновын нэрэмжит залуу төгөлдөр хуурчдын олон улсын уралдаан болов

Оросын нэрт хөгжмийн зохиолч С.В Рахманиновын нэрэмжит залуу төгөлдөр хуурчдын Олон улсын анхдугаар уралдаан 2018 оны 2 дугаар сарын 2-ноос 8- ны өдрүүдэд Москва хотноо амжилттай явагдаж өндөрлөлөө. Москва хотын Засгийн газар, ОХУ-ын Соёлын яамны дэмжлэгтэйгээр Гнесины нэрэмжит Оросын хөгжмийн Академийн концертын их танхимд зохион байгуулагдсан анхдугаар уралдаанд АНУ, ИБУИНВУ, Сингапур, Монгол, БНХАУ, Болгар, БНСУ зэрэг 10 гаруй улс, Оросын өнцөг бүрээс ирсэн нийт 250 гаруй залуу төгөлдөр хуурчид авьяас билэг, ур чадвараа сорин өрсөлдөв.

Уралдаанд оролцогсод 10 нас хүртэлх, 11­-13 нас, 14-17 нас, 18-25 насны дөрвөн ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодруулсанаас хамгийн бага насны буюу 10 хүртэлх насны ангилалд оролцсон Монгол улсын Хөгжим бүжгийн коллежийн нэгдүгээр ангийн сурагч З.Аминэрдэнэ тусгай байрын шагнал хүртсэн байна. Тэрээр энэ ангилалд өрсөлдсөн хамгийн залуу төгөлдөр хуурч болохыг зохион байгуулагчдын зүгээс онцлон тэмдэглэж байв. Мөн энэ насны ангилалд өрсөлдсөн Хөгжим бүжгийн коллежийн гуравдугаар ангийн сурагч О.Нандин III байрны шагнал хүртсэн бахдам амжилт үзүүллээ.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Гнесины нэрэмжит Оросын хөгжмийн академийн концертын их танхимд болж шагнал авсан хүүхдүүдийг төлөөлж Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Амарсайхан оролцон, шагналыг гардан авлаа. Тэрээр уралдааныг зохион байгуулагчдад болон эцэг эхчүүд, уралдаанд оролцсон нийт төгөлдөр хуурчдад цаашдын ажил амьдрал, уран бүтээлд нь өндөр амжилтыг уралдаанд оролцсон монгол хүүхдүүд, Монгол Улсын ЭСЯ-ны зүгээс хүсэн ерөөж, та бүхний халуун дотно хүндэтгэл, шагналыг эх оронд нь гардуулах болно гэдгийг тодотгон хэлэв. Энэ жилийн уралдаан нь их хөгжмийн зохиолчийн мэндэлсэний 150 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлогтой байлаа.

Онцлох нийтлэлүүд